Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа тоносон дээрэмчдийн эсрэг тэмцдэггүй оюутнууд ус цацсан нэгнээ сургуулиас нь хөөлгөхийн тулд 15000-уулаа тэмцэж байна… || DNN.mn

МУИС-ийн оюутан Б.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт нийгмийн гол дүр байлаа. Түүний талаар амтай болгон дуугарав. Улсаа тонон дээрэмдсэн гишүүд, улс орны валютын нөөцийн шавхагдал… энэ тэр бол анхаарах сэдэв биш бололтой. Энд өмөөрөл байхгүй, зүгээр л монголчуудын, Монголын залуу үеийн хандлага, эрдэмтэн багш нарын эмгэнэлтэй дүр зураг, нийгмийг буруу тийш нь залж чадаж байгаа хүчний байгууллагын нүүр царай, энэ хэвээрээ бол үнэн шударга нийгмийн тухай яриад ч хэрэггүй юм.

Нийгмийн хамгийн мэдрэмжтэй масс бол аль ч улс оронд оюутнууд байдаг юм. Нийгмийн шинжтэй хувьсал өөрчлөлт бүрийн түрүүнд оюутнууд явдаг болохоор тэдэн рүү их анхаардаг. Энэ бол дэлхийн практик. Монгол Улсын эрх ашиг зөрчигдсөн өчнөөн буруу үйл явдал болж байна. Тэгвэл тэр бүгдэд ёстой ямар ч цочоогүй Монголын 100 мянга гаруй оюутан бий. Тэгсэн сая нэгнийхээ мууг үзэх үйлдэл дээр ямар айхавтар нэгдэж, хэдэн арван мянгаараа гарын үсэг зурна вэ. Бүр тэмцэж босох шинжтэй байна шүү.

Монголын оюутнууд ийм өчүүхэн байгаагүй юм. 1989 оны жагсаал цуглаан, ерэн оны ардчилсан хувьсгал Монголын оюутнуудын нуруун дээр хийгдсэнийг түүх гэрчилнэ. Сүүлд М.Энхсайханы Засгийн газрын үеийн сургалтын төлбөр, байрын үнийн дийлдэшгүй хөөрөгдлийн эсрэг Монголын оюутнууд бас их цочиж боссон. Тэр бол 1997 оны намар байлаа. Тэрхүү оюутны жагсаал тэмцлийн түүчээнд өнөөдөр Төрийн ордонд, Засгийн газар, Гадаадын элчин, томоохон компаниудын гол хүмүүс болчихсон байгаа нөхдүүд голлох үүрэгтэй оюутнууд байсныг санах хүн цөөн болжээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Их хурлын гишүүдээс цөөнгүй нь “Би нээрэн 1997 онд оюутны жагсаалыг зохион байгуулж байсан юм шүү” гэж хэлнэ. Үүнийг дурдсаны учир нь тэрнээс хойших 25 жилд Монголын оюутнуудын нийгмийн хариуцлага, мэдрэмж, идэвхтэй байх шинж чанар алга болсон. Зөвхөн амин хувийн эрх ашигтай, хэн нэгнээ доош нь хийх бүлэглэл дээр нэгдвэл нэгддэг, эс бөгөөс сошиал орчинд нэгнээ зүхэхээс өөр юмгүй масс болсон нь өнөөдрийн Б.Ариунзаяа дээр тод харагдлаа.

МУИС-ийн хуулийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт сууж байхдаа үеийнхнээсээ доромжилсон хандлага авсны хариуг нь бид харлаа, жигшлээ. Тийм үйлдэл хийхэд бэлэн хэдэн мянган охид хөвгүүд энэ олон их дээд сургууль дээр хөшилдөж байна. Б.Ариунзаяаг зүхэж суугаа арван хүн тутмын наймынх нь эрх дураараа охид нь цагаа тулбал Б.Ариунзаяагаас ч дор үйлдэл хийхэд бэлэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зүхэж коммент бичихийнхээ өмнө миний охиныг кофе шопт хэн нэгэн бүлэг охид харц, хандлагаар өдөж, улмаар өмнө маань сөхөрч суу гэвэл охин маань тэсч, тэвчиж чадах болов уу гэж бодох ёстой. Миний хувьд лав их зантай, эрх шар охиноо өөрийг нь доромжилсон хэнийг ч өршөөхгүй гэдгийг гадарлаж байна. Та нар ч эргэлзэх хэрэггүйд ээ, үүлэн сүүдэр тусчих вий гэтэл эрхлүүлдэг охин үр чинь энэ дэлхий дээр бүгд миний өмнө сөгдөх ёстой гэсэн шүү юм бодож яваа шүү. Яагаад гэвэл яг тэгж өсгөж байгаа учраас. Гэхдээ доромжлол хандлагыг тэсээд гарах тэвчээр хатуужил суулгаж чадсан бол танд талархъя. Өнгөрөөх зүйлийг өнгөрөөж, тэвчих газраа тэвчиж чадна гэдэг бол хүний маш том чанар. Бүр гайхамшигтай чанар ч байж магадгүй.

Гэхдээ хариуг нь барьдаг хүн болгож өсгөсөн байлаа ч бид шаналах хэрэггүй. Яагаад гэвэл бидний үр хүүхэд, ач зээ нар нэн шинэ үеийнхэн. Бүтэн жарандаа дайн байлдаан, өлсгөлөн гуйранчлал, үгүйрэл хоосрол, өлсөх цангах, өвдөж зовох, доромжлол дээрэнгүйлэл үзээгүй ард түмний хойч үе, үр сад учраас тэд тийм байх эрхтэй. Дийлэнх нь тийм л үрс өнөөдөр энэ хотод мянга мянгаараа хөшилдөж байна шүү дээ. “Энэ ямар увайгүй охин бэ” гээд зүхэж суугаа эцэг эхчүүд ээ, та нарын “Миний хүүхэд арай ч ингэхгүй ээ” гэж өөрийгөө тайтгаруулах чинь зөв. Гэхдээ энэ нь зөвхөн та өөрийгөө хуурсан тайтгарал гэдгийг ойлго. Тэрнээс өнөөдрийн амьдралын бодит үнэн бол хэний маань ч хүүхэд ууж байгаа кофегоо доромжлолын өөдөөс юу ч бодохгүй цацна. Энэ үнэнтэй ил биш ч гэсэн дотроо эвлэр. Дээр нь нэмж хэлэхэд, ямар ч хэрэг тарьсан эрх охиноо та хэнээс ч, юунаас ч өмөөрөх нь 200 дахин үнэн. Ийм л учраас хүний үр хүүхдийн талаар битгий дуугар. Хэн чинь хүүхдээ хүмүүжүүлж чадаж байгаа юм. Хүмүүжил төлөвшлийг цаг хугацаа харуулахаас биш өөр юу ч батлахгүй. Хаана юу хийж явааг нь мэдэхгүй өдөр олон шүү дээ…

Энд үр хүүхдээ хамгаалах нэг л асуудал бий. Эрх дураараа өссөн шинэ үеийнхнийг ашиглах амархан цаг үе ирчихэж. Үр хүүхдийг чинь ашиглаж байгаа тэр хэсэг бүлгийнхний эсрэг харин тэмц, эцэг эхчүүд ээ. Нэгхэн өдрийн өмнө нь та бид эмэгтэй хүүхдийг захирч зандарч, утсыг нь цохиж байгаа цагдаагийн дэслэгчийг харааж, зүхэж байгаагүй бил үү. Тэгсэн яагаад маргааш нь өмөөрч байсан өнөө охиноо хэдэн мянгаараа зүхэж сууна вэ. Монголчууд бид ийм өчүүхэн болчихсон байна. Кофе асгаж байгаа тэр бичлэг надад лав олдохгүй. Танд лав кафены эзэн өгөхгүй. Хохирогч охин тийм бичлэг хийж нийтийн сүлжээнд тавиагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгээд тэр бичлэгийг хэн гэгч нь гэрлийн хурдаар олж, хүчтэйгээр нийгмийн сүлжээнд цацаж, оюутнууд хэдэн мянгаараа, гэнэн тэнэг монголчууд хэдэн зуун мянгаараа “Ариунзаяа, аавтайгаа хамт пүү, паа” болов. Бүр аавтай нь хамт шүү.

Энэ бүгдийн учрыг одоо хэлээд өгье. Түүний аав өмгөөлөгч Г.Батбаяр бол тухайн үеийн ЭЦГ-ын дарга, удирдлагуудын зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, С нэртэй охиныг сайдынхаа эсрэг өдөөн турхирч байгаа утасны нууц бичлэгийг Монголын нийгэмд анх цацсан хүн юм. Санах хүмүүс нь санаж байгаа биз. Ингэж Монголын хүчний байгууллагын тодорхой, нэр нөлөө бүхий удирдлагуудын хорхойтой араанд зуугдсан өмгөөлөгч Г.Батбаярын охин юм аа, наад Ариунзаяа чинь. Шаардлагатай гэвэл Г.Батбаярын задалсан тэрхүү цагдаагийн хурандаа нарын ярианы нууц бичлэгийг сошиалд гаргаж тавьж болно. Өнөөдөр тэрхүү хурандаа нарын зарим нь Монголын онцгой үүрэгтэй агентлагийн даргын албыг хүртэл хашиж яваа. Хөөрхий муу Г.Батбаяр тухайн үедээ хэт амбицтай, ичих эмээх багатай явсан үе нь учраас өмгөөлөх эрхээ тэгсхийгээд хасуулсан даа. Түүний өмгөөллийн эрхийг хассан тухайд цөөнгүй хүмүүс шударга үнэний төлөө түүнийг Өмгөөлөгчдийн холбооноос хассан гэж бодож яваа. Үнэндээ хүчний байгууллагын урт, далд, хар гарын үйлчлэл хэрэгжсэн явдал юм. Ийм нарийн схемийг, бүр системийг Монголын улс төрийн дор хаяж 20 жилийн түүхийг мэдэх, хэн нь хэн бэ гэдгийг багцаалах хэдхэн сэтгүүлч, тэгээд хууль хүчнийхэн л гадарлана. Ингэж л хүчний байгууллагынхантай нүүр тулсан, хорхойтой араанд нь зуугдсан аав, охин хоёрын хувь заяа нийгэмд нүд үзүүрлэгдэн байна даа.

Жаахан хэрсүү байцгаа монголчууд аа. Энэ үгийг мөн ч олон удаа бичиж байна. Өнөөдөр таны гар утаснаасаа харж байгаа хувь хүнтэй холбоотой мэдээлэл бүхэн зорилтот, зорилготой, нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон, өчүүхэн муу эрх ашгууд байдаг юм. Тэдний эрх ашгийн золиос, гол дүр нь болоход та ч, таны үр хүүхэд ч бэлэн байгаа тийм цөвүүн цаг үе. Та бидний төсөөлөхөд ч бэрх технологиуд гар утсаар чинь дамжин ирж байна, ирэхээр бэлтгэгдэж байна. Шулуухан хэлэхэд, тэр бүх муу технологийн учрыг олно гэвэл танд бэрх. Түүнээс сэргийлэх, өөрийгөө авч гарах арга бол бий. Юунд ч дагаж далдганах хэрэггүй. Явж явж өөрийгөө, өөрийнхөө үр хүүхдийн эсрэг үйлдэл болно. Бүр эцэстээ өөрийн гэсэн үнэт зүйлгүй ч болж мэднэ.

Эцэст нь хэлэхэд, аливаа улс орны, нийгмийн оюун санааны оргил нь Их дээд сургууль, эрдэмтэн багш нар, судлаачид, судалгааны хүрээлэнгүүд байдаг. МУИС-ийн багш, академич, хуулийн салбарын хүндэт хүн С.Нарангэрэл гуай Б.Ариунзаяагийн талаар ярихдаа “Энэ хүүхдийг сургуулиас хасах асуудалд Үндсэн хууль ямар ч хамаагүй” гэж ард түмний нүдэн дээр хэллээ. Хэлэх үг олдсонгүй. Хуульчдаас асууя, “Үндсэн хуульд хамаарахгүй иргэн гэж байдаг юм уу” гэж. Энэ асуултад “Нарангэрэл багшийн зөв, Үндсэн хуульд хамаатахгүй иргэн хүн Монголд байна. Тэдний нэг нь Ариунзаяа” гэж байгаа хүн бий бол тэднийг “Монголоос зайл” гэж хэлье. Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, хэрэг бүртгэл ч гүйцэд хийгдээгүй, хүчний хэдэн хурандаагийн өс хонзонгийн золиос тэр оюутан охинд өнөөдөр хамгийн ойр, өмгөөлж хамгаалах хүмүүс бол найз нөхөд, сургуулийнх нь багш нар байсан байх. Гэвч түүний дотны хэдэн найз нь байдаг групптээ “Гутарч гундахгүй яваа шүү” гэдгээ илэрхийлэн хэдэн секундын бичлэг хийж оруулсан нь задрав. Найзууд нь нийгэмд цацаж хорлов. Бүтэн таван жил хууль эрх зүйн хичээл заасан багш нар нь түүнийг сургуулиас хөөж нийгэмд шившиглэв. Тэр охинд одоо хэн үлдэв, хурандаа нарын овоо хараанд муугаа үзэж яваа аав нь, төрүүлсэн эх хоёр нь л үлдсэн, монголчууд аа.

Гашуун үнэнийг хэлье, ийм хувь тавилан хэнийг, хэзээ ч хүлээж байхыг хэн ч мэдэхгүй. Б.Ариунзаяаг зүхэн шившиглэхэд хувь нэмрээ оруулж байгаа охин үртэй хүн бүрийг бурхан ивээг…

Б.Нямаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *