Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын анхны төсөл 2004 онд өргөн баригдахад та иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүн эгнээнд эсэргүүцэж жагсаж байсан хүн. Ер нь Оюу толгойн гэрээ ямар зам туулж батлагдсан юм бэ?
-Оюу толгойн гэрээний асуудал 2006 оны хоёрдугаар сараас эхлэн тавигдсан. М.Энхболдын Засгийн газар байгуулагдаж Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьсан.
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 тэрбум ам.доллар байсан. Иргэний хөдөлгөөнүүд үүнийг эсэргүүцэж гудамжинд жагсаж байв.
Мөн үүнтэй давхцуулаад Таван толгойн асуудлыг ч шаардаж байсан. Ард түмэн мартаагүй байх. Ард түмэн мартсан ч, түүх мартахгүй. Тэр үеийн сонины шарласан хуудсанд байгаа.
Ингээд 2006 оны хавар Засгийн газрыг тэргүүлж байсан нөхдүүд болоод УИХ-ын нөлөө бүхий гишүүд иргэний хөдөлгөөнүүдийн анхны шаардлагыг өөр тийш нь залаад аваад явчихсан. Энэ бол тусдаа асуудал. Мэдээж үүнийг “Айвенхоу Майнз”-ийн гар хөл болсон улс төрийн нөлөө бүхий нөхдүүд зохион байгуулсан байх. 2007 оны арваннэгдүгээр сард С.Баяр Ерөнхий сайд болсон. Ер нь түүний туйлын хүсэл нь ч Ерөнхий сайд болох. Тэрээр хүссэн албан тушаалаа авсан ч Оюу толгойн гэрээ, Таван толгойн асуудлыг шийдэхэд цаг хугацааны хувьд богинохон байсан. Гэхдээ Таван толгойг төрд авах ажлыг хийсэн. 2008 оны УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байсан учраас сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялах нь түүний гол зорилго байсан. Сонгуульд бохир аргаар ялсан. Долдугаар сарын 1-ний хэрэг болсон. Тайван жагсаалыг үймээн болгосон нь С.Баярын том алдаа болсон. Ингээд стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Ингэхдээ өөрийн үгнээс гарахгүй Сангийн сайдаар С.Баярцогтыг, Уул уурхай, Эрчим хүчний сайдаар Д.Зоригтыг, Байгаль орчны сайдаар Л.Гансүхийг тавьж тэдгээр нөхдүүдээр Оюу тогойн гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Эдгээр хүмүүс С.Баярын үгийг сөрөхгүй л дээ. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан батлуулах ажил руугаа орсон. М.Энхболдын Засгийн газрын үед өргөн баригдсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргүүлэн татаж авсан. Ингэхдээ 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай гэрээг 5.6 тэрбум ам.доллар болгож өсгөж оруулж ирсэн. Энэ нь богино хугацаанд болсон асуудал.
2007 оны өвөл Фрийландийн нэр хүнд нь гадна, дотно талд ч их унасан. Айвенхоу Майнз Фрийдландыг хүндэт ерөнхийлөгчөөр сонгоод оронд нь Жон Майкенд Монголд нэлээн удаан хугацаагаар оршин сууж, Оюу толгойн гэрээн дээр ажилласан. Энэ хугацаанд би тэр хүнтэй хоёр удаа уулзаж байсан. Нэгт нь өөрийнх нь хүсэлтээр уулзсан. Тэр үед иргэний хөдөлгөөнүүд Оюу толгойн гэрээг эсэргүүцэж гудамжинд жагсаж Айвенхоу Майнзын хувьцаа дэлхийн зах зээл дээр бараг өдөр бүр унаж байсан үе байсан. Ингээд Жон Майкл хувьцааны уналтад санаа зовж, нөгөө талаас нийт хувьцааны 19.9 хувийг хэн хэн авчихав гэдгийг их анхаарч байсан. 19.9 хувийн хувьцааны талаар маш өндөр мэдлэгтэй хүн авах шиг боллоо. 19.9 хувийг худалдаж аваад хувьцаа худалдан авах ажиллагаагаа зогсоосон. Монголын Засгийн газар үүнийг худалдаж авсан бол хуулийн дагуу эзэмших 34 хувь дээрээ 19.9 хувийг нэмээд Монголын төр дангаараа 54 хувийг нь эзэмших болж байна. Энэ нь бидэнд ямар ч ашиггүй. Үүнийг Монголын Засгийн газар зохион байгуулсан байх гэсэн хардалт байна” гээд тэрээр цааш нь “Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Москва руу хэд хэдэн удаа явсан. Голомтын Д.Баясгалан гадаад руу яваад 5, 6 сар болж байна” гэсэн. Энэ нь тэд асуудалд маш сайн судалгаатай ханддагийн жишээ. Мэдээлэл бол мэдлэгээс чухал гэдэг нь үүнээс харагдаж байна. Манайхан шиг судалгаагүй цээжний бангаар ярьдаг улсууд биш юм билээ. Монгол Улсын Засгийн газар тэднээр дамжуулж авч байгаа юм биш биз дээ гэж надаас асууж байсан. Би дотроо манай Засгийн газар тэгсэн бол мундаг байна л гэж бодож “19.9 хувийн хувьцааг хэн худалдаж авсныг хөрөнгийн биржээс мэдэж болдоггүй юм уу гэхэд 20 хувиас дооших хувьцаа эзэмшигчийг жижиг хувьцаа эзэмшигч гэж үзэж тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс зарладаггүй юм аа. Харин 20-иос дээш хувьцаа эзэмшигчийг зарладаг” гэхээр нь “19.9 хувийн хувьцааг хэдэн ам.доллараар худалдаж авах боломжтой вэ” гэхэд “500 сая ам.доллараар” гэсэн. Тэгэхээр нь би улс төр, нийгэм ийм тогтворгүй байгаа Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа юмуу. Хайгуулд зарцуулсан хөрөнгөө бизнесийнхээ алдагдалтай тооцоод Монголын төрөөс нэхэмжлэх юм уу, эсвэл хятадуудад зараад гарсан нь дээр юм биш үү” гэж түншиж асуухад тэрээр “Монголын төр засаг, улс төрчид хэзээ бидний үгийг сонсдог болно тэр болтол нь консервацид тавина. Энэ ордыг Монголын төрд буцааж өгөхгүй. Хятадад зарахгүй” гэж байсан. Би хариуд нь “Бүх нөхцөл нь бүрдсэн Оюу толгой шиг орд танайд 100 жилд ч дахиж олдохгүй гэж та үзэж байгаа юмуу” гэхэд толгой дохиж байж билээ.
-Оюу толгойн гэрээнд нааштай үр дүн гарч эхэллээ. Энэ бол үе үеийн Засгийн газрын тэргүүнүүдийн үүрэг байх, тийм үү?
-Ер нь Оюу толгойн гэрээг үе үеийн бүх Засгийн газар хамгаалдаг байсан шүү дээ. Энэ нь ч учир шалтгаантай юм билээ. С.Баяр Оюу толгойн гэрээг Монгол Улсад ашигтай бус хувь хүн өөртөө болон намдаа ашигтайгаар л хийсэн. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны дараа гэрээ батлагдсан. Гэрээг батлуулахад гэрээний төсөл дээр ҮАБ-аас зөвлөмж авсан байх ёстой. Ц.Элбэгдорж “Гурван сая Чингис урагшаа нэг алхлаа” гэж хэлж байсан. Түүний ингэж магтаж байсан гэрээ өнөөдөр ямар байгаа нь харагдаж байгаа. Харин С.Баяр “Оюу толгойн гэрээ батлагдсанаар Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ” гэсэн. Гэтэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох гэрээ нь өнөөдөр хүчингүй болж байх шиг байна. Ер нь С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын хооронд нэг тохиролцоо явагдсан юм шиг байгаа юм. С.Баяр болоод МАН эрх ашгаа Оюу толгойд шингээх. Харин Таван толгойд Ц.Элбэгдорж болоод АН эрх ашгийг шингээх тохиролцоо. Харамсалтай нь С.Баяр 2009 оны аравдугаар сард огцорч нэг тохиролцоо нь биелээгүй юм. Иргэний хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар Таван толгойг төрд авсан. С.Баяр өөрийнхөө зорилгыг биелүүлчихээд Ц.Элбэгдоржийн зорилгыг орхиод явсан. Ц.Элбэгдорж 2009-2017 он хүртэл Ерөнхийлөгч байхдаа Таван толгойн л асуудлыг ярьдаг байсныг ард түмэн мартаагүй байх. “Таван толгойд УИХ оролцох ёсгүй. Хоёр компанийн хоорондын асуудал. Шууд Засгийн газар шийдэх ёстой” гэдэг байсан шүү дээ. С.Баяр Оюу толгойн гэрээг УИХ-д ёс төдий танилцуулсан. УИХ ёс төдий танилцаад өнгөрсөн бол Сү.Батболдын Засгийн газар нь хувь нийлүүлэгчийн гэрээг УИХ-д танилцуулалгүй дангаар шийдсэн. Үүнээс харахад Оюу толгойн гэрээг дахин авч үзэх, хүчингүй болгох юм бол МАН, АН аль аль нь хүнд байдалд орж болно шүү дээ.
Оюу толгойн гэрээний ард их хэмжээний авлига явагдсан гэдэг нь одоо тодорхой болж байна. Тодорхой тоо ч яригддаг юм. Түүний хууль хяналтынхан бараг тогтоогоо биз дээ. 19.9 хувийн хувьцаа ч манай Оюу толгойн гэрээтэй холбогдсон улс төрийнхөн болон толгойлогч нартай ч холбоотой. Гэрээ батлагдсаны дараа Айвенхоу Майнзын хувьцааны үнэ өсөнгүүт тэд авсан хувьцаагаа зарж өндөр ашиг олж Английн Виржиний арал дахь оффшор бүсэд хадгалсныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн байх. С.Баярын Англи руу Элчин сайдаар явдаг шалтгаан үүнтэй ч, оффшор бүстэй ч холбоотой байж магадгүй.
-Гэхдээ Рио Тинто буулт хийж байгаа нь сайн хэрэг биз дээ?
-Рио Тинтогийн буулт хийсэн шинэ нөхцөл байдал нь Рио Тинто нэг их өгөөмөр загнаж байгаа юм биш. Монголчууд биднээс хулгайлсан (зальдсан) юмных нь хулгай нь баригдаад ирэнгүүт буцааж өгч байгаа юм. Саяхан сар хүрэхгүй хугацааны өмнө 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зээлийн 70 хувийг хүчингүй болгож, гурван жилд нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх санал тавьж байсан. түүнийг нь Ц.Нямдорж боломжийн санал хүлээж авах нь зөв гэсэн агуулгатай мэдээллийг хийж байгаа нь сэжигтэй санагдсан. Ер нь Оюу толгойн гэрээнд Рио Тинтод ашигтай Монголын төрд ашиггүй байх талд ганц Ц.Нямдорж гэлтгүй Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон АН-ын нөлөө бүхий нөхдүүдийн үүрэг оролцоо их шүү. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монголын төр 34 хувийг авах шаардлагагүй. Зарах хэрэгтэй байсан. Энэ гэрээ Монголд ашигтай” гэх зэргээр мэдэгдэж байсан мэдэгдлүүд, хэлж ярьж байсан үгээрээ нотлогддог.
Ер нь Монголын төр зээлээр хөрөнгө оруулалт хийж 34 хувийг эзэмших биш, үнэгүй авах ёстой байсан. Оюу толгойн орд газрын баялаг бол Үндсэн хуулиар баталгаажсан Монголын ард түмний өмч. Чиний хувийн өмчийн 0.7 га газар дээр –“Чи 34 хувийн хөрөнгө оруулалт хий. Би 64 хувьд нь хөрөнгө оруулалт хийгээд 10 давхар байшин бариад чи гурван давхрыг нь, би 7 давхрыг нь эзэмшинэ шүү” гэвэл чи зөвшөөрөх үү. Мэдээж “үгүй” л гэнэ биз дээ. Өөр нэг жишээ хэлэхэд, нэг нь өвөлжөөтэй нөгөөх нь өвөлжөөгүй хоёр малчин 500, 500 хоньтой гэж үзье. Өвөлжөөгүй малчин нь “Би танай өвөлжөөн дээр 1000 хонины хороо, саравч барья. Чи 34 хувийн хөрөнгөө гарга. Би 64 хувийн хөрөнгөө гаргая. Чи 34 хувьдаа тохирсон хонио саравчинд оруулна шүү” гэвэл тэр малчин зөвшөөрөх болов уу. Өвөлжөөний эзэн 340 хонио саравчинд оруулаад үлдсэн 160 хонио ямар хашаанд байлгах вэ.
Бүх нөхцөл нь бүрдсэн Оюу толгой шиг орд Рио Тинтод 100 жилд ч нэг удаа олдохгүй. Тэд үүнийгээ сайн мэдэж байгаа учраас хаяж явж чадахгүй. Хятадад зарахгүй. Тиймээс Засгийн газар Рио Тинтог өшөө сайн шахаж, хулгайлагдсан юмаа бүгдийг нь авах ёстой.
-Яагаад бүх нөхцөл нь бүрдсэн гэж?
-Учир нь дэлхийн зэсийн хэрэглээний 30-аад хувийг нь Хятадад ногдож байна. Оюу толгойн орд бол худалдан авагчдаа ойрхон ердөө хэдэн км-ийн цаана байна шүү дээ. Уул геологийн нөхцөл байдал нь тааламжтай. 100 жилээр тогтохгүй ашиглагдах арвин нөөцтэй.
Зэсээр тогтохгүй алтны өндөр агууламжтай. Угтаа монголчууд бид Эрдэнэтийн гэрээний туршлагатай улсууд. Бид энэ туршлагаа Оюу толгойд ашиглаж чадаагүй. Үүний шалтгаан нь эрх баригчдын хувийн ашиг сонирхол давамгайлсан. Эрдэнэтийн гэрээ эхний үедээ ашиггүй байсан. Энэ нь Монгол-ЗХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга Майдараас болсон юм. Тэр үеийн төв хороо, сайд нарын зөвлөл, олон улсын гэрээнд мөрдөгдөх зарчмуудад тулгуурлан аль аль талдаа ашигтай гэрээний төсөл хийсэн боловч Майдар ЗХУ-ын талын боловсруулсан нэг талын эрх ашгийг хангасан гэрээнд ЗХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын дарга гэдэг эрх мэдлээ ашиглаж ганцаарчлан Москвад гарын үсэг зурснаас танилцуулагдаагүй. Үүнээс болж ашиггүй хийгдсэн.
-Оюу толгойн гэрээ үргэлжилж байна. Бид хэдийгээр нэг алхам урагшилсан ч өөр анхаарах зүйл байгаа болов уу. Юунд анхаарах ёстой вэ?
-2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд баяжмалыг экспортод гаргаж эхэлсэн. Түүнээс хойш найман жил экспортолсон. Үүнээс олсон ашгийн 34 хувийг Монголын төр нөхөн тооцож авах ёстой. Мөн АМНАТ-ыг тооцож авах ёстой. Энэ хоёроор зогсохгүй татварын хуулиудыг үг, үсгийг нь зөрүүлж, мушгиж, зувчуулсан татваруудаа ч мөн олж авах ёстой. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Оюу толгойн татвартай холбогдсон хоёр тэрбум ам.долларын татварыг хүчингүй болгосон. Түүнийгээ ч олж авах ёстой. Энэ мэт олон асуудал бий. Тэр бүгдийг би яриад яах вэ. Толгойлогч нар мэдэж байгаа биз.
Нөгөө талаас Эрдэнэт шиг хот тосгон, үйлдвэр, соёлын барилга байгууламжууд барьдаггүй юм гэхэд монгол ажилчдын орон сууц, нийгмийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Тэд өнөөдөр ажилчдаа тал талаас хэдэн зуун км-ийн цаанаас 15 хоногоор ээлжлэн зөөж байна. Говьд орон сууц бариад уурхай ашиглагдаад дууссаны дараах асуудал хүндрэлтэй байгаа бол ажилчдынхаа цалин хөлсийг Рио Тинто өөрсдийнхөө гадаадаас авч ирж байгаа ажилчдынхаа түвшинд хүргэж цалингаа өгөх ёстой шүү дээ. Тэгвэл монгол ажилчид орон сууцныхаа асуудлыг өөрсдөө шийдчихнэ.
-Ер нь анхнаасаа Монголын Засгийн газар Оюу толгойг 100 хувь эзэмшиж, ашиглаж болохгүй байсан юм уу?
-Бид өөрсдөө ашиглах мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчин бол хангалттай бий. Тэр дундаа ил уурхайг сүүлийн 60 жил ашиглаж ажиллуулж хоёр дахь, гурав дахь үе нь ажиллаж байна. Харин далд уурхайн хувьд асуудал бий. Монгол Улс 1960 оноос хойш далд уурхайн инженер техникийн ажилчид бэлдээгүй. Оросууд ч далд уурхайн инженер техникийн ажилтнууд бэлдэж, сургах сонирхолгүй байсан. Хөрөнгө мөнгөний бэрхшээл байгаа. Гэхдээ дэлхийгээр нэг мөнгө байна шүү дээ. Тэр мөнгийг олж авах нь өөрөө менежмэнтийн л асуудал. Зөвхөн ганцхан жишээ дурдахад, гадны өндөр түвшний төсөл боловсруулдаг компаниудад төлбөрийг нь төлж хөрөнгө босгож болно. Нэгэнт хөрөнгө босоод ирвэл далд уурхайн менежерүүд, менежмэнтүүд, инженер техникийн ажилчдыг өндөр цалин хөлсөөр ажиллуулж болно. Тэд дуртайяа ажиллана. Нэгэнт мөнгөтэй юм чинь техник технологийг дэлхийн аль ч улсаас зах зээлийнх нь үнээр худалдаж авч болно. Оюу толгойн далд уурхайд ашиглаж байгаа техник технологи ганц Рио Тинтогийн өмч биш. Хэрвээ ингэсэн бол бид Рио Тинтод 64 хувиа өгөх ямар ч шаардлагагүй. Өнөөдрийнх шиг ийм хэл ам ч гарахгүй. Өдийд Оюу толгойн орд газар ашиглалтад орчихсон үр ашгаа өгөөд явж байгаа шүү дээ.