Байгалийн хамгийн гайхамшигт улирал нь намар. Намар цаг цаанаа л хүний сэтгэлийг тайвшруулж, юм бүхэн элбэг дэлбэгээр дүүрдэг. Хүмүүс ирээдүйн амьдралаа гэрэл гэгээтэйгээр төсөөлөн бодож, ер бусын эрч хүчийг олж авдаг сайхан улирал. Чухам тэрхүү эрч хүчийг намрын шаргал ой, хээрийн салхи, хөдөө ахуйгаас олж авах боломжтой. Ийм нэгэн энергиэр бие, сэтгэлээ цэнэглэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан Хэнтий нурууны урд хэсгийг үргэлжлэн сунгах Өлгий шатан хэмээх буйдхан нэгэн тосгоныг зорилоо. Хүмүүсийн сайн мэддэгээр Төв аймгийн Батсүмбэр сумаас хойш гуч гаруй километрийн зайд орших Өлгий шатанд нагац ах маань үхэр сүргээ хариулан аж төрдөг. Өнөө жилийн намар манай улсын нийт нутгаар цас олон жилийн дунджаас их хэр нь, эрт оржээ. Энэ сарын эхээр орсон их цас хайлах шинжгүй, өвлийн сар гарсан мэт л цавцайна. Уг нь намрын дунд сар, мал тараглаж, хөдөө айл сүү, саалиар бялхаж, тос даасан бор ааруул, нэрмэлийн үнэр Монгол гэрээс сэнхийдэг сэн. Хөдөө ахынх маань яг ийм л байгаа хэмээн бодсоор Толгойтын баруун салаагаар Ар гүнтийн даваа өөд өгслөө. Давааны замын хоёр талаар шигүү ургасан нарс модтой.
-АР ГҮНТИЙН ДАВААГААР ХЭЗЭЭД Ч ЯВСАН САЙХАН-
Зун, намартаа үүгээр явбал төрөл бүрийн жимс, жимсгэнэ түүж, цэцэг навчны үнэрт цохиулна. Харин өвөл нь засмал зам шиг цастай харгуйгаар ан, амьтны мөр сонирхон харж, өвлийн сэнгэнэсэн салхиар уушгиа дүүргэн зорчдог билээ. Биднийг явсан өдөр бударсан их цас яах ийх зуургүй малгайлан дарж байлаа. Ийм даваа өөд тоноглолтой том жийп явдгаас биш жижиг тэрэг явах нь ховор. Гэвч бид засмал замын тэрэг гэгдэх “приус-20” хөлөглөн явсан нь бас л их зориг шүү. Төмөр хүлгийнхээ цахилгаан моторыг салгаж, бензин хөдөлгүүрээр нь зүтгүүлсэнд шавартай давааг шаналгаагүй л давж орхив. Цааш явсаар Гүнтийн даваагаар давсан шинэхэн засмал замтай нийлж, хуучин Партизаны сангийн аж ахуй руу давхив. Үүнээс Батсүмбэр хүртэлх 40 гаруй километр засмал замаар явна. Ийн давхисаар Мандал өнгөрч, цааш Шинэбулагийн даваа өөд өгслөө. Давааны ар цас багатай ч шавар ихтэй байв. Бас л жижиг тэрэг явахад хэцүүхэн нухчаатай аж. Харин давааны өвөрт цас их унажээ. Энэ даваанаас цааш, Хараа голын бэлчир харагдана. Хараа голынхоо хөвөөгөөр урсгал ус сөрөн давхисаар Өлгий шатан буюу “95” дугаар зөрлөг хүрлээ.
-АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ, СПОРТЫН МАСТЕР Д.БЯМБАХАМБЫНХ-
Сумын төвөөсөө холгүй ч өндөр, модтой уулсаар хүрээлэгдсэн учир хүний хөл хөдөлгөөн багатай суурин юм. Хаашаа л харна өндөр уулс, өргөн гол, шигүү ойтой энэхүү нутгийг намрын улирал бүр ч үзэсгэлэнт төгөлдөр харагдуулах аж. Манай нагацынх Хараа голоос холгүйхэн орших намаржаандаа буусан байлаа. Биднийг очиход гэрийн эзэн хониндоо явчихсан, бэргэн эгч маань гэр зуурын ажлаа хийж байв. Нагац маань уг нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул. Хэдэн жилийн өмнө мал хуугаа туусаар төв суурин газар руу хэдэн хүүхдүүдээ бараадан ойртсон нь энэ билээ. Нутаг усандаа малч ухаанаараа гайхагдаж, адуу, эмгэг сургахдаа шагшигдсан аймгийн алдарч уяач, спортын мастер Д.Бямбахамба хэмээх нас тогтсон эл эрхэм миний нагац болдог юм. Эднийх 500 гаруй бог, 100 гаруй бодоо өнөө жилийн өвөл эсэн мэнд онд оруулчих санаатай хэрдээ л малчин хүний ухаанаар зүтгэнэ. Гэхдээ намрын дунд сард орсон цас өдий болтол хайлаагүйн дээр өдөр бүр нэмж цас дарсаар бог малын идэш муудсан гэнэ. Хэдий хангай газар ч өнөө жилийн зун гантай, хур бороо ороогүй болохоор өвсний шим, гарц тийм ч сайн биш байжээ. Харин намар нь бороо орж, хэдэн мал нь бөвийтөл бээрч мөн л төдийлөн тарга авч чадаагүй байна. Тийм болохоор ирэх өвөл үнэхээр хүндхэн өнгөрнөө гэдгээ арга ядсан харцаар ярьж суулаа. Өлгий шатанд зун, намартаа ийн өнгөрч буй болохоор намрын хадлангаа нутгаасаа хойш 20 гаруй километрт орших Шар хадны амнаас хаджээ. Хорь гаруй машин өвс, өвөлжөөндөө булгасан гэнэ. Гэхдээ ийм хэмжээний өвс энэ өвөл хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ хангай газар болохоор арга нь олдох байлгүй хэмээн Бямбахамба гуай хэлж байв. Шөнө гийчилсэн бид агаарт цохиулсан уу, аян замын ядаргаа болсон уу намт унтаж орхив. Үүр цүүрээр нэгэн уянгалаг чимээ намайг сэрээлээ. Анх сонссон дариудаа юуны дуу болохыг нь мэдээгүй ч хэд хэд дуугарсных нь дараа буга урамдаж байгааг нь анзаарав. Бугын урамдах дуу ойн хусыг модон нидрүүлгээр хөрөөдөж байгаа аятай л сонсогдоно. Их л өвөрмөц сонин дуу л даа. Буга намрын эхэн сараар урамдаж эхэлнэ. Намрын дунд сараар бугын урамдах чимээ цөөр ч, аниргүйтдэг билээ. Уулс нурууд дамнуулан урамдахыг нь, чөмгөө ус болтол цомбон туурайгаараа газар бөмбөрдөн согоо хөөн давхихыг нь, тэнхээ тамираа баран багтран хөөс сахруулан тэмцэн мөргөлдөхийг нь харах ч сүрдмээр сүрлэг амьтан. Яах аргагүй тэнгэрийн амьтан лусын хөлөг.
-БОР ГӨРӨӨС ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД ТАРГАЛЖ, ТУРДАГГҮЙ АМЬТАН-
Өглөөг бугын урамдах дуу сонсож, шинэхэн өрөмтэй боорцог, хийцтэй цай ууж угтлаа. “Алсын анирхан уулс дундаа, агаарын ариухан нь хөдөө юм аа хө, Ажил хийж, амьдран суухад, айдаа сайхан нутаг юм аа хө” хэмээн дуулдаг шигээ үнэхээр л амар, амгалан өглөөг угтаж байгаа юм шүү. Гэтэл хотод өглөөг хорт утаанд хоолойгоо хорсгож, чихэнд чийртэй дуу чимээн дунд угтдаг сан. Өдөр бэлчээрлэсэн хонины араас бидний дөрвөн нөхөд мордлоо. Энэ өдөр бас л цас бударсаар. Намаржаанаас хойхон орших Бөөрөгийн ам өгсөн явтал гөрөөсний шинэхэн хэвтэртээ таарав. Хэвтрээс баруун зүгт явсан мөрөөр нь хөөтөл модтой энгэрийн торлогон дотор хоёр гөрөөс байх нь харагдлаа. Бид ч наанаас нь чимээ гаргалгүй ойртож, зураг хөргийг нь авчих санаатай дөхтөл яах ийхийн завдалгүй анир авсан бололтой үргэн харайв. Хоёулаа эвэртэй байхыг бодоход гур бололтой. Холоос ч гэсэн зургийг нь авч чадаагүйдээ амаа барьж байлаа. Энэ амьтан жилийн дөрвөн улиралд сүрхий таргалаад, тураад байдаггүй. Ёстой л жингээ жигдхэн барьчихдаг гоёмсог амьтан л даа. Гэхдээ дуу нь тийм ч сайхан биш. Гуцаж буй нохой шиг, гуаглаж буй хэрээ шиг их сонин дуутай амьтан. Хавар яргуй идсэн бор гөрөөсний цус уух сайн хэмээн хүмүүс ярьдаг. Гэвч энэхүү ташаа мэдээлэл нь худлаа гэдгийг мэргэжлийн эмч нар баталдаг аж. Учир нь зэрлэг амьтны цусанд агуулагдах нян бактери хүний биед онцын сайн нөлөө үзүүлэхгүй хэр нь янз бүрийн халдварт өвчин авах эрсдэлтэй байдаг гэнэ. Иймд хаврын яргуй идсэн гөрөөсний цус уухгүй байхыг сануулдаг байна. Хоёр гур хэдхэн хариагаад ойн гүн рүү орж бараа нь тасарлаа. Бидэнтэй цуг явсан нутгийн малчин залуу Б.Мөнх-Эрдэнэ нэг өдөр хонинд явж байгаад дөрвөн гөрөөстэй таарчээ. Ан харсан эр хүн яаж зүгээр байхав. Гэхдээ мань эр тухайн үед буугүй явж л дээ. Харин арван алд суран бугуйл мөрлөчихсөн явж. Ингээд хурдхан шиг бугуйлаа эвхэж, урд дуур нь үргэн гарсан дөрвөн гөрөөс рүү шиджээ. Адуу, мал бугуйлдаж байснаас биш ан амьтан руу шидэж үзээгүй болохоор эвгүй л юм билээ хэмээн ярьж байв. Ингээд мань эрийн шидсэн бугуйлд бор гөрөөсний нарийхан хүзүү орсон байна. Хүний гарт орсон гөрөөс ийш тийшээ цовхчин тийчлэхээс өөр эсэргүүцэл эс үзүүлэх билээ. Бугуйлаа татаж, гөрөөсний зөөлөн арьсанд хүрч, ойроос амьсгааг нь сонсоход их сонин мэдрэмж төрдөг юм билээ хэмээн хэлж байна. Бор гөрөөс бугуйлдаад зогсохгүй түүнтэй сэлфий хийсэн гэдгээ баталж, гар утсан дээрх зургаа харууллаа. Нээрээ ч энэхүү түүх үнэн ажээ.
Намар оройхон морьтой уул, хангайгаар явж, ан, амьтны мөр мөшгөж, барааг нь харах шиг сайхан зүйл үгүй. Хамт явсан нутгийн малчин залуугаас “Үүгээр зэрлэг гахай бий юу” хэмээн асуутал “Тэр амьтан чинь үүгээр элбэг шүү. Зэрлэг гахайны зураг, дүрс бичлэг хийх гэсэн телевизийн улсууд өнгөрсөн жил манайд ирсэн юм. Би тэр хүмүүст газарчилсан. Манай намаржааны хойд модтой уулаар гахай элбэг л дээ. Намар өдийд зэрлэг гахай хуяглачихсан байдаг юм билээ. Телевизийн хүмүүсийг дагуулсаар ойн гүн рүү ортол гахайны мөртэй таарсан. Мөрөөр нь хөөж явсаар гахайн сүрэгтэй таарсан шүү. Гахай, Хандгай зэрэг амьтад ойн хамгийн бартаа ихтэй, шигүү модтой газар идээшилдэг. Телевизийн хүмүүст сүрэг гахай харуулсныхаа шанд сүлжээ сайн барьдаг гар утастай болсон шүү” хэмээх дээлнийхээ энгэрээс сүрхий том хар утас гарган харууллаа. Ууланд дандаа эрчүүд яваа болохоор бидний ярих сэдэв ан, амьтны тухай байв. Ийн хоорондоо ярьж явсаар үд өнгөрч гэрийн зүг мориныхоо амыг эргүүллээ. Өвөл хаяанд ирсэн гэсэн шиг намрын орой басхүү хүйтэн хонож байна лээ. Өглөө бас л цас хялмаалсаар байв. Өлгий шатангийн намаржаа нутагт өвөл болжээ л гэж бодохоор. Удахгүй өвлийн сар гарна. Цас хайлахгүй, өдөр бүр хялмаалан нэмсээр байвал, өнөө жилийн өвөл ч хатуухан өнгөрч магадгүй болж. Малчид хэдэн малаа махалж, худалдаалъя гэсэн ч үнэд хүрэхгүй хэмээн ярьж байна. Тэрний оронд хэдэн малаа зовлогоор нь байлгасаар хавартай золгох ажээ.