Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улааныг үзэж урвадаг эрх баригчдын өмнөөс ард түмэн ичиж байна DNN.mn

Өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдыг аялдан дагах, зусардах гэсэн санааг монголчууд “Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах” хэмээх үгээр илэрхийлсэн байдаг. Тэгвэл өнөөгийн эрх баригчдад энэ үг жинхэнэ утгаараа таарч байна. Энэ жил тохиож байгаа Халх голын ялалтын 85 жилийн ойг угтаж, бараг хагас жилийн туршид монголчуудын заналт дайсан нь Япон улс мэтээр суртал ухуулга хийв. Монгол Улсад ОХУ-ын ерөнхийлөгчийг урьж авч ирэхийн тулд л энэ бүгдийг хийлээ. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэн жилүүдэд Япон улс л тусламжийн гараа сунгаагүй бол бид балрах байсан. ЗХУ тарж эдийн засгаа зуун хувь тэднээс хараат байсан улс ёстой үнсэнд хаясан шалз гэдэг болдог юм байгаа биз дээ. Тэд туслаагүй бол нилээд зовж байж ард нь гарах байсан. Одоо ч гэсэн найрамдалт улсын харилцаагаар манай олон иргэд тус улсад ажиллаж амьдарч, суралцаж байгаа. Түүхийн бодит үнэнээс гажууд суртал ухуулгаас нь болж тэднийхээ өмнөөс яс хавталзах шиг болж байна. Харь улсад эрдмийн мөр хөөж, амьдралаа босгож яваа тэднийг хавчин гадуурхаад эхэлвэл хэрхэх билээ. Халх голын дайн бол мэдээж япончуудын хувьд эмзэг сэдэв байж таарна. Хүн ёсны үүднээс ч гэсэн бусдын эмзэг сэдвийг уулзах болгондоо хөндөөд байх нь утгагүй. Түүн шиг хагас жил орчим эл асуудлыг хөндсөн нь саяхан ирэх гэж байсан Япон улсын ерөнхий сайдын айлчлал цуцлагдахад ч хүргэсэн байж магадгүй юм. Мэдээж наанаа улс төрийн болоод эх оронд нь болсон газар хөдлөлттэй холбоотой гэж байгаа ч цаана нь ямар асуудал байгааг бид мэдэхгүй шүү дээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа тун амжилттай, чамбай явж ирсэн гэдгээрээ бид хөөрцгөлөн цээжээ дэлдсээр ирсэн. Дэлхийн том гүрнүүдийн удирдагч нар манай улсад албан ёсны айлчлал хийж, манайхан ч гэсэн гуравдагч хөршийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж буй тухайгаа гайхуулсаар байв. Өнгөрсөн 2022 онд Канад улсын Гадаад хэргийн яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп, Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зэрэг хүмүүс манай улсад ирсэн. Тэгвэл ноднин жил Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис, АНУ-ын Элчин сайд Виктория Нуланд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Блинкен нарын томчууд манай улсыг зорин ирж, манай ардчиллыг дэмжиж байгаагаа баталж, цаашдын хамтын ажиллагаа болоод томоохон төсөл хөтөлбөрүүд дээр туслахаа илэрхийлцгээж байлаа. Зөрөөд манай төрийн гурван өндөрлөг ч гэсэн олон улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн. Энэ олон айлчлалаар бид бүхэн улс төрийн олон тулгуурт бодлого, гуравдагч хөрш гэдгээ л ярьцгааж, бараг бүгдтэй нь газрын ховор элемент, эрчим хүч, уран, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлэхээр боллоо гэцгээсэн. Гэтэл дайн өдөөж хөрш орон луугаа довтолгож, Гаагийн шүүхээс дайны гэмт хэрэгтэн, хүүхдийн хулгайч гэж зарласан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг урьж айлчллуулсан нь дээрх бүх амжилтаа үгүй хийлээ. Гаагийн шүүхийн дүрмээр гишүүн орнууд нь гэмт хэрэгтнээр зарласан хүнийг шууд баривчилж тушаах үүрэгтэй байдаг. Гэвч бид хэдийгээр Гаагийн шүүхийн гишүүн орон ч тэгэх зүрх зориг бас хуулийн заалт ч тохирохгүй байсан. Гэрээгээ зөрчих болбол баривчилж болохгүй гэсэн Гаагийн шүүхийн заалт байдаг аж. Төрт ёстой, тусгаар тогтносон улс учраас хэнийг урьж, хэнийг хүлээн авахаа бид өөрсдөө шийдэх ч дэлхий даяараа дайны гэмт хэрэгтэн гээд зарласан хүнийг урих нь зөөлхөн хэлэхэд юм мэдэхгүй гэнэн, хатуухан хэлэхэд бодлогогүй улсаа хорлосон асуудал байв. Хойд хөршийн тэргүүний айлчлалыг эсэргүүцсэн зарим иргэдийг хорьж саатуулсан асуудал гарсан. Үнэхээр ардчилсан орон л юм бол дэмжсэн нь эсэргүүцсэнтэйгээ хамт байж байх ёстой байлаа. Үүнээс үүдэж олон улсад манай орны нэр хүнд шууд унаж ардчилал байхгүй гэдгээ харуулчихлаа. Учир нь дэлхий нийтээрээ тус айлчлалыг сонжсон, гайхсан, цочирдсон, бас дургуйцэн харж байсан.

Гаднынхан уг нь олон жил биднийг эрчим хүчний хараат байдлаас чинь гаргаад өгье. Түлш, шатахууны асуудлыг чинь хамтраад шийдье. Уул уурхайн салбарт чинь хамтарч ажиллая гэж гуйсан. Тэд биднийг ардчиллын баян бүрд гэж итгэсэндээ л тэгдэг байв. Бид ч болно, бүтнэ гэдэг ч нидэр дээрээ байнга худлаа хэлж, зохих хуулиуддаа байнга өөрчлөлт хийж, гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, улмаар хойд хөршөөсөө ам асуусаар ирсэн. Энэ нь эргээд биднийг худалч, хэлсэн ярьсандаа байдаггүй гэх ойлголтыг гадныханд өгсөн. Одоо энэ бүхнээ Оростой хийнэ гэж тохирч байх шив дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр хэлсэн үгэндээ “ОХУ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх их үйлсэд манлайлал үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд хэлж. Үүнийг нь дээр дооргүй магтан сайшаагаад сүйд байна. Тойруу утгаар өдүүлсэн дайнаа зогсоогооч ээ гэсэн юм байх. Харамсалтай нь өнөөхөд нь ингэж ойлгоод, тэгж энхтайванд манлайлах цаг харамсалтай нь бараг үлдээгүй дээ. Дэлхий нийт энхтайванд манлайлна гэнэ гээд өдүүлсэн асуудлыг нь мартаад явчихдаг бидэн шиг биш шүү дээ. Шийтгэл хүлээлгэж заавал дайны төлбөр төлүүлнэ. Ойрын хэдэн арван жилдээ л лав дэлхийг манлайлах байтугай оршин тогтнож байвал дээдийн заяа болно. Нээрэн манай ерөнхийлөгч Францад очсоноо санаж байгаа болов уу. Бараг Напелоноосоо ч илүү хүндэтгэж байв даа францууд. Тэдэнтэй эргээд уулзах нүүр түүнд үлдсэн болов уу, юу бодож байдаг бол.

Ер нь явж явж Оросыг дагана гэж шийдээд, алив бүх асуудлаа тэднээс асуугаад, стратегийн бүхий л зүйлээрээ хараат байхыг хүсээд байгаа нь ард түмний хүсэл зориг биш. Гагцхүү төрийн эрх барьж байгаа өнөөгийн нам, тэдний эрх баригчдын хүсэл сонирхол гэдгийг л хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш бүх монголчууд бусадтай эрх тэгш харилцаатай, хэнийг ч дээрэлхдэггүй, бас хэнээр ч дээрэлхүүлэхгүй байхыг хүсч байгаа. Мөн бусадтай л адилхан ажиллаж, хөдөлмөрлөж, түүнийгээ зохих түвшинд үнэлүүлэхийг эрмэлздэг билээ. Харин ингэж улааныг үзээд урваж, шарваад байгаа эрх баригчдаасаа өнөөдөр ард түмэн ичиж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

One reply on “Улааныг үзэж урвадаг эрх баригчдын өмнөөс ард түмэн ичиж байна DNN.mn”

Т.Дарханхөвгөл гэгч миний дүү. Энд Орос юмуу, Өрнөдийн юм уу. Аль нэг талд нь орох асуудал ярихгүй. Зүгээр л хөрш хоёр оронтойгоо хэмжээгээ мэдэж л харилцах тухай юм. Монголын төр Халх голын хамтын ялалтын ойд урьдчихаад баривчлана гэдэг нь логикгүй тэнэглэл. Логикгүй ярил даа. Хэрэв зээ Путиныг баривчилсан гэж мөрөөдье. Түүний дараа ОХУ-аас Монгол Улсын эсрэг асар том санкц үзүүлбэл, үүний хариуцлагыг хэн үүрэх юм бэ? Хаагын шүүх үү. Зүгээр л энгийн зүйлийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тиймээс улаан хувьсгалч царайлах хэрэггүй. Аль улсад өөрийн бүрэн эрх, үндэсни язгуур эрх ашиг гэж юм байдаг юм. Хаагын шүүх аль нэг улсад тушааж зааварладаг гэж ийм тэнэглэлийг чи хаанаас үзэж харж, сонссон гоогор вэ? Хаана, хэзээ, аль гуравдагч хөршүүд Монголын түлш шатахуун, эрчим хүчний асуудлыг нь шийдэж өгье гэж унгас алдсан юм бэ дээ. Битгий ингэж худлаа чалчиж бай дүү минь. Чамайг шүүмжилбэл ч маш их юм байна даана болих уу даа. Зүгээр л цагийн гарц юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *