Цөмийн физикч А.Оюунчимэгтэй ярилцлаа.
нийгмийнхэн уран олборлож болохгүй, шар нунтаг гэж аюултай эд бий гэсэн мэдээллийг
хүчтэй цацдаг. Мэргэжлийн хүний үгийг сонсмоор байна. Шар нунтаг тийм аюултай эд
үү?
-Манай улсын хувьд шар нунтагийг 120 метрийн гүнд уусган баяжуулах
аргаар авах тухай ярьж байна л даа. Орчин үеийн дэвшилтэт технологиор газрын хөрсөн
дээр олборлоно. Ураны хүдрийн хэрэгтэй хэсгийг ялгаж авсныг л шар нунтаг гээд байгаа
юм. Ялгаж аваад экспортод гаргана гэсэн яриа явж байгаа. Шар нунтаг аюултай гээд байгаа нь технологитой
холбоотой. Хорь, гучаад оны газрын хөрсөн дээр олборлож байсан хуучны аргын талаар
жишээ, баримт дурдаж ярих хүмүүс олон байдаг. Гэтэл өнөөдөр технологи асар өндөр
түвшинд хүрсэн. Шар нунтаг хүн, амьтныг хордуулдаг гэсэн яриа огт үндэслэлгүй, хар
төдий л зүйл. Ураныг аяганд хийгээд дээд талд нь бичгийн цаас тавьчихад л хор нөлөө
үзүүлэхээргүй сул цацраг ялгаруулдаг. Сая физикчид Дорноговийн өндөр цацрагтай гээд
байгаа газар тугал 25-аас дээш жил хөдөлгөөнгүй
хэвтэж байж хордлого авна, яг тэр шорооноос 500 кг-ыг идэж байж хордоно гэсэн
тооцоог гаргасан. Энэ тооцоог цөмийн физикийн профессор Хүүхэнхүү гаргасан байгаа.
-Ураны
хор хохирол яг хэдийд нь гарах эрсдэлтэй вэ?
-Задралын үедээ л гардаг. Задралын үедээ гарахдаа өнөөдөр хордоод маргааш нь илрээд эхэлдэггүй.
Нэг, хоёр, тав, зургаан жилдээ ч гарахгүй.
Хорь, гуч, дөчин жилийн турш эсийн түвшинд очиж үйлчилдэг онцлогтой. Тэгэхээр яг өнөөдөр, эсвэл ойрын үед шар нунтагаас
болж ингэж хохирлоо гэсэн, хордлоо гэсэн баримт дэлгэж чадахгүй гэсэн үг.
Гамма, бетта цацраг урвалд орсныхоо дараа л хүнд нөлөөлдөг. Дахин
хэлье. Өнөөдөр манайх шар нунтагийг ялгаж
аваад урвалд оруулаагүй. Тэгэхээр уран ингэж нөлөөллөө гэж ярих нь ор үндэсгүй зүйл.
Ялгаж аваад экспортод гаргах тухай болохоос ашиглаж урвалд оруулах асуудал огт яригдаагүй.
Атомын цахилгаан станц, цөмийн зэвсэг үйлдвэрлэлийн хувьд бол өөр асуудал. Харин бид түлж байгаа нүүрснээсээ болгоомжлох
хэрэгтэй.
-Яагаад?
-Нүүрс гэхэд л байгаль дээр байхдаа 27 хувийн цацрагтай. Түлэхээр
цацраг нь 50-60 хувь болчихдог. Гэтэл нүүрсийг хүн бүр хэрэглэдэг. Харин шар нунтагийг шууд гадагш нь гаргана гэж байгаа. Зөвхөн түүхий эд маягаар хэрэгцээтэй газар нь
экспортод гаргах л асуудал яригдаж байна. Зүгээр байсан нүүрсийг шатаагаад ирэхээр
урвалд орж радиац нь ихсээд явчихдаг. Ийм радиацтай дулааны станц Улаанбаатарт нэг
биш ажиллаж байна шүү дээ.
-Радиаци
гэдгээ тодруулаач?
– Ураны задрал явагдаад хор нь гарч байгааг радиаци гээд байгаа юм. Гэрт нүүрс түлэхээр муухай
үнэртдэг нь радиацийн нөлөөлөл. Урвалд ороод гадна тийшээ тэлж байгаагийн илрэл.
-Ураны
зуу гаруй лиценз байна, энд тэнд том, жижиг компаниуд олборлоод эхэлбэл хяналт сулраад
эрсдэл гарах вий гэсэн болгоомжлол байдаг?
-Ураныг энд тэндгүй олборлоно гэж байхгүй. Зуу гаруй лиценз бий гэж ярьдаг ч тэр болгоныг ашиглаад явах чадалтай, олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн улс гүрэн тийм ч олон биш. Дэлхийн том компаниудыг манайтай
хамтарч байгаа Франц тэргүүлдэг. Орос байна. Японы хувьд технологийг нь ашигладаг л улс.
-Ураны
хор хөнөөл өчнөөн жилийн дараа гардаг гэж та түрүүн ярилаа. Тэгэхээр Улаанбадрахад
ураны хайгуулаас болж тугал үхлээ, гажигтай
төл гарлаа гэсэн мэдээллүүд бодитой тайлбар биш гэсэн үг үү?
-Биш. Таны асуултад хариулахын өмнө нэг жишээ хэлье. Би саяханТөв
аймгийн Баян суманд очоод ирлээ. Тэнд газрын тос, нефтийн хайгуул явагдаж байна.
Төмрийн хүдрийн уурхайн олборлолт хийгдэж байна. Алт олборлож байна. Гэтэл Баян
суманд яг Улаанбадрахынх шиг урд хоёр хөл
нь богинохон, үс нь халцарсан төл гарчихаж. Үнэхээр ураны хайгуулаас болж төл гажигтай гарсан юм бол Баян суманд яагаад ийм төл гарч эхлэв гэдэг
асуулт гарч ирж байгаа биз.
-Тэгээд
шалтгаан нь юу байж таарах вэ?
-Ямар ч шалтгаан байж болно. Химийн элементийн урвал байхыг үгүйсгэхгүй. Газрын доорх
химийн элементүүд дээшээ гарч агаарт урвалд
орж, усанд тархсан байж магадгүй. Тийм усыг
уусан малд элдэв шинж ажиглагдаад байгаа ч юм билүү. Сэжиглэж болох өөр нэг таамаг
бол вакцин. Малчид өөрсдөө ярьж байна лээ.
Сая шүлхий гарсны дараа малыг вакцинд хамруулсан даа. Тарьсны дараа төлөө гаргаж
чадахгүй, төл нь хөл дээрээ босч чадахгүй байна гэсэн мэдээллийг малчид бидэнд өгсөн.
Тэгэхээр гажигтай төлийн шалтгаан Улаанбадрахын уран, “Арева” компани биш болж таарч байна. Өөр газар ч ийм асуудал
гарч байгаа учраас судалгаа явуулах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс шалтгааныг нь тодруулах
ёстой. Ивомек гэдэг тариаг малчид малаа тэнхрүүлэх гэж тарьдаг. Энэ тариаг тарьснаас
хойш мал төл хаяад байгаа гэж ярих малчидтай олон удаа таарч байсан. Тэгэхээр манайд
орж ирж байгаа тариа, вакциныг хэн судалж байна вэ, ямрыг нь хаанаас оруулж ирж байна гэдгийг ч судлах хэрэгтэй.
-Ураны
хайгуул хийхэд ашиглаж байгаа бодис нь эрсдэл дагуулаад байна уу?
-Ураны хайгуул хийхэд өрмийн хошууг нь зөөлрүүлэх химийн бодис л
ашигладаг. Тэр нь тийм хортой бодис биш. Цөм хортой гээд байгаа нь мэргэжлийн биш
хүмүүсийн л яриа. Уранаас болж ийм тийм хохирол гарлаа гэсэн дүгнэлтийг цөмийн физикчид
гаргаагүй байхад иргэний нийгэм гаргах ямар ч эрх, чадавхигүй.
-Ураны
чиглэлээр дуугарч тэмцдэг иргэний нийгмийнхэн
дунд физикч хүн байгаа юу?
-Ураны талаарх нарийн ширийнийг физикийн хүн ч мэдэхгүй. Цөмийн физикч
хүн л мэднэ. Иргэний нийгмийнхний дунд физикч хүн ч байхгүй. Цөмийн физикч хүн ч
алга. Эмч, багш, урлагийнхан бол байна. Миний хувьд иргэний нийгэм, мэргэжлийн хүмүүс,
малчид, албаныхан тойрч суугаад хэлэлцүүлэг өрнүүлбэл хүмүүст зөв мэдээлэл хүрэх
байх гэж боддог юм. Тэгвэл хүмүүсийн төөрөгдөл арилна. Өнөөдрийн хувьд Цөмийн энергийнхэн нэг юм ярьдаг, нөгөө талд нь
иргэний нийгмийнхэн тэс өөр юм яриад байна л даа. Дунд нь малчид төөрөлдөөд байна.
“Норовсүрэн гуай та хайгуул явагдаж байгаа газраас хэчнээн км-т амьдарч байна, танай
мал ямар ус уусан, хэн ирж шинжилсэн, яг ямар дүгнэлт гарсан бэ” гэж ирээд тал талаас
нь бодитой дүгнэлт, тайлбартайгаар ярилцах хэрэгтэй.
Франц Их наймын нэг улс. Олон улсын өмнө хариуцлага хүлээсэн том
орон. Манайд хор хохиролтой үйл ажиллагаа явуулбал Монголд тэгж байг гээд олон улс
хараад суухгүй. Өнөөдөр Украйны асуудал дээр гэхэд л Их найм Орост шахалт үзүүлж
байгаа. Манайд хортой үйл ажиллагаа явуулбал үүн шиг л юм болно. “Арева”-г шар нунтагаа авч эхлээ ч үгүй байхад болохгүй бүтэхгүй гэж
ярих нь угаасаа утгагүй хэрэг. Одоогоос хориод
жилийн өмнө оросууд Мардайд хайгуул хийж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Мардай хавиас
өрөөсөн нүдтэй, үс нь халцарсан хүн, амьтан төрөөгүй л байна. Цөмийн физикч хүний
хувьд надад нэг хүсэл байдаг юм. Цөмийн технологийнхоо хөгжлөөр ийм өндөр түвшинд
хүрсэн улстай хамтарч байгаагийнх шар нунтагийнхаа оронд жижиг оврын цөмийн эрчим
хүчний станц бариулаад үлдээсэй.
-Японд
асуудал гарч байхад манайх шиг улсад атомын
цахилгаан станц бүр ч аюултай гэсэн тайлбар хүчтэй байдаг шүү дээ?
-Дэлхийн хөгжингүй орнуудын түүхийг харахаар цөмийн дэвшилтэт технологийг ашиглаж хөгжсөн байдаг.
Цөмийн технологийг ашиглан том хэмжээний үйлдвэр байгуулсан улсууд бүгд л хөгжчихсөн
байна. Хүдэр дотор хичнээн хэмжээний зэс, алт, мөнгө байгааг цөмийн цацрагаар л нэвт харна. Хил гааль, эрүүл
мэнд гээд цөмийн технологийн дэвшлийг ашиглахгүй
салбар гэж байхгүй. Ингээд бодохоор бидний
амьдралд цөмийн технологи хэрэгтэй. Хэрэгтэй юмаа хортой гэж хашгираад байж болохгүй
л дээ. Шар нунтагийнхаа оронд тийм технологиудыг солилцох маягаар оруулаад ирэх
хэрэгтэй. Станцын хувьд Чернобылийн осол гарч байсан үеийн технологи, өнөөдрийн
технологи хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Японы Фүкүшимагийн осол технологиосоо болоогүй.
Гадны хүчин зүйл байсан. Хэрвээ атомын станц аюултай байсан бол Хятад Гуанжоугаас
цаашаа гурав дахь цөмийн станцаа барина гэж төлөвлөхгүй. Орос дөрвөн станц барина гэхгүй.
-Гэхдээ
манайд нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүчний нөөц нь хангалттай байна, эрчим хүчний
хүрэн нүүрсний нөөц ч их. Өөр гарц байгаа болохоор заавал атомын станц гэх хэрэг
байна уу?
-Америкт очих үеэрээ сэргээгдэх эрчим хүчнийх нь станцуудтай танилцсан юм. Салхин станцын хувьд нэг сэнс нь гэхэд л 200 сая ам.доллар. 50 сэнс эргэлдэж байж нэг хотыг эрчим хүчээр хангадаг. Тэгэхээр
асар өндөр өртөг шаардаж байгаа юм. Ер нь нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүч
маш өндөр зардалтай. Хоёрдугаарт гаргаж байгаа КВт нь дулааны буюу атомын станцаас
бага байдаг. Тийм учраас манайд их эрсдэлтэй. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчийг
хэрэглэхийг илүүд үзэж байгаа нь үнэн ч манайх шиг улс эдийн засаг талын ийм тооцоог
бодох л хэрэгтэй. Дорноговьд аж үйлдвэрийн парк барина гэж байгаа. Эрчим хүчнийх
нь хэрэгцээг яаж хангах вэ гэдэг бодох асуудал.
Улаанбаатар дулааны цахилгаан станцтай.
Дахиад дулааны станц барьж цацрагтай нүүрсээ шатаана гэж байна. Радиац нь
нэмэгдээд байхад нүүрс түлдэг дулааны станцуудыг хотоо дагуулаад барих шаардлага байна уу үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй.
Аль болох экологид хор багатай эдийн засагт хэмнэлттэй эрчим хүч ашиглавал илүү
зөв шийдэл болно гэж би хувьдаа үздэг. Эзгүй талд бага оврын цөмийн станцтай байхад
ямар ч аюулгүйгээр хямдхан өртгөөр эрчим хүчээ авчихна. Ямар ч улсын хөгжлийн суурь нь зам, эрчим хүч
байдаг. Усан станц бариад эрчим хүчээ бүрэн хангана гэдэг манайх шиг 95 хувь нь гадагшаа гардаг гол мөрөнтэй улсад
зөв шийдэл биш. Салхины станцыг өртөг өндөр гэж сая хэлсэн. Нарных гэхээр толинуудыг нь заавал цэвэрлэж байх
хэрэгтэй. Хүнхэр толь тавья гэвэл асар үнэтэй.
Хавтгай дэлгэцийг бороонд норох бүрд цэвэрлэх шаардлага гардаг юм.