Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарын намар DNN.mn

Улаанбаатарын намар аажуухан бөгөөд нүсэр эхэлнэ. Замын түгжрэл махны болон бараан захууд, бичиг хэргийн дэлгүүрүүдээс эхэлж “сургуульдаа эргэж ирэх боллоо” гэсэн самбарууд энд тэндгүй харагдаж гудамж талбайд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны үзэсгэлэн алаглана. Үүнийг харсан багачууд хүүхдүүд нөгөө Говь-Алтайн хүү шиг уцаарлангуй “Заа за” гэж хэлэн санаа алдана.

Харин төгсөх ангийн хөвгүүд охид сэтгэл сэмрэн дэгэлзэх амой. Жимс, самрын худалдаа гадуур дэлгэгдэж, “Намрын ногоон өдрүүд” хэмээх хүнсний ногооны худалдаан дээр хүмүүс орж гаран шинэ ногоо дуртайяа худалдан авна. Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж зунжин намдуу байсан баар саваар залуус шавж амьд хөгжимтэй уушийн газарт бөмбөр тас нясхийн гуулин цангаас нь ойсон гэрэл бүдэг танхим дотор гилс гилсхийн харагдаж зөөгчид шогшилдон гүйлдэж захиалсан зүйлсийг нь аваачих нь хөөртэй. Стадионы задгай талбайд том том тоглолт болж халамцуу залуус бүжиглэн шөнө дөлөөр алаглан харагдах салютын гэрэлд гэрээдээ хос хосоороо одоцгооно.

Модод одоо л нэг шарлах тэмдэг суусан ч цэл ногооноороо л байна. Оюутан сурагчдын хичээл эхэлж зам пиг болон түгжирч яг үүнийг нь анаж байсан мэт дулааны шугам, зам боржуур (бродюр)-ын засварууд ар араасаа эхэлж улам л төвөгтөй болгох ажаам. Хот тэр аяараа дүүрэн хахаж битүү нүргэлсэн дуу өглөөний долоон цагаас шөнө дөл болтол хүнгэнэх нь амьдралын дуу хоолой гэлтэй. Модод шаргалтаж навчис цардмал талбай дээр хөглөрөн унаж залуу охид түүнийг нь уяран харж цэвэр хэсгээр нь навчин титэм хийн толгойдоо зүүж хөгжил хөөртөй бүх юм дэлгэрэн цэцэглэх хавар цагийг мөрөөдөн зөгнөнө.

Хотын хүмүүс шувууд буцсан эсэх, буга урамдаж байгаа эсэхийг огт анзаарахгүй. Улаанбаатарын намар удаж, удаж анхны цаснаар л дуусах авай.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *