Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 39-41 хэм хүйтэн DNN.mn

Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Арваннэгдүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27, 28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градус хүйтэн, өдөртөө 29-34 градус хүйтэн байна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус хүйтэн, өдөртөө 24-29 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

Дээрх цаг агаарын үзэгдэл нь эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хүндрэл учруулж болзошгүй тул шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг хүсье хэмээн ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд хаяглан албан бичиг хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *