Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийлээ. Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хоёр хуулийг оруулж батлуулсан. Энэ нь Татварын багц хууль болон Тендерийн хууль.
2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжиж, төрөлжсөн учраас Татварын хуулийг улам тодорхой болгох шаардлагатай байсан.
- Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, ААН жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх хялбаршуулсан горимыг бий болгосон.
- Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлогтой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлнө.
- 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа тайлаглаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна.
- Жилийн гурван тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр ААН-үүд жижгэрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнд 164 ААН хамаарна.
- Амьдран суух зориулалтаар анх удаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.
- Ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ. Ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа. Иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авч байр авсан бол зөрүү таван хувийн хүүг татвараас буцааж олгох боломж оруулж өгсөн. Ингэснээр иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих бодлогыг суулгаж өгсөн.
- Улаанбаатар хотоос 500 км алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, ААН-ийн төлсөн таварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол 90 хувиар хөнгөлөх заалт орж ирсэн. Бидний хийсэн тооцооллоор 50 хувийн хөнгөлөлтөд 11,600 иргэн, 141 ААН, 90 хувийн хөнгөлөлтөд 8,100 иргэн, 55 ААН хамаарагдана.