Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.10) хуралдаан 14 цаг 30 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг Даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Засгийн газраас2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав.
Нийслэлийн Засаг Даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн хэмжээнд жилд 1 сая гаруй тонн, өдөрт 1000 тонн хог хаягдлыг хогийн дөрвөн цэгт тээвэрлэж буулгадаг. Мөн жилдээ барилгын хог хаягдал 120.000 тонн гардаг бөгөөд төсөл хэрэгжиж, хогны үйлдвэр барьснаар 100.000 тонн барилгын хог хаягдлыг боловсруулан явган хүний зам барих барилгын материал хийх зэргээр дахин ашиглах юм. Төслийн хүрээнд стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд байгуулахаар төлөвлөөд байна гэж хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг барих эдийн засгийн үр ашгийн тооцоог тодорхой болгохыг, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаанзээлийн хөнгөлөлтийн түвшин 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарахгүй учир үүнийг эргэн нягтлахыг Ажлын хэсгийнхэнд анхааруулж байлаа. Ингээд “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 дэмжлээ. Төсвийн Байнгын хороо, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.