Улаанбаатарын утааны асуудал жил бүрийн өвөл болгоноор хөндөгддөг л сэдэв. Сүүлийн үед иргэдийн бухимдал туйлдаа хүрч, жагсаал цуглаандаа тулангуут төрийн түшээд нойрноосоо сэрсэн юм шиг гэнэт дуугарцгаах болов. Ингэж дуугарахдаа тэд улсынхаа нийслэлийг балгас болсон, ямар ч хэрэггүй, хүн амьдрахын эцэсгүй болсон хот гээд л ярих юм. Үнэндээ Улаанбаатар хот маань монгол төрийн дархлаа юм шүү дээ. Сүүлийн 2000 жилийн түүхэнд улсынхаа төв нийслэлийг ингэж муухайгаар зүхэж, үзэн ядсан сэтгэлээр доромжилж байсан төрийн түшээд лав байхгүй. Тэдний ярьж байгаагаар Улаанбаатар хот нь хог шавхай, үмхий бохиртоо баригдсан, зундаа Богд уулаас хэдэн ан, амьтан гарч ирж Туул голоос ундаалдаг, амьд хүн байхын аргагүй болсон юм байх. Иймд нийслэлийг нүүлгэх нь зөв гарц гээд л дээд, доодгүй донгосцгоох болжээ.
Өнөөдрийн ийм гамшигт байдалд хүрсэн нь үе үеийн төр баригчид утаатай тэмцэх нэрийдлээр маш их хэмжээний мөнгө төсөвлөж байсан хэрнээ хэрэгжилт нь ямар байсны л үнэн нүүр царай. Яахав, цахилгааны шөнийн тарифыг тэглээд, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, бүсчлэл тогтооно гэж шийдэл эрэлхийлж байна л даа. Энэ бол богино хугацаанд дорвитой шийдэгдэх гарц биш. Жинхэнэ утгаар гэр хорооллын янданг цөөлбөл хот цэлмээд л ирнэ. Тэгэхээр утаа арилахгүй байгаа нь төрийн түшээд ерөөсөө сэтгэл гаргахгүй байгаатай шууд холбоотой.
Жишээлбэл, Түрээсийн орон сууц хэмээх хөтөлбөрийг баталсан ч хэрэгжилт нь тийм ч хангалттай биш байна. Өнөөдөр 360 айлын байрыг Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн ч нэг ч өрх ороогүй гэх юм. Салбарын яам, нийслэл хот, ТОСК-ийн аль нь энэ асуудлыг хэрэгжүүлэх вэ гэдэгтээ гацсан бололтой. Уг нь эрх ашгийн зөрчлөө хойш тавьж хотынхоо янданг цөөлөхөд хамтраад хурдан шийдвэр гаргаад явахад юу нь болдоггүй юм бол.
Мөн энэ чиглэлээр 1000-аад айлын орон сууцыг ашиглалтад оруулахад хөрөнгө мөнгөний гачаал үүсээд зогссон гэнэ. Хөдөө орон нутгийн соёлын ордонг барихад өчнөөн тэрбумаар нь төсөвлөж байхаар иймэрхүү аминд тулсан шаардлагатай асуудалдаа хөрөнгө оруулалт хийвэл дээрсэн дээ.