Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын тогтвортой өсөлтийг дэмжих шинэ түншлэлийг АНУ болон Монгол Улс эхлүүллээ DNN.mn

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй, дасан зохицох чадвартай болгон, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргаатай “Азийн тэсвэртэй хотууд” шинэ түншлэлийг эхлүүлж байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас олон улсын JSI судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Азийн тэсвэртэй хотууд” (Asia Resilient Cities буюу ARC) төсөл нь Улаанбаатар хотын захиргаа, иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран хотын тогтвортой өсөлтийг дэмжих, нүүрстөрөгч багатай хотын дэд бүтцийг хөгжүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчинд ээлтэй арга барилыг хотын бодлого, төлөвлөлтдөө тусган хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уг төслийн хүрээнд АНУ-ын ОУХА болон орон нутгийн түншүүд хамтдаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн янз бүрийн үйл ажиллагааг боловсруулан хөгжүүлэх юм. Түншлэл хэрэгжих хугацаанд төсөл нь хотын захиргаа, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, Улаанбаатар хотод тулгарч буй хөгжлийн онцлог сорилт бэрхшээлүүдийг шууд шийдвэрлэхэд чиглэсэн илүү тогтвортой хөгжлийн бодлогыг төлөвлөх, бодлого боловсруулах үйл явцад ард иргэдийг татан оролцуулна.

Мөн уг төсөл нь Улаанбаатар хотын ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгохын тулд төр засгийн байгууллагууд, оршин суугчид, бизнес эрхлэгчид, бусад хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд уялдаа холбоо тогтоож дэмжин ажиллах юм.

Энэ оны 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд АНУ-ын ОУХА болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар “Азийн тэсвэртэй хотууд” төслийг Монгол Улсад албан ёсоор эхлүүллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь уг төслийн албан ёсны түнш байх бөгөөд Улаанбаатар хотод тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтуудад хариу арга хэмжээ авах, хотын дасан зохицох чадварыг сайжруулах зорилт бүхий хамтын төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг JSI.com/asiaresilientcities цахим хуудсаас авна уу.

Азийн тэсвэртэй хотууд (ARC) төсөл нь 7200AA22CA00011 тоот гэрээний дагуу 2022 оны 9-р сарын 23-ны өдрөөс эхлэн АНУ-ын ОУХА-аас санхүүжүүлж буй таван жилийн хамтын ажиллагааны гэрээ юм. Азийн Тэсвэртэй Хотууд төслийг JSI судалгаа, сургалтын хүрээлэн өөрийн түнш  BRAC, DevTech Systems, Inc. болон ICF байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь АНУ-ын ОУХА-аар дамжуулан хандивласан Америкийн ард түмний өгөөмөр тусламжийн ачаар биеллээ олж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь дэлхийн 80 гаруй оронд эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг АНУ-ын гадаад тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *