Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг ирэх сард нээхээр болжээ DNN.mn

"Дарханы замыг хурдлуулах" ажлын хэсэг байгуулагдлаа

Сангийн сайд Б.Жавхлан Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслүүдийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд таван багц болгон тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажлыг хийж байна. Азийн хөгжлийн банкны төслийн хоёр, дөрөвдүгээр багцын ажлууд хугацааны хоцрогдолтой, анхаарах шаардлагатай байгаа тул 2 дугаар багц буюу Хар модтын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км замын ажилтай Сангийн сайд Б.Жавхлан газар дээр нь танилцаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Хоёрдугаар багцын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Арж капитал” ХХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Жунмэи Инженеринг групп компаниуд гүйцэтгэж байгаа. “Арж капитал” ХХК-ийн ажлын явц 72.7 хувь, БНХАУ-ын Жунмэи Инженеринг группын ажил 43.7 хувьтай байна. Гэрээгээр бол 2023 оны 3 болон 9 дүгээр сард бүрэн ашиглалтад өгөх ёстой. Гэхдээ ирэх сард багтааж замын хучилтыг дуусган замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Санхүүжилтийн хувьд ямар ч саадгүйгээр гүйцэтгэлийг тухай бүр олгож байгаа, хил гаалийн нөхцөл байдлаас хамааралтай ажил удаашрах, саатаж байгаа асуудал байхгүй гэдгийг гүйцэтгэгч компаний удирдлагууд хэлж байна. Харин Дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сард нээхээр ажиллаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хамгийн удаан, хүндрэлтэй яваа хэсэг бол дөрөвдүгээр багц юм. Санхүүжилттэй холбоотой ямар нэгэн саатал гараагүй ч Азийн хөгжлийн банкны төслийн уг багцын ажлыг хийж байсан гүйцэтгэгч компани солигдсонтой холбоотойгоор хугацаа их алдсан. Одоо авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр мөн БНХАУ-ын Шанхай Констракшн групп гүйцэтгэж байна. Ажлын явц тус бүр 45 орчим хувьтай байна. Өмнө нь гүйцэтгэгч хоёр компани параллель байдлаар буюу зэрэгцэж 4 эгнээ замын ажлыг гүйцэтгэж байсан бол одоо хугацаа хэмнэхийн тулд хоёр компани эхлэл болон төгсгөлийн цэгээс ажлыг гүйцэтгэж, энэ оны 10 дугаар сард зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр одоо үүсч байгаа хүндрэл бол цементийн хомсдол байна. Цемент нийлүүлж байсан Хөтөлийн “Цемент шохой” ХК-д техникийн засвар үйлчилгээ хийгдэж байгаатай холбоотой үйлдвэрлэл хэвийн явагдахгүй болсноос цементийн хомсдол үүссэн. Гэвч 10 дугаар сарын 1-ний өдрөөс уг үйлдвэрийн засвар дуусч цемент хэвийн нийлүүлнэ гэдгийг Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэллээ. Иймд 10 дугаар сард багтаан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто авто замын зорчих хэсгийг нээхэд цементийн хэрэгцээгээр тасралтгүй хангах, гүйцэтгэгч компаниуд төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгэх үүргийг холбогдох хүмүүст өглөө. Засгийн газар болон Сангийн яам, ЗТХЯ, бусад холбогдох төрийн байгууллагууд бүх талаар дэмжиж онцгой анхаарал хандуулж ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *