Categories
гадаад мэдээ

Украины ерөнхийлөгч АНУ-д айлчлав DNN.mn

АНУ, Украины ерөнхийлөгч нар Цагаан ордонд уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ. Ерөнхийлөгч Жо Байден “Украины зоригтой ард түмэн Путиныг эсэргүүцэн тэмцсэн, тэр бүтэлгүйтсэн. Бид Украин улс, Украины ард түмнээс нүүр буруулахгүй. Конгресс болон манай улсын ихэнх иргэд Украины ялалт дэлхийн аюулгүй байдалд амин чухал зүйл гэдгийг яг над шиг ойлгодог” гэжээ. Мөн Байден Украин, Израиль, Тайваньд үзүүлэх тусламжийн хөрөнгө болон Мексиктэй хиллэдэг хилийг бэхжүүлэх талаар өрнөж буй Конгресс дахь мэтгэлцээний талаар “Ардчилал бол буулт хийх урлаг бөгөөд би аль хэдийн Бүгд найрамдах намын хууль тогтоогчдод буулт хийх санал тавьсан” гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский дайнд ялахын тулд Украин агаарыг хянах хэрэгтэй гэдгийг онцлоод “Бид агаарын дайнд ялж, тэнгэрт Оросын ноёрхлыг зогсоохыг хүсч байна, учир нь тэнгэрийг захирч байгаа хүн дайн хэрхэн үргэлжлэхийг зааварладаг. Украин сөрөн зогсож байгаа учир Европын бусад улс орнуудад Оросын түрэмгийлэл заналхийлээгүй байна. Бидний хамтын ажиллагаа, эр зориг Оросын аливаа дайсагнасан үйлдлээс илүү хүчтэй гэдгийг бид нотолсон” гэж хэлжээ.

Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтонд айлчлах үеэрээ АНУ-ын Конгрессийн гишүүдтэй хаалттай уулзан Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалсаар байгаа Украинд нэмэлт санхүүжилт олгохыг сенаторуудад уриалсан бөгөөд өөрийн Tele­gram сувагтаа “АНУ-ын Сенат дахь уулзалт нөхөрсөг, илэн далангүй болсон. Би тэдэнд Украины аюулгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, амин чухал зүйл болох Америкийн дэмжлэгийг хадгалах шаардлагатайг онцолсон. Энэ дэмжлэг нь Украины тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийн баталгаа юм” гэж бичжээ. Зеленский мөн Сенатын Ардчилсан намын дарга Чак Шумер, Сенатын Бүгд найрамдах намын дарга Митч МакКоннелл нарт Украинд үзүүлэх хоёр намын дэмжлэгийг нэгтгэж байгаад нь талархал илэрхийлжээ.

Үнэндээ Украинд өгөх нэмэлт санхүүжилт нь АНУ-ын муж улсуудын зэвсгийн үйлдвэрүүдэд орж, өндөр цалинтай олон сая ажлын шинэ байр бий болгож, эдийн засгийг нь сэргээх “том түлхүүр” болох тул Бүгд Найрамдахчууд энэ мөнгийг батлах нь гарцаагүй. Харин Мексикийн хил дээр бэхлэлт барих талаар Сенат дээр маргаан үүсээд буйн цаад учир нь ирэх сонгуульд цагаачлан ирж АНУ-ын иргэн болсон олон сая хүмүүсийн Ардчилсан намд өгдөг саналыг болиулах гэсэн Бүгд Найрамдахчуудын “башир арга” юм. Товчхондоо улс төрчдийн зөвхөн өөрсдийн суудлыг бодож, нийтийн эрх ашгийг хохироодог энэ асуудлыг зөв шийдэх гарц олох явдал ардчиллын өмнө тулчихаад байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *