ХБНГУ-ын Рамштайн дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазад Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Украиныг дэмжиж байгаа 43 улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж нэгдсэн шийдвэрт хүрэв. Рамштайн дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний бааз нь тус улсаас гадуур байгаа АНУ-ын Агаарын цэргийн хүчний хамгийн том байгууламж бөгөөд тус улсын 9000 орчим цэрэг байнга байрладаг юм.
Дэлхийн түүхэнд урьд нь ийм уулзалт болж байгаагүй билээ. Иймээс ч энэхүү уулзалтыг нээж үг хэлсэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “түүхэн уулзалт” хэмээн тодотгосон юм. Рамштайны уулзалтаар сайдууд Украинд батлан хамгаалахын яаралтай ямар тусламж үзүүлэх болон цаашид цэргийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар тохиролцов. Хамгийн гол нь Германы Рамштайн дахь АНУ-ын цэргийн баазад болсон энэхүү өргөн хэмжээний уулзалтын үеэр Украиныг дэмжих цэргийн цоо шинэ эвсэл байгуулагдав. Энэхүү шинэ эвсэлд зөвхөн НАТО-гийн гишүүн улсууд төдийгүй Япон, Израиль нэмэгдэн орж байгаа нь онцлог юм. Энэ эвсэл байнгын ажлын хэсэгтэй байх бөгөөд сар бүр уулзаж эвслийн ажлыг зохицуулж байх болно гэж Пентагоны тэргүүн нэмж хэлэв. Уулзалтад оролцож буй түнш улсууд Украинд таван тэрбум орчим долларын цэргийн тусламж цуглуулсан бөгөөд үүний 3.7 тэрбумыг АНУ-ын засаг захиргаанаас олгож байна гэж Ллойд Остин нэмж хэлжээ.
Өнөөдрийг хүртэл НАТО-гийн бараг бүх улсууд Украинд гар буу, элдэв сум, хамгаалалтын хантааз, хуягт малгай, цэргийн хуурай хүнсээс эхлэн хамгаалалтын янз бүрийн хэрэгсэл зэрэг зөвхөн хамгаалалтын зэвсэг нийлүүлж довтолгооны хүнд зэвсгийн нийлүүлэлт хараахан хийгдээгүй байсан юм. Учир нь Москва үүнийг НАТО-хөндлөнгөөс дайнд оролцож буй явдал гэж үзэх тул дэндүү аюултай зүйл гэж ихэнх улсын цэргийн шинжээчид үзэж байсан билээ. Харин оросууд Донбасст энэ дайнд хэн ялахыг шийдвэрлэх довтолгоо эхлүүлсэн нь НАТО-г энэ айдсаа таягдан хаяхаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлсэн үгэндээ уулзалтад оролцсон Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг онцлон “Таны хичээл зүтгэл, украинчуудын баатарлаг эсэргүүцэл эрх чөлөөт ертөнцөд тэр аяар нь маш том урам зориг өгсөн” гэж онцлон хэлсэн юм. ОХУ-ын Украины эсрэг дайн “шинэ үе шатандаа орж байна” гэж Пентагоны тэргүүн мэдэгдээд “Өнөөдөр украинчууд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна, энд байгаа хүмүүс бас тэгж бодож байгаа учраас цуглараад байна. Бид ОХУ-ыг дахин ингэж бусад улсад халдах чадваргүй болтол нь хамтран тэмцэх болно” гэж мэдэгдсэн юм. Түүний энэ үгийг Оросын төрийн мэдлийн “Россия-1” сувгийн “60 минут” нэвтрүүлгийн “Кремлийн дуу хоолой” гэгддэг нэвтрүүлэгч Ольга Скабеева “Дэлхийн III дайн эхэлж байгаа явдал” гэж тайлбарласан билээ.
Украины армийг зэвсэглэлээр хангахад өнөөг хүртэл хамгийн их хувь нэмэр оруулсан улс бол АНУ. Жишээ нь, тус улсын “Жавелин” гэх танк эсэргүүцэгч зөөврийн пуужингийн ачаар Украины арми Оросын тоо тоймшгүй олон танк, хуягт тээвэрлэгчийг устгаж чадсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Пентагон Украинд 40 мянган сум бүхий 18 хээрийн гаубиц, 300 нисгэгчгүй онгоц, 300 хуягт тээвэрлэгч, ОХУ-д үйлдвэрлэсэн, өөрийн улсын зэвсгийн системээр тоноглосон Ми-17 тээврийн 11 нисдэг тэрэг нийлүүлэх болсноо мэдэгдээд байсан юм.
Ийнхүү Украиныг дэмжих 43 улсын цэргийн цоо шинэ эвсэл байгуулагдан ажилдаа орж Украины армийг их буу, нисэх онгоц, нисдэг тэрэг, танк, хуягт тээвэрлэгч, агаар болон газар, дайлайн довтолгооноос хамгаалах пуужин, дрон гэх мэт бүх төрлийн хүнд зэвсгээр хангахаар болов. Эдгээр улсаас нийлүүлэх гаубиц гэх их буунууд л гэхэд Оросын армийн адил төрлийн их буунаас 15-30 км алсад тусах чадвартай байгаа төдийгүй сум нь “GPS”-ээр удирдагдан байндаа хамгийн ихдээ 4 м зайтай тусдаг юм байна. Энэ нь дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маскын бэлэг болгон өгсөн олон мянган хиймэл дагуулын сүлжээг хүлээн авах жижиг хүлээн авагч хэрэгслүүд одоо л жинхэнэ ёсоор украинчуудад хэрэг болох нь байна гэсэн үг юм. Одоогоор цэргийн шинэ эвсэл Украинд нийлүүлэх зэвсгийн марк, ялангуяа тоог нууцалж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэхүү уулзалтаас өмнө Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй хамт Киев хотод очин Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан юм. Энэ уулзалтын дараа “Украины ерөнхийлөгч Зеленский ерөнхийлөгч Жо Байдены хүчин цармайлт болон Америкийн ард түмний гайхалтай өгөөмөр сэтгэл, дэмжлэгт гүн талархаж байгаагаа илэрхийлсэн” гэж Блинкен мэдэгдсэн билээ.
Г.АМАРСАНАА