Украины Ерөнхийлөгч болон Оросын талыг баримтлагчид түр гал зогсоох гэрээ байгуулсан ч өчигдөр Славянск хотын ойролцоо армийн “Ми-8” нисдэг тэргийг Оросын талыг баримтлагчид буудаж унагаасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Онгоц осолдох үед зорчиж явсан Украины армийн есөн цэрэг амиа алдсан аж. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко армийн нисдэг тэргийг буудаж унагаан, цэргүүдийн амийг хөнөөсний хариуд ямар хариу арга хэмжээ авахаа мэдэгдээгүй билээ. Үүний зэрэгцээ Европын холбооноос Украины хямралыг цэгцлэхэд ОХУ-ыг хамтран ажиллахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины сөргөлдөгч талуудыг бие даасан яриа, хэлэлцээр хийхийг зөвлөж, амиа алдсан армийн цэргүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.