Categories
гадаад мэдээ

Украинд туслах бас нэг шинэ эвсэл байгуулагдав DNN.mn

Польшийн Батлан хамгаалах яамны тэргүүн Владислав Косниак-Камыс, Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус нар “Польш, Германы засгийн газар Украинд хуягт машин нийлүүлэх эвсэл байгуулж байна” гэж мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь “Веймарын гурвалжин” гэгддэг Франц, Герман, Польш улсын тэргүүн нар уулзаж “Украинд холын тусгалын пуужин, их буу нийлүүлэх шинэ эвсэл байгуулагдсан” гэж зарласны дараахан болж буйгаараа онцлог юм.

Батлан хамгаалахын сайд нар “Шинэ эвслийн хуягт машин нийлүүлэх ажил энэ сарын 26-нд эхлэх бөгөөд Их Британи, Швед, Итали зэрэг бусад улс орнууд үүнд нэгдэнэ” гэж мэдэгджээ. Косиниак-Камыш “Энэ бол байгуулагдсан хамгийн чухал эвслийн нэг” гэж сэтгүүлчдэд хэлэв. Харин Писториус “Энэхүү эвсэл ирээдүйд ч Украины аюулгүй байдлыг хангах зорилготой” гэж тайлбарлав. Германы Батлан хамгаалах яамны тэргүүн “Бид Украиныг пуужин, зэвсгээр хамтран хангах тухай ярьж байна. Нэг талаас, бид үүнийг аль хэдийнэ хийж байгаа, гэхдээ нөгөө талаас энэ нь ирэх хэдэн жилд Украины ирээдүйд зориулагдсан шинэ потенциал бий болгох хүчин чармайлтын нэг хэсэг юм “ гээд “Украиныг зэвсгээр хангах олон улсын бүлгийн (“Рамштейн формат” гэгддэг) одоогийн хурлаар хуягт машин нийлүүлэх эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэнэ” гэж нэмж хэлэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Берлин, Варшаваас Украины зэвсэгт хүчинд танк, явган цэргийн байлдааны машин зэрэг олон тооны хуягт машин илгээсэн. Гэвч зуны сөрөг довтолгоон амжилтгүй болсноор Украины Зэвсэгт хүчин энэ техникийнхээ зарим хэсгийг алдаад байгаа билээ.

Хамгийн гол нь хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар “Манай хоёр улс Европын холбооны улс орнуудад учирч болзошгүй халдлагыг няцаах зорилгоор түргэн шуурхай цэргийн бүлэг байгуулахад оролцоно” гэж мэдэгдсэн нь цэргийн шинжээчдийн анхаарлыг татав. Писториус, Косиниак-Камыш нарын хэлснээр, ирэх долдугаар сараас эхлэн улс бүрээс 2500 цэрэг бүхий, шаардлагатай тохиолдолд шилжин байрших чадвартай тусгай бүлэг бэлэн болох аж.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *