Их Британийн “Times” сонин “АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоцууд Украинд аль хэдийнэ ирсэн” гэж бичсэн барууны хамгийн сүүлийн том хэвлэл болов.
Тус сонин “Украины Зэвсэгт хүчин ийм зургаан онгоц хүлээн авсан бөгөөд тэдгээрийг Нидерландаас нийлүүлсэн байна. Дани удахгүй бас нэг багц нисэх онгоц илгээнэ. Украин мөн Бельги, Норвеги улсаас 20 орчим “F-16” сөнөөгч онгоц хүлээн авах ёстой.Европын эдгээр дөрвөн улс Украины Зэвсэгт хүчинд 80 орчим сөнөөгч онгоц нийлүүлэх ч 20 орчмыг нь сэлбэг хэрэгсэлд ашиглах болно” гэж бичжээ. Өмнө нь Британийн “Daily Tele¬graph” сонин “F-16” онгоцууд Украинд байлдааны ажиллагаа явуулж, агаарын довтолгооноос хамгаалахад ашиглагдаж эхэлсэн” гэж мэдээлээд байсан билээ.
Мөн өнгөрсөн лхагва гаригт Украинд “F-16” сөнөөгч онгоцны анхны баг ирсэн тухай анх “Bloomberg” мэдээлж, дараа нь барууны болон Украины бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг баталсан юм. Тухайлбал, Украин барууны холбоотнуудаас анхны “F-16” сөнөөгч онгоцуудыг хүлээн авсан гэсэн мэдээллийг Америкийн “Associated Press” агентлаг “Оросын Агаарын цэргийн хүчнийг амжилттай эсэргүүцэх эхний онгоцнуудаа Украин хүлээн авав. Киевт дор хаяж 130 “F-16” сөнөөгч хэрэгтэй байгаа боловч барууны холбоотнууд Украинд 60 орчим ийм онгоц өгнө гэж амласан юм” гэсэн бол Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис Украинд анхны сөнөөгч онгоцууд ирсэн тухай X сүлжээ (хуучин Twitter)-нд“Украйнд “F-16” ирлээ. Бас нэгэн боломжгүй байсан зүйл бүрэн боломжтой боллоо” гэж бичсэн байна.
Мэргэжлийнхэн АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч нь IV үеийнх бол Оросын сөнөөгч онгоцнууд нь IV+ үеийнх гэж үздэг.Харин Оросууд бид V үеийн онгоцтой гэдэг. Ямар ч байсан “F-16” сөнөөгч нь Оросын онгоцноос хуучин үеийн онгоц юм. Гэхдээ хэргийн гол учир нь эдгээр онгоцнууд ямар орчин үеийн пуужинг агаарт гаргаж чадах вэ гэдэгт байдаг билээ. Иймээс ч тун сайхан Цагаан ордон Киевт “AIM-120C-8 AMRAAM”, “AIM-9X” агаар-агаар ангиллын пуужин, түүнчлэн “AGM-88 HARM”агаар-газар ангиллын радарын эсрэг пуужингууд болон бусад орчин үеийн зэвсгүүдийг Украины“F-16”-д зориулж нийлүүлэх болсон тухай мэдэгдсэн. Энэ нь Оросын харьцангуй орчин үеийн онгоцнууд өөрсдөөсөө хуучин “F-16”-д дээрэлхүүлж Украины хилд ойртож чадахгүй, фронтод гаргаж буй “амжилт”-ынх нь гол үндэс болж буй удирдлагатай бөмбөгнүүдийг санаан зоргоороо хаяж чадахгүй болж байна гэсэн үг. Мөн “F-16”нь дайсны зүгээс нисэн ирж буй пуужин, дроныг устгах чадвар өндөртэй онгоц юм. Бас нэг гол ялгаа нь Оросын онгоцнууд агаарт газрын удирдлагатай холбогдож тус тусдаа байлдааны ажиллагаа явуулдаг.
Харин агаарт хэдэн “F-16” байсан ч хиймэл оюун ухааны ачаар дайсны олон байг нэгэн зэрэг илрүүлэн онилж, хамгийн ашигтай байрлалд байгаа онгоцны пуужин өөрөө шууд уг байг сөнөөж, пуужин давхардуулж харвахгүй яг нэг онгоц мэт ажиллаж бас өөрсдийгөө Оросын онгоцноос илүүтэй хамгаалах чадвартай байдаг явдал юм. Энэ бүхэн Оросууд Украины фронтод агаарын ноёрхлоо алдахад тун ойртож буйг нотолж байна. Харин АНУ энэ онгоцонд зориулан яг ямар зэвсэгнүүд өгсөн нь удахгүй болох фронтод өрнөх үйл явдлуудаас тодорхой харагдах болно.
Г.АМАРСАНАА