Их Британиас илгээсэн Starstreak өндөр хурдны пуужин харвагч зэвсгээр Луганск мужийн нутагт Оросын Ми-28Н нисдэг тэргийг устгаж байгаа дүрс бичлэгийг саяхан Украины зэвсэгт хүчний эх сурвалж тараажээ.
Цохилтод өртсөн нисдэг тэрэгний эх бие агаарт хоёр хуваагдсан байна.
Их Британийн батлан хамгаалах яам уг бичлэгийг шалгаад Starstreak зэвсгийн цохилт мөн болохыг баталжээ.
Starstreak бол Их Британийн хамгийн орчин үеийн хөдөлгөөнт пуужингийн систем юм. Тус улс саяхан уг зэвсгээ танк эсэргүүцэгч зэвсгийн хамт Украины армид нийлүүлсэн юм байна.
Starstreak нь гурван ширхэг лазерын туяаны онилогчтой, 7 км хүртэл зайд цохилт өгөх чадвартай, дууны хурднаас дөрөв дахин хурдаар (1,373 м/секунд) пуужингаа харвадаг гэнэ. Өнөөдрийн байдлаар ойрын тусгалын пуужин харвагч зэвсгүүд дотроо хамгийн хурданд тооцогдож байна.
Starstreak-ийг бүрэн эзэмшихийн тулд сургалтын симулятар дээр байг 1,000 удаа амжилттай оносон үзүүлэлттэй байх ёстойг Британийн батлан хамгаалах яам мэдээлжээ.
Ийм сургалтыг тус улс Украины хөрш улсын нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. Украины цэргүүд сургалтад 2-3 долоо хоног хамрагдсаны дараа зэвсгийг эзэмших тооцоотой байсан ч 1-2 долоо хоногийн дотор бүрэн сурч чадсаныг Британийн тал мэдээлсэн байна.
Бямба гарагт Лондонд суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Келин ТАСС агентлагт ярихдаа Их Британиас нийлүүлж буй зэвсгийн нийлүүлэлтийг Оросын арми хүчээр таслан зогсоох “хууль ёсны эрхтэй” тухай ярьжээ.
Тэрбээр Starstreak зэвсгийг Украины армид нийлүүлсэн нь “нөхцөл байдлыг тогтворгүй болгох” хор уршигтайг анхааруулсан байна.
“Шинэ, өндөр нарийвчлалтай зэвсэг нийлүүлснээр цус урсгах явдлыг улам нэмэгдүүлж байна. Ийм зэвсэг Украины хилээр орж ирсэн тохиолдолд манай армийн хууль ёсны цохилтын бай болно” гэж Келин ярьжээ.