Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮЙЛ ЯВДАЛ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ БОЛОХ ВЭ DNN.mn

Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, спорт, урлагийн тоглолтуудын талаар тоймлон хүргэе.


Улс төр

• Өнөөдөр төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

• УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд маргааш хуралдана.

• Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг маргааш хуралдана. Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

• УИХ-ын нэгдсэн чуулган маргааш хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулна.

• Лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

• Лхагва гаригт Чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.

Эдийн засаг

• Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 31 дэх өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурал, хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг

• “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 104 тоот танхимд болно. Хэвлэлийн бага хурлаар “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа танилцуулна. “Нүүрс”-ний гэх тодотголтой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлигын хэргүүд шүүхэд шилжиж ирсэн эсэх талаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцох аж.

• Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл болон өргөн баригдаад буй сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан зохицуулалтын талаар иргэний нийгэм, сэтгүүлчид, залуучуудын ойлголтыг нэгтгэж, эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлгийн төлөөллийг нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий зохицуулалтыг сайжруулах санал зөвлөмж, нөлөөллийн акц төлөвлөх “Улс төрийн намын шинэчлэлийг урагшлуулахад иргэдийн оролцоо” цуврал хэлэлцүүлгийг Бодлогод залуусын хяналт ТББ Хууль зүйн үндэсний хүрээлэнд тавдугаар сарын 31-нд 14:30-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

• Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн VI бага хурлыг МУИС-ийн Номын сангийн 502 тоот Хурлын танхимд зургадугаар сарын 2-нд зохион байгуулна. Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцох аж.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 6-ны өдөр хүртэл дэлгэгдэнэ.

• “ART week 2023 Ulaanbaatar” орчин үеийн дүрслэх урлагийн “Art fair 2023” үзэсгэлэн тавдугаар сарын 29-31-нд 10:00-20:00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн Номин Юнайтед барилгын урд, ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн зааланд зохион байгуулагдана.

• Монголын уран зургийн галерей болон Индиана их сургуулийн Херрон Урлаг Дизайны сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын уран бүтээлч Стефан Петранекийн “Цаг хугацаа, орон зайгаар Антропосиний эрин үед холбогдох нь” уран бүтээлийн үзэсгэлэн куратор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэлтээр өнөөдрөөс зургадугаар сарын 11-ний өдөр хүртэл Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа аж.

• “Улаанбаатар” Олон улсын медиа урлагийн наадмын Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей дэх үзэсгэлэнг өнөөдөр толилуулна.

• “Улаан гэр” галерейд “Улаанбаатар” Олон улсын медиа урлагийн наадмын үзэсгэлэн өнөөдрөөс зургадугаар сарын 2-ныг дуустал толилуулагдана.

• Уран бүтээлч Д.Ариунболдын “АНИРГҮЙ” контемпорари барималын бие даасан үзэсгэлэн зургадугаар сарын 10-ны өдрийг дуустал Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн дэргэдэх Бий контемпорари арт галерейд 11:00-18:00 цагт дэлгэгдэнэ.

• Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн “Европын тэмдэглэл-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдрөөс зургадугаар сарын 6-ны өдөр хүртэл Монгол Арт галерейд дэлгэгдэнэ.

Жүжиг

• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт тавдугаар сарын 30-аас зургадугаар сарын 2-нд 19:00, 3, 4-нд 18:00 цагаас тус тус тоглогдоно.

• “Дэлхийн мод” синтез мюзикл Бөмбөрцөг театрт тавдугаар сарын 29-31-нд 19:00, зургадугаар сарын 1-нд 11:00, 15:00, 19:00, 2-нд 19:00, 3, 4-нд 11:00, 15:00, 19:00, 5, 6, 7, 8, 9-нд 19:00, 10, 11-нд 11:00, 15:00, 19:00 цагт тус тус тоглогдоно.

• “Bee” театраас Эх үрсийн баярыг тохиолдуулан “Шидэт алчуур” адал явдалт хүүхдийн жүжгийг “Bee” театрт маргааш 12:00, 15:00, тавдугаар сарын 31-нд 12:00, 15:00, зургадугаар сарын 1-нд 12:00, 15:00 цагт тус тус тоглоно.

• “A film”-ээс Эх үрсийн баярыг тохиолдуулан “Шидэт чулууны эрэлд” адал явдалт хүүхдийн жүжгийг МҮЭСТО-нд маргааш 14:00, 16:00, тавдугаар сарын 31-нд 14:00, 16:00, зургадугаар сарын 1-нд 11:00, 15:00, 17:00 цагт тус тус зохион байгуулна.

• “Favway” уран бүтээлийн нэгдэл “Mada­gascar Шидэт орны нууцаар” хүүхдийн жүжгийг Ulaanbaatar Palace-т тавдугаар сарын 31-нд 11:00, 14:00, зургадугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагт тус тус тоглоно.

• Эх үрсийн баярт зориулсан “Булцгар” хүүхдийн жүжиг White Rock Center-т зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00, 15:00, 17:00, 19:00 цагт тус тус тоглогдоно.

• “Gremix тоглоомын төвд алдагдсан нь” хүүхдийн жүжигчилсэн тоглолт Crocus event hall-д зургадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагт зохион байгуулагдана.

• “Pro” театрын ээлжит уран бүтээл болох Английн хүүхдийн зохиолч Дональд Биссет-ийн “Мартагдсан төрсөн өдөр” үлгэрээс сэдэвлэсэн “The magic box” хүүхдийн жүжиг зургадугаар сарын 1-нд 14:00, 16:00, зургадугаар сарын 2-нд 12:00 цагт РЦНК бага танхимд тоглогдоно.

• “Үзэсгэлэнгоо ба Жонон” хүүхдийн жүжиг Zaisan hill event hall-д зургадугаар сарын 1-нд 11:00, 13:00, 15:00, 3, 4-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• “Lanz sound” студи “Ноён талхны үсчний газар” хүүхэлдэйн киног албан ёсны эрхтэйгээр “Ноён талхны үсчний газар” хүүхдийн жүжиг болгон UG palace Event Hall-д зургадугаар сарын 1, 2-нд 12:00, 14:00, 16:00 цагуудад тус тус тоглоно.

• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд зургадугаар сарын 2-11-нд 20:00 цагт тоглогдоно.

• “Dream day” театр Английн зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” бүтээлээс сэдэвлэн адал явдалт “Алиса” хүүхдийн жүжгийг Монголын хүүхдийн ордонд тавдугаар сарын 31-нд 11:00, 13:00, 15:00, зургадугаар сарын 1, 2, 3, 4-нд 11:00, 13:00, 15:00 цагт тус тус тоглоно.

Балет

• Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхт 60 жилийн ойд зориулан “Хурмастын дагина” үндэсний сонгодог балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 3, 4-нд 17:00 цагт тоглоно.

Дуурь

• Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 10, 11-нд 17:00 цагт тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т тавдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• Монгол Улсын урлагийн гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагийн “Saraa live concert” тоглолт маргааш 19:00 цагт Ханбогд сумын соёлын төвд, тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд 19:00 цагт тус тус зохион байгуулагдана.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т зургадугаар сарын 1-11-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• Эх үрсийн баярын өдөрт зориулсан нийтийн дуучдын нэгдсэн “Ээж танаа” тоглолт зургадугаар сарын 1-нд МҮЭСТО-нд 19:00 цагт болно.

• Эх үрсийн баярт зориулсан МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн “Ээждээ дуулах дуу” хүндэтгэлийн тоглолт Төмөр замын чуулга “Ган зам палас”т зургадугаар сарын 1, 2-нд 15:00, 20:00 цагуудад тус тус тоглогдоно.

• “Зуны зугаа” шоу тоглолт хоёр дахь жилдээ зургадугаар сарын 3-нд 19:00-2:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

• Эх үрсийн баярт зориулагдсан “Одонгоо зүү, ээж ээ” баярын тоглолт Ulaanbaatar Palace-т зургадугаар сарын 1-нд 19:00 цагт зохион байгуулагдана.

• Монгол Улсын ардын жүжигчин Б.Батсүхийн “Ээжтэй орчлондоо хаан заяатай амьдраарай” тоглолт Ulaanbaatar Palace-т зургадугаар сарын 2-нд 19:00 цагт “Z’Terra Zaisan Hill Complex”-т болно.

• Монгол хөөмий болон дэлхийн ба Монголын сонгодог бүтээлийн дээжээс хамтарсан бүтээлүүдийн “Nomad classic” тоглолт зургадугаар сарын 4-нд 19:00 цагт болно.

• “Хурд” хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 15:00 цагт болно.

Спорт

• Монгол бөхийн өргөөнд зургадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд бөхийн дэвжээд хоорондын барилдааны шийдвэрлэх тойргийн барилдаанууд явагдана.

• “GAN” спорт зааланд сагсан бөмбөгийн зуны лигийн тоглолтууд энэ долоо хоногийн өдөр бүр зохион байгуулагдана.

• Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд дээд лигийн тоглолтууд бямба, ням гаригуудад болно.

Нийгэм

• Экстрим, энтертайнмэнт, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам зургадугаар сарын 1-4-нд 9:00 цагт Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдана.

• “Лантуун дохио ТББ”-аас хүүхдэд чихэр биш дурсамж бүтээх, үзэл санаа, урлагийн мэдрэмж олгох зорилготой “Чихрээс үнэтэй дурсамж” арга хэмжээг дөрөв дэх жилдээ “Ид шидийн орон-1” болон 2 төвд зургадугаар сарын 1-ны өдөр 12:00-18:30 цагт зохион байгуулна.

• Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын гүйлт буюу Улаанбаатар Марафон ба авто машингүй өдөр зургадугаар сарын 3-ны 9:00 цагт зохион байгуулагдана.

• Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO-2023 “Mind­golia” уриан дор зургадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 15:00-17:00 цагт 16 дахь жилдээ зохион байгуулагдана.

Ц.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *