Categories
мэдээ улс-төр

УИХ: Хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Өөрийн үнэлгээ нь ОУПХ-ны “Парламент ба Хүний эрх”, “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдал” өөрийн үнэлгээний аргачлалд үндэслэн тодорхойлсон асуултуудыг хамрах бөгөөд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

ОУПХ нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчим, хэм хэмжээ, механизмыг улс орнуудын парламент хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхэд зориулсан парламентын өөрийн үнэлгээний аргачлалыг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж, үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлж иржээ. Энэхүү өөрийн үнэлгээ нь Монгол Улсын Их Хурлыг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр илүү үр дүнтэй ажиллахад нь дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.

Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх хүний эрхийн өөрийн үнэлгээ нь олон улсад энэ чиглэлээр хийгдэх анхны үнэлгээ болох онцлогтой бөгөөд харин жендэрийн өөрийн үнэлгээг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй улс орны парламент хэрэгжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон байна.

Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд олон улсын зөвлөх, Их Британийн парламентын гишүүн, сайд асан, хатагтай Мэг Манн, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте мөн тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форумын ерөнхий зохицуулагч Д.Гэрэл, Хүний эрхийн судлаач Б.Болорсайхан, МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор М.Батбаатар, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Б.Долгор нар Үндэсний зөвлөхөөр ажиллана.

Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран өөрийн үнэлгээний бэлтгэл хангах арга зүйн сургалт, семинаруудыг энэ оны 4, 9 дүгээр сард Улсын Их Хурлын гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах албан тушаалтан болон нийт ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан.

Энэхүү өөрийн үнэлгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэж, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бөгөөд улмаар Улсын Их Хурал, түүний Тамгын газрын 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *