Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 13 дугаар тогтоолоор Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох болон зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарыг оролцуулан байгуулсныг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаар, мөн ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтад тусгасан байна. Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээг хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосныг онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Ц.Туваан, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийгбатлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *