УИХ-ын намрын чуулган хаасныг мэдэгдлээ.
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулсан байна. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, Түр хороод 92 удаа хуралдаж, бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн болон гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 25, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 буюу нийт 46 хуулийг баталжээ. Мөн УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр, “Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан чуулганы 9 удаагийн хуралдаан хойшилсон ч Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсанв. УИХ-аас нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг тууштай баримталж ажиллаа. УИХ хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд анхаарч хийж хэрэгжүүллээ. Нийгэм, эдийн засгийн амин чухал зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” хэмээв. Мөн тэрбээр удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр “Зорчих эрхийг хязгаарлах” гэсэн заалт амьдралд нийцэхгүй байгаагаас хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулах саналыг оруулж ирсэн юм. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдээгүй гэж үзсэн. Ийнхүү санал хураахад Зорчих эрхийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг хойшлуулах төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн УИХ-ын чуулганы үдээш хойших нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга, Зам тээврийн сайд, БСШУС яамны сайд нарын томилгоог хэлэлцэн баталж томиллоо. Түүнчлэн Хэнтий аймгийн 42-р тойрогт болох ээлжит сонгуулийн хугацаа болон зарцуулах төсөв санхүүг батлав.
Ийнхүү УИХ-ын намрын чуулган хаасныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.