УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Америкийн кино зураглаачдын холбооны дарга Сол Молина болон Рикардо Стенли нарын уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ.
Тус уран бүтээлчид “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтэд уригдан ирсэн байгаа юм. Тодруулбал, дээрх уран бүтээлчид “Хувьсал“ продакшны жүжигчин МУГЖ У.Уранчимэгийн бүтээлд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж, киноны эцсийн шатны ажлыг Америкт хийсэн билээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа парламентын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, манай улсын кино урлаг болон уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлжээ. Сол Молина, “Монгол Улсад морин хуураас эхлээд дэлхийд таниулах маш олон үнэт зүйл байна. Ямар ч киног анхнаасаа зөв хийж чадвал түүний урт, богино, мөнгө их орсон эсэхээс үл хамаарч амжилтад хүрдэг. Хэрэв холливуудад гаргах сонирхолтой байгаа бол хамгийн гол нь стандартыг нь мөрдөх хэрэгтэй. Тэгж чадвал таван минутын кино ч дээд амжилт тогтоох боломжтой. Дэлхийн аль ч улсын уран бүтээлчид анхнаасаа Холливуудын стандартыг мөрдөж хийдэггүйн улмаас том алдаа гаргадаг. Монголын уул ус, байгаль үнэхээр сайхан, мөн уран бүтээлчид нь чадвартай. Тиймээс боломж их бий” гэжээ. Мөн Монгол Улсад ирж, амжилттай ажиллаж байгаа нь залуу уран бүтээлч Д.Ангараг, Э.Сант-Амарын хичээл зүтгэл их байгаа. Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулах зорилготой залуучуудтай хамтран ажиллахад таатай байдаг хэмээн ярьсан байна.