УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан намрын чуулганаа нээж байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2016 онд эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан. Ажилгүйдлийн төвшин хоёр оронтой тоонд шилжлээ. Иргэдийн худалдан авах чадвар буурсны зэрэгцээ дефляци бий боллоо. Иймээс богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах, Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй болохыг мэдэгдэж байна. Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь Цэцээр тогтоогдох боллоо.
Засгийн газарт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өмнөх УИХ-аар хэлэлцэх шатанд зарчмын болон горимын санал 536, Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцүүлэхэд 230 гаруй горимын санал гарсан нь Засгийн газрын санал үндсэндээ байхгүй болсон гэсэн үг юм. Ийм учраас УИХ бодлогын уламжлалыг хадгалах, шинэчлэлийг нийгмийн харилцааны ямар салбарт түлхүү авч үзэх ёстойг илүү авч үзэн баримталж, шийдвэрлэнэ.
Монгол Улсын 2017 оны төсөв, эдийн засгийн бодлогын шийдвэр дээр оюун бодлоо уралдуулан асуудалд бодитой хандахыг улс орны эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Гаргах шийдвэр олон нийтэд таалагдахгүй байж болох ч алсдаа үр дүнд хүрэх асуудал дээр ойлголцож ажиллах шаардлага бий.
УИХ намрын чуулганаараа Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна
Мөн Сонгуулийн тухай хуулийг дахин авч үзэх, өөрчлөн найруулахаар төлөвлөж байна. Сонгууль бүрийн өөр, өөрийн онцлогт таарсан хуулийг батлах шаардлага тулгарч байна.
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал удахгүй болно. Ажлын арвин туршлагатай, шударга, олны хүндлэл хүлээсэн хүн нь сонгогдон ажиллана гэж найдаж байна.
Өвөл хаяанд ирлээ, өмнө тохиож байсан бичин жилийн хатуухан сорилтыг байнга санаж өвлийн бэлтгэл хангаж ажиллаж байгаад эргэлзэхгүй байна.
Утааны асуудалд Засгийн газар нийслэлтэй хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг хүлээж байна. Намрын чуулган төлөвлөсөн ажлаа хийж, үр дүн гаргана гэдэгт найдаж байна” гэлээ.