Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагад албан бичгээр хариу өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ болон МАНАН-гийн эсрэг “Монгол түмний нэгдэл” бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг албан бичгээр өгөв.

Уг хариу бичигт: “Та бүхний зохион байгуулсан МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл жагсаалаас гаргасан шаардлагатай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэнд бид…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан бөгөөд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийт энэхүү зорилгыг тууштай мөрдөж, сахин хамгаалсаар ирсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу хуулийн дагуу бүх асуудал шийдэгдэх ёстой.

Миний бие Та бүхнээс тавьж байгаа шаардлагад дурдсан ямар нэгэн бүлэглэл, дэглэмийн төлөөлөгч, хамгаалагч биш. Би үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, иргэдийнхээ цалин орлого, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, тэдгээрийн биелэлтийг зохион байгуулах талаар идэвхтэй ажиллаж ирсэн.

Би МАНАН-г үүсгэгч биш, харин МАНАН үүсэхээс сэргийлэгч, үүссэн МАНАН-г арилгагч. 2005 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ын даргаар сонгогдсон даруйд МАХН болон АН-ын хамтарсан “67-ийн бүдүүн бүлэг” нэртэй МАНАН-г тарааж, МАНАН-д суурилсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаад Ардчилсан намыг оруулалгүй Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, МАНАН үүсэхээс сэргийлсэн.

Мөн 2013 оноос Монгол Ардын Намын даргаар дахин сонгогдон ажиллаж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч, ямар нэгэн МАНАН үүсэхгүй байх, нэг нам дангаар засгийн эрх барих боломжийг бүрдүүлсэн. Харин одоо шинэ МАНАН үүсэх бодит нөхцөл бүрдэж байгааг ард иргэд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилд газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөр, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тус тус заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд газрын наймаа гэх зэрэг хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа хийж байгаагүй болно. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар дээрх хууль журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотод орон сууцны олон шинэ хороолол, аж ахуй, соёл, бизнесийн төвүүд бий болсон.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тавантолгой, Оюутолгой, Төмөртэй, Мардай, Шүдэн уул зэрэг 49 ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 15 болгож бууруулан баталж байсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын орд газрууд ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон Ерөнхий сайдад байгаа эрх мэдлийн хүрээнд Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, бүрэн дүүрэн биш гэхэд тодорхой үр дүнд хүрсэн шийдвэр гаргуулж чадсан юм. Түүнчлэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад, монголын ард түмэнд хамгийн ашигтай хувилбараар боловсруулж, Улсын Их Хуралд санал болгосон боловч батлаагүй.

Би Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд, үүрэг чиглэл өгч тухайн үед 7200-д хүрч, эх замбараагаа алдсан байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 3600 болгож, хоёр дахин бууруулсан.

Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байх үедээ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Тавантолгойн орд газрыг Монгол Улсад ашиггүй байдлаар шийдвэрлэх гэж байсан гэрээг эрс эсэргүүцэж, уг гэрээг зогсоох санаачилга гаргаж, миний саналыг Улсын Их Хурлын бусад 2 дэд дарга болон Улсын Их Хурлын дарга дэмжин хамтарч, уг гэрээг замаас нь таслан зогсоож байсан.

Мөн миний тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар 2007 оныг “Шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарлаж 69 мянган шинэ ажлын байр бий болгож, 42,500 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 мянгад хүргэж, дунджаар 92 мянган төгрөг байсан төрийн албан хаагчдын цалинг 300 мянга болгон цалин тэтгэвэрийг гурав дахин нэмсэн. Гадаад валютын цэвэр нөөц 2005 онд 298 сая ам.доллар байсныг 2007 он гэхэд түүхэнд анх удаа 1 тэрбум 103 сая болгон дөрөв дахин нэмэгдүүлж, нэг ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1221 төгрөг байсныг 2007 оны эцэс гэхэд 1169 төгрөг болгож ам.долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулж, 2005 оныг хүртэл 6.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг анх удаа 10 хувь давуулан 10.2 хувьд хүргэж байсан. “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгон залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон зэрэг эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэх, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх талаар олон арга хэмжээ авч, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурийг тавьсан.

Улсын Их Хурлын даргын хувьд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж ирсэн болон Улсын Их Хурлын гишүүдээс санаачилсан хуульд нийцсэн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөөс шалтгаалж болох зохион байгуулалтын бүхий л арга хэмжээг авч байна. Тухайлбал, 2017 онд Туул голын сав газрын хамгаалалт болон агаар, орчны бохирдлын асуудлаар 2 ажлын хэсэг, 2018 онд Оюу толгой орд газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар 2 ажлын хэсэг тус тус байгуулан ажиллуулж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар гаргасан шалгалтын дүнг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23 тоот тогтоол батлуулж, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгон төрд авах шийдвэрийг гаргуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, бүх шатны шүүгч болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. Үндсэн хуулийн цэцийн даргыг цэцийн гишүүд дотроосоо өөрсдөө сонгодог. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож Улсын Их Хурал, тагнуул, цагдаагийн байгууллагын даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг тул миний бие эдгээр албан тушаалтан болон хуулийн байгууллагад нөлөөлөх ямар ч боломжгүй.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр тавигдсан 60 тэрбумын хэрэг гэх асуудлыг 2016-2017 оны хооронд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллага прокурорын хяналт доор хамтран болон бие даан хоёр ч удаа шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.

Миний зүгээс 60 тэрбумтай холбоотой болон бусад асуудлаар шүүх, хуулийн байгууллагад нөлөөлсөн, нөлөөлөх гэсэн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд 60 тэрбумтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах чиглэлийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Одоо энэ асуудлыг тагнуулын байгууллага дахин шалгаж байна.

Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүнээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардаж албан бичиг ирүүлсэн. Уг шаардлагыг харьяаллын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд гишүүдээс тавьсан шаардлага Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Энэ тухай шаардлага гаргасан гишүүдэд хариу өгөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зохицуулалт бий болгохоор хуулийн төсөл санаачлан ирүүлсэн нь сүүлийн үед тавьж байгаа шаардлага хууль бус байсныг нотолж байгаа юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Миний бие хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж, дэмжсэн санал өгсөн.

Харин улс орны эдийн засгийн бодит салбарын үйл ажиллагааг дэмжиж, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд аж ахуй эрхлэх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхээ хэрэгжүүлэх баталгаа болж байдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улсын Их Хурал, Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн зарим өндөр албан тушаалтан албаны эрх нөлөөгөө ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвийг нь тогтоон шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй, улс орон, ард иргэдийн өмнө тулгамдаж, шийдлээ хүлээсэн олон асуудал хэлэлцэгдэхгүй байгаад харамсаж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож, шаардлагад дурдсан асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсье.

Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэн тул идэр есийн жавартай, утаа орчны бохирдол зэрэг эрсдэлт хүчин зүйл ихтэй өвлийн улиралд жагсаал, цуглаанд оролцохгүй байж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа сахин хамгаалахыг ард иргэдээсээ хүсэж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *