Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Гурвансайхан сумын бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймагт ажиллах үеэрээ Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав.

Гурвансайхан суманд 200 гаруй өрхийн 800 орчим иргэн оршин суудаг. Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн хүрээнд “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж” төслийг хэрэгжүүлсэн байна. Герман технологийн дулаан хангамжийн систем, 3 км цэвэр, 2.1 бохир усны шугам, 2 км дулааны шугам болон 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган хүний замын урсгал ажлууд амжилттай хийгджээ. Мөн цэвэр усны 5000 метр куб багтаамжтай усан сантай байгуулсан төдийгүй орчин үеийн технологи бүхий цэвэрлэх байгууламжтай болсноор усыг дахин ашиглах боломжтой болсон гэв.

Эдгээр бүтээн байгуулалтыг дуусгаад эхний ээлжинд албан байгууллагуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбон, дулаанаар хангах ажлыг хэрэгжүүлсний дараа сумын 200 гаруй айл өрхийг холбох боломжтой болох юм байна.

2016 оноос эхлэх уг ажлын хүрээнд сумын нэг өрх нэгдсэн шугам сүлжээнд холбогдох өртөг ойролцоогоор 3-4 сая төгрөг болно гэдэг тооцоо гаргаад байгаа юм байна. Цаашид сумын иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд жишиг хашаажуулалтын ажил хийхээр төлөвлөсөн хэмээн нутгийн удирдлагууд УИХ-ын даргад танилцуулав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *