Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар коронавирусийн талаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Мэдээллийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар танилцуулга хийсэн юм.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ёстой зарим хороо, комисс хуралдахгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, холбогдох байгууллагуудтай хамтран хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэгдүүлэх, алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.

Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин танхимын зүгээс гаргасан саналд тусгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах боломжийг судална. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа нэг арга юм” гэв.

БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсын эдийн засагт 4-6 сарын дараа нөлөөлдөг бөгөөд 2011-2012 оны хооронд тус улсын эдийн засаг 1,4 хувиар буурахад худалдааны хориг, нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5,2 хувиар буурч байсан. Covid-19 вирусийн эдийн засагт учруулах нөлөөлөл нь 2003 оны САРС-ын үеийнхээс ч өндөр байх магадлалтай учир даатгал, эрсдэлийн сан хөгжөөгүй манай улсын хувьд ажлын байрыг хадгалах, төсөвт тодотгол хийх, татвар хураамжийг түр хугацаагаар хөнгөлөх, хойшлуулах, чөлөөлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах нь урт хугацаандаа ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Өнгөрсөн онд 4,000 тонн мах нөөцөлж байсан. Энэ жил гурав дахин нэмэгдсэн. Гурваас долоодугаар сарын хугацаанд сар тутам 3,000 тонн буюу өдөрт 100 тонн мах нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдэнэ гэсэн үг.

Нөөцийн махны үнэ хямд байгаа. Тасалдал гарах эрсдэл тун бага. Үүнийг дагаад махны үнэ тогтворжино. Нөөцийн махыг 279 цэг, дэлгүүрээр худалдаална.

Манай улсын гурилын жилийн хэрэгцээнд 300 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн онд 246.4 мянган тонн улаан буудай хүлээн авсан. Энэ нь жилийн хэрэглээний 80 хувийг хангах нөөц юм. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бидэнд 60 мянган тонн чанарын шаардлага хангасан буудай хэрэгтэй. Хил гааль, экспорт, импорт хязгаарлагдаж байгаагаас 100 мянган тонн улаан буудай импортлох ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар гурилын 3 сарын нөөц байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой буюу 1,180-1,527 төгрөгийн хооронд байна.

Цагаа будаа, элчин чихэр, ургамлын тос 100 хувь импортоор оруулж ирдэг учраас нөөц бүрдүүлэх боломжгүй байна. Одоогоор цагаан будаа 1,5 сарын, элсэн чихэр 3,5 сарын, ургамлын тос 1,6 сарын нөөцтэй байна.

Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Сүүний хэрэгцээг тооцвол жилд 154.8 мянган тонн шингэн сүү хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс зуны улиралд хангадаг. 4,000 тонн хуурай сүү импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Өнгөрөгч 2 дугаар сард болсон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нэмж 2,000 тонн сүү импортлохоор болсон.

Мөн дээр нь ариутгалын бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор техникийн спиртийн хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тонн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан.

Харин ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан.

Дээрх арга хэмжээнүүдийг авснаар мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Гэхдээ цаашид нэг улирлын хугацаагаар тооцож стратегийн нөөц бүрдүүлэх шаардлагатайг одоогийн нөхцөл байдлаас харж болно. Үүний тулд 480 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно.

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаад талархалтай байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар ярилцлаа.

Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төвбанкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм.

Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзэж байна.

ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс цаасан дэвсгэртийн хэрэглээг бууруулж, шинэ вирусийн тархалтын эрсдэлээс сэргийлэх, цахим золголтыг дэмжих зорилгоор банкны гүйлгээний шимтгэлийг 0 болгох шийдвэрийг гаргасан.

Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлдэг мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.

Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Одоогийн байдлаар 4,3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Монгол Улсын Төвбанкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.доллар байсан. Төвбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авалт хийсэн бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 4 тонн үнэт металл худалдан авсан. Дэлхийн зах зээл дээр ч алтны ханш өсөлттэй байгаа. Оны эхний байдлаар долларын ханш 0,9 хувиар суларч, төгрөг чангарсан. Бодит байдал дээр төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

-Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *