Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар тамхины цэг байгуулахыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал солилцлоо.

С.Баярцогт: -Аж ахуй нэгж, албан байгууллагад тамхины цэг байгуулах талаар ойлгомжгүй зүйл байна. Хуулиндаа аж ахуй нэгж, албан байгууллага дотор тамхины цэг байгуулна гэсэн байх юм. Баар, цэнгээний газар бол болно. Гэтэл албан байгууллага дотор тамхины цэг байгуулж боломгүй санагдаад байна. Мөн төрийн байгууллага тамхины цэг байгуулахдаа төсвөө төрөөс гаргах юм уу?

О.Баасанхүү: -Үйлчилгээний байгууллага гэдгээ тодруулж, нарийвчлах хэрэгтэй байна. Гадаад болон, дотоод орчин гэдгээ ялгаж гаргах хэрэгтэй. Тиймээс найруулгын засвар оруул. Гадаад гэдэг нь гадаадад юм уу? Чингисийн монголчууд гадаадад тамхины цэг байгуулж болох л юм.

Л.Цог: -Тамхины хяналт гэж юу гэсэн үг вэ? Төрийн хяналт, шүүхийн хяналт гэж байхаас биш Тамхины хяналт гэдэг үгээ нэг тайлбарлаач.

З.Энхболд: -Тамхины тухай хуулийн нэрийг өөрчлөх эсэх тал дээр байнгын хороо анхаарах хэрэгтэй шүү.

Г.Уянга: –Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Төсвөөс хичнээн төгрөг гаргахаар тооцоолж байгааг хэлж өгнө үү. Эрүүл мэнд, спортын яам олон улсын конвенц урдаа бариад байх юм. Гадаа хогийн сав тойрч зогсож байгаагаа тамхины цэг гээд байдаг. Ийм байж болохгүй ээ.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: -Тамхины цэгийн байршлын төсвийг сум, дүүргийн засаг дарга шийдвэрлэнэ.

Д.Батцогт: -Дотоод орчны цэгийг тухайн байгууллага өөрсдөө хариуцна. Олон нийтийн зам талбай буюу гадаад орчинд тамхины цэг байгуулахад төсвөөс тодорхой мөнгө гаргана. Албан байгууллага, аж ахуй нэгж дотор тамхины цэг байгуулах боломжтой л гэсэн болохоос биш “байгуулах ёстой” гэж заагаагүй.

УИХ-ын гишүүдийн олонхи утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай асуудлыг дэмжиж, хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *