Categories
булангууд мэдээ өд-бэх

​ӨГҮҮЛЛЭГ: Диваажинд нар мандана

Байгаль ертөнцийн мөнхийн хөдөлгөөн гэнэт зогсчих шиг болоод чих дүлийрэн шуугиж, тархи толгой битүү мансуурахад нүдээ анилаа. Ингээд хагас мансуурлын байдалтай хэсэг хэвтэв. Агаар чийглэг болоод давирхайны сэнгэнэсэн үнэртэй бөгөөд хярд намрын сэрүүн амьсгал унажээ.

Нүд сонсдог аж. Анихаар таг чиг болж харахаар холын сэрчигнээн, хуурай хэрнээ уянгалаг царгиан, шүүрс алдах мэт авиа тэртээ дээрээс удаан бөгөөд аяархан бууж ирэх нь анирлагдана. Хөвчийн гүнд салхи исгэрч, араатан улин хүрхрэх, ууль орилон шар шувуу хүүглэхээс эхлээд түмэн янзын дуу чимээ байдгийг хэн эс андах вэ. Гэвч хөвчид өөрийн гэсэн нэгэн анир байдгийг хүн тэр бүр мэддэггүй юм. Хөвчийн тэр өвөрмөц өнгө, үнэр, анир гурвыг яг тийм гэж цохон нэрлэхэд хэцүү л дээ. Зөвхөн өөрөө л мэдрэхээс хүнд хэлэхэд төвөгтэй.

Есдүгээр ангиа дүүргэснээс хойш нутагтаа ирэлгүй олон жил болжээ. Харь нутагт боолын хөдөлмөр эрхэлж гэрээ мартсан гэсэр болохын алдад өвөө маань тэнхээрхэн дуудуулж сар гаруй дэргэд нь сахиад өдгөө гэрээслэлийнх нь дагуу төрж өссөн, хайрлаж, хамгаалж явсан тоонотод нь дахин хөл тавиад байгаа минь энэ.

Нийгэм задгайрч, дөнгөж дунд сургуулиа дүүргэсэн залуус жолоо цулбуураа зоргоор нь тавьсан тэр өдрүүд өдгөөгөөс хориодхон жилийн өмнө. Өвөөгийнхөө өвдгийг түшиж хөлд орсон, дураараа өссөн эрх жаал миний бие ч үеийнхнээсээ хоцролгүй гадагшаа тэмүүлэхдээ буяндаа бузар хийж, бурхны номын ариун сүмээс нь хэдэн бурхан сэмхэн авч арилжаад явсан минь эмгэнэлтэй ч гэхэд хэцүү, гэнэн тэнэг үйлдэл байсныг нэхэн санахад уйтай. Хаврын хавсаргад гуядуулан мөлхсөөр могойн жим төдий зөргөөр бэдрэн очиж оройгоороо байц их хадтай энэ л газар, өвөөгийн өвөлжөөний байшингийн доошоо шаталсан шатаар нь тэмтчин бахим хийцтэй царс модон хаалгыг нь түлхүүрдэн орж хэдэн бурхан авч одсоноо яахин мартана.

Тайга руу шургах тусам сэрүү татавч дотор улам давчдав. Гэнэт хажуугийн бургасан дундаас нэг туулай тонгос дэгдсээр хойд хоёр хөл дээрээ зогсоход араас нь дөрвөн бүжин бүлтгэнэн дагасаар зүлгэн дээрх хөвдийн нарийн өвсийг хэмлэх нь харагдана. Би хөдөлсөнгүй. Энд туулай элбэг байдаг хэвээр бололтой. Араараа модтой ижилхэн уулсаар хүрээлэгдсэн давчуу хөндий дундуур Туулайтын горхи хөвчийн хөх судас болон мэлтгэнэнэ. Майхантын төгөл гоо үзэмжээрээ ч, ашиг өгөөжөөрөө ч нутаг усны минь бахархал, өвөөгийн минь хөх уул билээ. Тэгээд л өвөө минь нэг насаараа эндхийн ой хамгаалагч явсансан. Гэтэл одоо Майхантын ар эрвэн, сэрвэн үстэй хожгор толгойтой хүний хуйх шиг болжээ. Байгаль ертөнцийн хувь заяанд нийгмийн ялгаа, төрийн бодлого, хүний оролцоо ингэж хурдан нөлөөлдөг аж.

Үд дундын алдад нарны туяа энэ өндөрлөг газрын хажуугаас таширлаж хөвчийг нөмөрсөн хөхөмдөг униар сийрэгшин ойн алаг цоог амьдрал тод ялгарна.

Голоо дагаад хад жимсний бут битүү ургаж найман сард навчаа гээж яг л багсайсан усан үзмийн талбай шиг болж, сийрэгхэн моднуудын чөлөөгөөр хөвдөнд бүрхэгдсэн хад чулууны хооронд зууван хэлбэртэй, том ширхэгтэй аньс ягаараад ёстой нэг хаашаа ч харсан хангайн хишиг нүд баясгаж, сэтгэл цатгах бөгөөд жимс самрын гарц сайтай жил тэр их элбэг дэлбэг юмнаас юугий нь түүж, хаашаа явахаа мэдэхгүй нүд эрээлжилж, хөл ороолддог тийм л өгөөжтэй газарсан. Гэтэл би энэ хүртэл мацахдаа сая юу ч олж харсангүй, аньс огт гарсангүй, гагцхүү өмхрөөд дуусч байгаа хэдэн хожуулын дэргэд хөвд бүрхсэн довон дээр ганц хоёр жимс бөнжийж, хад жимс ширхэг ч харагдсангүй. Бүр нохой хошуу хүртэл үзэгдсэнгүй.

Миний зорьж ирсэн өвөлжөө ч байхгүй болж урьд өмнө хэзээ ч байгаагүй юм шиг ул мөргүй буурин дээр нь тэмээн шарилж битүү ургасныг хараад нүдэнд маань чийг дааварлаад ирэв. Өвөлжөө ч гэж дээ бид тэгж нэрлэж заншсан болохоос нутгийнхан “оточ” Жанлавын отог гэдэг байлаа. Гаднаасаа жижигхэн харагддаг ч дотроо сүрхий уужим тохилог хоёр хөөрхөн цонхтой байж билээ. Хаалга үүдийг нь зузаан царсаар хийсэн ч цоожгүй. Анчид ирж отоглох нь ч олонтаа. Өвөөг дагаж энд мөн ч олон удаа ирж хоноглохдоо тэртээ доорх хонгилд нь орж бурхан номынх нь тоосыг арчиж зул, хүж асааж залбирал мөргөл болоход нь чимээгүй даган баясдагсан. Өвөө тэр үед юу ч үл дуугарах бөгөөд миний хүү том болохоороо бүх учрыг нь мэднэ гэнэ. Гэтэл одоо болоход сүх далайж тамираа барахгүй гэсэндээ хэн нэг нь малын пүнз хийхээр аваад явчихсан ч юм уу бүү мэд, буурь нь харлаад уджээ.

Тайга цаанаа л нэг харийн хөндий юм шиг санагдаад явчихав. Орвонгоороо булгарч унасан том том дархи, ид залуугаараа тайрагдаж хувхайрсан хожуул дунд хэрхэхээ мэдэхгүй хэсэг зогсов. Өндөр гоолиг нарс хээнцэр ганганаа гайхуулж үндэс булаалдан зэрэгцээд сүглийж байсан газар одоо ямар болчих нь энэ вэ? Орой дээрх хэдхэн мөчрөөс нь өөр нэг ч яр гишүү байхгүй, үзүүр ёзоор хоёр нь бүдүүн нарийнаараа бараг тэнцүү гоолиг нарс, шинэс модод “сайхны өмнө нүд буруутай” гэгчээр ийн хэлмэгджээ. Майхант уулын зүүн мөргөцөг хүртэл ийм хожуулууд нүд эрээлжилж дотор муухайрмаар үргэлжилнэ.

Буурал эцгийнхээ хөлс хүч, ур чадвараа гаргаж босгосон байшингийн туурин дээр ирээд хамаг л зорилго маань хийсэн одох шиг болов. Энэ олон жилд эргэж тойрч байгаагүй аавдаа, хүний нутагт доншуучлан амьдарч ирсэн өөртөө бухимдаж галзуурах шахав. Орхигдож хоосорсон нутаг минь. Эх орон эмтэрвээс элэг эмтэрнэ гэгч л энэ болов. Насаараа л бусдын тэжээвэр мэт явсан надад өөрийн зорилго гэж юу байв. Эцэг эхээс төрүүтээ л эмээ өвөө дээрээ өсч эрийн цээнд хүрүүтээ л эх орноо орхиж, эд өглөгөөс нь зарж үрээд бусдыг даган харь хүний харцан дор ажиллаж хэдэн төгрөгний боол болж явсан надад өөрийн гэсэн бахархах газар шороо минь энэ л тоонот мөнөөсөө мөн байсныг хоромхон зуурт мэдрэв. Насаараа хангай дэлхийгээ шүтэж эмийн өвс ургамал түүж, хандалж хадгалж, хэрэг болсон амьтан ах дүүстээ өгч нутаг орондоо “оточ”, бас ой хамгаалагч, заримдаа анчин хэмээгдэж явсан өвгөн аав минь насан хутаг болохдоо надад юу хэлсэн билээ.

-Хүү минь, өвөө нь чамд бурхныхаа сүмийн түлхүүрийг өгье. Тэнд бурхан, ном судрыг олноор нь хадгалсан байгаа. Шүтэж, дээдэлж, хүндэлж чадахгүйгээс хойш та нарт хэрэггүй. Улсынхаа сан хөмрөгт авчирч өгөөрэй. Өвөг дээдсийн маань үеийн үед шүтэж, сүсэлж явсан шүтээнүүд энэ цагийн та нарт бол бүхэл бүтэн музей болох эд хөрөнгө залаастайгаа, хадгалаастай бий. Одоо дахиж харийн нутгаар битгий тэнэ, сэтгэлийн мэлмий чинь сохорно. Чамд өөрийн гэсэн эх орон чинь байна. Гэтэл эрчүүд нь тэнэж эх орон, газар шороо чинь эзгүйрч гүйцлээ. Яагаад та нар чинь уугуул ус, суугуул нутгаа орхиж, задарч бутарч явна вэ? Майхант ууландаа оч. Тэр хайрхан чинь уулан дээр ургасан уул юм шүү. Өвөөгийнхөө отгийг очиж додомд. Тэгвэл буян заяа чинь тэгширнэ. Нутаг холдож, нас өндөр болоод чамайг явснаас хойш ер очиж амжсангүй. Бурхны гүнгэрваанд байгаа тэр Намсрай бурхныг отог дээр минь авч очоорой гээд ногоон зогдортой цагаан арслан дээр хагас завилан суугаад баруун мутартаа жалцан барьж хоосон ядуугийн зовлонг арилгагч элдэв үнэт эрдэнэ чимэг биедээ зүүсэн бурхандаа сүслэн залбираад амандаа “Ум бээ шаравана ай суухай” хэмээн хэдэнтээ уншин адис өгөөд

-Цус, нулимс хоёрт бурхны мэлмий сэвтдэггүй юм. Газрын диваажинд маань нар гарч, солонго татах цаг нь болжээ. Ямархан он жилүүд өнгөрч, үгүйрэл хоосрол нүүрлэв. Аав минь гучаад онд эсэргүү болж баригдаад явахдаа тэр газар орныг надад хэлж мануулсан юм. Энхжинг эгээрсэн агуу их өвөг дээдсийн минь шүтээн ч тэнд бий. Өвөө нь их ч додомдсон. Одоо чиний ээлж ирсэн ч түүнийг арчилж чадахгүй биз дээ. Нэг хэсгийг нь чи үрэн таран хийгээд явсан. Өвөө нь тэр байрныхаа шалыг гурван давхар доошоо үелсэн байдлаар хадаж, нууц хонгилоо чагталж далдалсан. Яаж онгойлгох, хэрхэн хүрэх маршрут зургийг нь өгнө гээд

-Ээ ногоон дара эх минь гэснээ Намсрай бурхныхаа суумал шармал тагийг авч дотроос нь хонины зөөлрүүлж элдсэн алга дарам илгэ гаргаж дээр нь сүмийн хаалганд хэрхэн яаж очихыг нарийвчлан зурснаа тайлбарлаж өгсөнсөн.

Уулын сүүдэр зүүн талын модот уулын ам жалгыг нөмрөн оройн нар өрнийн хөх сарьдгийн оргилыг шүргэх дөхжээ. Ухаан санаа дэн дун. Би хэн, хэзээ нурааж одсоныг мэдэхгүй өвөөгийнхөө отгийн буурин дээр ургасан зэрлэг өвсийг зулгааж суутал нүдний үзүүрт гэнэт эвэр нь ч ургаж гүйцээгүй зүр зогсож харагдав. Юусан билээ хэмээн ахиулан ажвал салаа эвэр нь сэрийсэн өндөр том биетэй өл халзан гур ч цаана нь зогсох аж. Гөрөөсөд хүзүүгээ сунган өлийлдөж хамар нь сарталзан хоолой төвөнх нь гүрэлзэх авай.

-Хайрхан минь, сахиус минь гэхдээ би өөрийн эрхгүй нүдээ аньж дээдсийн сүнснээс өмөг түшгийг эрэлхийлэн нүглээ наманчлан сөгдөв.

-Хөвүүн чи гэр рүүгээ зүглэ! Ширэнгэн дундах зөрөг дагаад яв, авчирсан бурхнаа орхи! Эдэлдэг эрчүүд цөөрч, эвдэлдэг хөвгүүд олширсон хатуу цаг шүү хүү минь гэж хэлэх шиг болсноо өнөөх зүр, гур хоёр Майхантын орой тийш долоон өнгийн солонго татуулан агшин зуур алга болоход өөрийн эрхгүй дотор зарсхийж эрүү ам маань эвлэхгүй татвалзаад явчихав. Нэг мэдэхүл хадганд боосон бурхнаа өврөөсөө гаргаж газар хонхойлон булаад жим төдий зөрөг даган сүүдэртэйгээ хөөцөлдөн яаравчлан уруудлаа.

-Хайрхан минь, өршөө. Би чинь ямархан цагийн хүн бэ? Диваажинд нар мандаг гэж өвөө маань юу бодож хэлэв. Сая надад юу үзэгдэж, хэн үг шивнэв.

Түмэн бодолд автаж хэсэгхэн зуур сатаарч булгарч унаад газраас хөндийрсөн нэгэн нарсны дэргэд амьсгаагаа дарж жаахан суугаад буурал хөвдөөр хучигдан бараантах том үхэр чулууны дэргэд орхисон машиндаа хурдхан хүрэхийн түүс болж, үхэр чулуутай бут бургасан дундуур багадаа хонь хариулж, арынх нь ойд нэрс түүж явсан хяр даган уруудахдаа саяхан зурагтаар нэгэн байгаль хамгаалагч хулгайчдын гарт өртөж хядуулсан модны хожуулуудын өө сэвийг нь өөрчлөн хөөрхөн туулайн дүрс болгон сийлж будаад, дэргэд нь үрсэлгээ хийж байхыг харсан минь бодогдохуй хүн амьтны хөлөөс зайдуу байгалийн аглагт өвөөдөө зориулан энхжингийн ариуслын ордон босгоё байз хэмээн бодтол зүрх хөөрч, сэтгэл огшоод ирэв.

Би газрын мухраас бус сэтгэлийн мухраас гарч яваа юм шиг хөөрч тэр хүнтэй холбоо барих минь, байшинг нь ч шинээр барья хэмээн шийдэв. Сэтгэлд нүд гарах гэдэг энэ ажээ.

Нар тэнгэрийн хаяанд олон жадны үзүүр мэт сэрвийх гацуур модны оройд хатгуулчих вий гэсэн шиг ихэд удаан гэлдрэн жаргаж байв. Чулуунуудаа илбэх Туулайтын горхи шоржигнож, салхигүй нарны амьсгаанд моносны навч сэрчигнэж авай.

МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.ЗАЯАБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *