Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өгий нуураар аялахуй дор

Зургийн тухайд…

Та бүхэнд миний гараар авагдсан байгалийн зургийг толилуулж байна. Авагдсан гэдэг ийм учиртай, зургийн аппаратыг зохих газарт хүргэх, түүнчлэн обьект руу чиглүүлэх, зураг авах товхыг дарах зэрэг юугаар ч орлуулшгүй чухал ажлууд миний гараар хийгдсэнийг хэлж байна. Харин тухайн байгалийг хэрхэн өнгө үзэмжтэй буулгах талыг зургийн аппарат өөрөө хариуцсан гэхэд болно.

Байгалийн зураг сонгож авсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Юуны өмнө байгаль бол ямар ч гомдол гаргадаггүй сайн үйлчлүүлэгч бөгөөд “миний зураг ийм тийм гарчихлаа, дахиад даруулмаар байна” гэхчилэн хэл ам таталсан удаа нэг ч гараагүй хэмээн ахмадууд барим тавим хэлж байна. Түүнчлэн “миний зургийг угааж өгнө биз дээ”, “тэр жилийн өнөө зураг яасан бэ” гэх зэргээр нэхэл дагал болж түвэг уддаггүй сайн талтай.

Нөгөө талаар “Монголын байгаль үнэхээр үзэмж төгс тул муухай авсан ч гоё зураг гардаг” хэмээн гэрэл зурагчин найз маань хэлсэн юм. Уг нь би түүнээс магтаалын үг сонсох санаатай зургуудаа үзүүлсэн чинь тэгж хэлсэн. Ингээд бодохоор байгалийн фото зураг мань мэтийн тааруухан нөхдийн сул талыг сайн нууж өгдөг маш чухал ач холбогдолтой.

Авьяас бага байхын хэрээр багаж зэвсэг сайн болдог номтой. Энэ жам ёсоос гажаад яахав, түвэг гэж бодоод тун давгүй аппарат хэрэглэдэг. Нэлээн сүүлийн үеийн Сони Алфа 77, бараг энэ жилийн загвар санагдана. Сайхан эд ээ, бараг л “наадах чинь арай л биш ээ, жаахан зүүн тийш”, “хурдаа жаахан хасахаа мэддэггүй мал уу” гэж хэлнэ дээ. Би тэгэхээр нь “Тийм сүрхий л юм бол өөрөө тааруулаад ав” гээд автомат горим дээр нь тавьчихаж байгаа юм.

Сони фирм анх хагас-мэргэжлийн фото аппарат хийж эхлэхэд авсан Алфа 100-гаа ер нь дуусгасан. Дотор нь нэг юм дуугараад, шажигнаад болохоо байчихсан. Амьтны, ялангуяа зэрлэг амьтны зураг их авахаар тэгдэг гэж мэргэн хүн ховлого татаж үзээд хэлсэн. Үнэхээр ч дотор нь баахан амьтан орчихоод тонгочоод байна уу гэмээр байдаг юм. За тэр ч яахав.

Эцэст нь сайхан мэдээ дуулгахад, миний бие гэрэл зургийн салбарт хүч үзэж, амьтан хүнд садаа болох, түвэг удах ямар ч бодолгүй, боддог байлаа гэхэд авьяас чадвар огт байхгүй гэдгээ дуулгахад таатай байна.

Зүгээр тэнэхээр зүү утас бариад оёчихмоор юм хайж тэнүүчил гэгчээр фото зураг нь аялал, явдлыг утга төгөлдөр, зугаатай, дурсамжтай болгодог гайхамшигт хобби юм билээ.

Үзэсгэлэнт эх орныхоо дүр төрхийг зураглан харах дуртай, төрсөн нутгаасаа алс хол явахдаа унасан газар угаасан усныхаа үзэмжийг харж сэтгэлээ хөглөхийг жаргал гэж үздэг тийм хүмүүст зориулан зургуудаа толилуулж байна. Байгалийн зургийг яаж ч муу авсан гоё сайхнаараа гардаг гэдгийг дээр хэлсэн билээ.

ӨГИЙ НУУРААР АЯЛАХУЙ ДОР

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн…за за байгаль юм чинь үзэсгэлэнтэй байж таараа, үзэсгэлэнтэй байгаа хойно юм юм бүрдсэн л байх нь дамжиггүй. Өгий нуур бол Өгийнуур сумынхаа зүүхэнтэй байдаг. Өгийнуур сум хаана байдаг юм бэ гэж үү, Өгий нуурынхаа баруунтай л байж таараа шүү дээ.

Нуурын өмнөд эрэгт “нуурын музей” байх ба тэнд Өгий нуурын экосистемийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаг.

Дэнжийн мянгын Ногоон нуурыг эс тооцвол Улаанбаатарт хамгийн ойр орших томоохон нуур бол яахын аргагүй Өгий. Хатуу хучилттай замаар 200 гаруй км яваад очно доо. Тэнд улаанбаатарынхан машинтай нь машиндаж, машингүй нь дайгдаж очно. Жил ирэх тутам л хүн ихсээд байх болж. Арваад жилийн өмнө бол бараг майхныхаа амаар уургаа шидээд загас барьдаг, аглагдуу байгаль байж. Энэ жил дөрвөн дугуйтай “штоонк” унасан баахан залуус, бас усны “моцийлэк”-тэй хүнтэй хамт амарч таарав. Дөрвөн дугуйтууд нь майхны хаяа бараг гишгүүлэн чарлуулж салхидаад, усны “моцийлэк”-тэн нь урдуур хажигнаад нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт хэд өнжив. Хэрвээ загасанд уушги байсан бол нуураасаа гарч хамар даваад дайжсаан, дайжсан. Мотортой аялагч жаргахын хэрээр бусад аялагчдын жаргал хомсдох тул “Нарантуулын уулзварт гудас хаяад хэвтэхэд энэнээс илүү чимээтэй болов уу, дутуу чимээтэй болов уу” гэхчилэнгийн юм бодогдоод байсан шүү. Гэхдээ сайхан байсаан, муу амлах юм биш.

Нөгөөдөр нь “штоонк”-тонгууд өөр газрыг “сэрээхээр” одож, усны “моцийлэк”-той нөхрийн бензин дууссан сураг гарч нуур ч амгалан, нугас ч амгалан, нугас байтугай загас ч амгалан болов.

2012.07.19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *