Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто зам болон Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын далан өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн усанд сэтэрч, эвдэрчээ.
Иймээс гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-элгэн өртөөний замчид болон байгууллагуудын 470 орчим хүн оролцож байна. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын баг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Мөн Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үнэлгээг хийж байгаа аж.
Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн байна.
Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэнээс гадна Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байгаа аж.