7 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бүгсий, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Хангай нурууны арын Хануй, Идэр, Чулуут, Сэлэнгэ, Орхон, Зүүнтүрүү, Ачуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дундаж түвшинг 40-120 см, Хархираа, Үүр, Онон, Улз голын адгаар үерийн түвшинг 10-45 см даван тус тус үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 12-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Наадмын өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгаар урсан өнгөрдөг гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-07-11