МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн багш “Жил бүр элсэлтийн бүх шалгалтандаа авах ёстой дээд оноогоо авчихсан хоёр, гурван хүүхэд манай сургуульд элсдэг. Тийм хүүхдүүд их сургуульд авах мэдлэгээ аль хэдийнэ авчихсан, уншиж судлахаа судалчихсан байдаг. Тэдэнд юу зааж, яаж харьцахаа багш нар мэдэхээ больчихдог. Бид оюутнуудад нийтэд нь хичээл заах үүрэгтэй. Ганц, хоёр тийм хүүхэдтэй тусгайлан ажиллах боломж олдоггүй. Гэтэл нөгөө хүүхэд маань Монголын хамгийн том сургуульд орчихоод мэддэг зүйлээ сонсоод суухаар өөртөө сэтгэл ханачихдаг юм уу, эсвэл тоомжиргүй болчихдог юм уу. Төгсөхийн үед энгийн оюутнуудаас ялгарахааргүй болчихсон байдаг. Гадагшаа өөр сургуульд суръя гэхэд танилгүй бол боломж бараг байхгүй. Уг нь тийм авьяастай хүүхдүүдээ их сургуулийн түвшинд дээд зэргээр боловсруулж, ашиглавал улсын хөгжилд дэмтэй дээ” гэж ярилаа.
Дунд сургуульдаа өөрийгөө хөгжүүлж, өндөр мэдлэгтэй болсон ч мөнгө санхүүгээс шалтгаалж гадаадад сурах боломжгүй хүүхэд олон бий. Тэгэхээр их сургуульд тийм хүүхдүүдийг сургах танхимтай болж, оюутнуудаа өндөр шалгуураар элсүүлдэг болъё. Тэдэнд багшлах багшид ч шалгуур зааж, өндөр чадвартай боловсон хүчинг бэлтгэхэд төрөөс дэмжье. Жирийн оюутнуудаас тусад нь сургаж, өндөр хангамж эдэлснийх нь хариуд улсдаа ажиллах шаардлага тавьж, боломжоор нь хангамаар байна. Тэд улсын хөгжлийг хурдасгах хөдөлгүүр нь болно.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР