Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэд тодорлоо

Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр). Монгол Улсын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы энэ жилийн шилдэг бичлэгийн шагналын эзнээр нийтлэлч, Монгол Улсын төрийн соёрхолт Баабар тодорлоо. Баабар бол нийтлэл гэдэг ийм жишигт байдаг, нийтлэлч гэдэг энэ хэмжээнд бичих ёстой гэсэн хэм хэмжээг Монголын сэтгүүл зүй, нийгмийн амьдралд батлан харуулж байгаа хүн юм. Түүний бичсэнийг уншаад хэн үнэн, худал хэлж байгааг, үйл явдал аль чигт байгааг баримжаалж хардаг уншигчид олон. Гэхдээ хүссэн хүн ийм итгэл, найдварыг уншигчдаасаа аваад байдаг юм биш. Харин бичиж туурвисан нь олон жилийн турш хүмүүст чигийг зааж, итгэл үнэмшлийг өгсөн байх учиртай. Нийтлэлч Баабарын бүтээлүүд улс төр, нийгмийн хандлагыг, Монгол Улс дэлхийн хаахна явааг өөрсдөд маань хэлж өгдөг. Бас болдоггүй улстөрчдөд Баабар л хэлхсэн хатуухан үгээрээ ухамсрын “шанаа” өгч чаддаг юм. Түүнд хусуулчихгүйн тулд хичээдэг нөхөд ч олон болсон. Баабарын нийтлэлийн дараагаас Мэргэжлийн Засгийн газар байгуулах талаар хүмүүс ярьж, төр сульдахаараа хуулиа биелүүлэх тэнхэлгүй болж сулдайдгийг энгийн жишээгээр ойлгож, бас худал эх оронч царайлж цаагуураа эх орондоо халтай үйлдэл хийгчдийг ч таньж эхэлдэг билээ. Өнгөрч буй онд түүний бичсэн “Зааныг нь анзаарсангүй”, “Төрөө нураахын “жаргал””, “Мэргэжлийн Засгийн газар байгуулъя”, “Шударга эвсэл”, “Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу” зэрэг нийтлэлүүд нь уншигчдын зүгээс өндөр үнэлгээ авч, шилдэг бичлэгийн шагналыг хүртэв.

Бямбажавын Цэнддоо. “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт нийтлэлч Б.Цэнддоо шилдэг бичлэгийн шагналтнаар шалгарлаа.Түүний улаан фэнүүд ёстой л Монголоор дүүрэн гэхэд буруутахгүй. Тэдгээр фэнүүд нь аль ч салбарт бий. Доо эрхлэгчийн бичсэн фельетоныг уншсан хүний элэг хөших дөхнө. Харин сургамжийн шинж чанартай нийтлэлүүдийг нь уншвал юун инээх манатай амтархан, шимтэн уншаад бүүр хайчилбар болгоод хадгалчихдаг хүмүүс ч олон. Түүний бичсэн нийтлэлүүд нь шүүмжилсэн байлаа ч муулсан үг олдохгүй. Гэхдээ аль хэдийнээ яг л голыг нь олоод хэлчихсэн байдаг. Нэгэнтээ түүний фельетонд нэр нь дурдагдаад шүүмжлүүлчихсэн хүнтэй таарч явлаа. Тэрээр “Цэнддоо намайг тэгээд хэлчихсэн байгаа юм даа” гээд инээдээ барьж ядаад л ярьж билээ. Угтаа Доо эрхлэгч түүнийг болгож тавьсан байсан л даа. Харин нөгөө хүн яагаад ч юм уурлаагүй хүлээн зөвшөөрөөд инээж байсан нь санаанаас гардаггүй юм. Доо эрхлэгч ингэж л заргалдах аргагүй,үнэнийг өөрөө хүлээн зөвшөөртөл нь бичиж чаддаг юм.

Цэнддоо эрхлэгч маань сони­ныхоо оны шилдэг бичлэ­гийн шагналд шалгарсан нь нэр төрийн хэрэг бөгөөд манай сонины мянга мянган уншигчид энэ явдлыг талархан хүлээн авах билээ. Энэ жил тэрээр “Түгжил барилдлагат өдөр”, “Үндэсний хуурамч долоо хоног”, “Батинжнээрийн үлгэр”, “Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй тэмцье” зэрэг нийтлэлүүд туурвисан нь уншигч олны зүгээс ихээхэн өндөр үнэлгээ авч улмаар “Өдрийн сонин”-ы шилдгээр шалгарлаа.

Энхбаатарын Хүрэлбаа­тар. “Сэтгүүлч хүн хөлөөрөө явж мэдээлэл олдог” гэдгийг энэ цагийн сэтгүүл зүйд бахархалтай баталж чадаж байгаа сэтгүүлч бол Энхбаатарын Хүрэлбаатар билээ. Тэрбээр өнгөрч буй 2014 оны хувьд тоотой өдрүүдийг гэртээ өнгөрөөсөн байж ч магад юм. Э.Хүрэлбаатар Монгол орныг баруунаас зүүн, өмнөөс хойш хэрж, шинэ сонин мэдээ мэдээллийг уншигчдадаа өгөхөөр зав чөлөөгүй гүйсэн. Түүнийхээ ч үр шимийг хүртэж “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэн гэсэн нэр хүндтэй шагналыг анх удаа хүртэж байна.

Тэрбээр баруун урд Шивээ хүрэнгийн боомтоос зүүн хойд гурван хилийн уулзвар Эрээнцав хүртэл, хойд хил Алтанбулагаас Замын-Үүд хүртэл тээврийн бүхий л хэрэгслээр явж гайхалтай сурвалжлагуудаа уншигч олондоо хүргэсэн юм. “Өдрийн сонин”-ы редакци улс орны хамгийн халуун цэг, хамгийн дуулиан шуугиантай газруудаас амьд сурвалжлага, ярилцлагыг бэлтгэж түгээхийг байнга хичээж ирсэн. Редакцийн томилолтоос шантрахгүй эр зориг гарган явдаг байсан Э.Хүрэлбаатарын шургуу зан түүнд нэр хүндтэй шагналыг авчирч байгаа юм. Голын мөс цөмрөхөд урсч одсон эх үрийг онцгойгийн ажилтнуудтай зэрэгцэн хайж, хүн амины хэргийн халуун мөрөөр гэрчийг дагуулан хохирогчийг булсан уурхайн нүхийг эрж, охиноо алдсан аавд заамдуулан гэрээс нь хөөгдөж байсан амаргүй үеүд түүнд бий. Гэхдээ энэ бүхэн уншигч олондоо бодит мэдээллийг өгөх гэсэн чин хүслийнх нь дэргэд бага саад байлаа. Тэрбээр хил дамнаж “Өдөрт мянган машин нүүрс гаргадаг байсан Шивээ хүрэнгийн боомтоор өдгөө зуун машин гарч байна”, “Гурван улсын хил дээрх Эрээн цавын эвдэрхий вокзал” сурвалжлага бэлдэж, Арлын Японыг шуугиулж буйИчиножо Ичинноровын эгэл даруухан хөдөөгийн гэрээс “Лу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх Ичиножо Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа” бичлэгүүдээ бэлтгэн, мөн хамгийн сүүлд Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” цуврал сурвалжлагуудаа хүргэсэн билээ. Гурван мянган малтай айл зээрийн мах идэх гэж шуналтаж байгааг дуулгаж, цагаан зээрийг хоморголж агнаж буй хэрэгтэй улаан нүүрээрээ тулж байж хийсэн сурвалжлагууд нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байгаа юм. Энэ бүгдээс нь гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг шоронгоос гарч ирэхэд нь авсан ярилцлага, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, З.Төрмандах, Д.Базаргүр нарын ярилцлагууд нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан билээ.

Норовын Гантулга. Монголын сэтгүүл зүйн салбарт бяр, зангараг зааж яваа сэтгүүлч бол Н.Гантулга. Түүний хувьдөнөө жил уран бүтээлийн арвин ургац хураасан жил байлаа. Уншигч та бүхэн Н.Гантулга сэтгүүлчийн байгалиас заяасан авьяас нэвт ханхалсан олон тансаг яруу үг хэллэгтэй аян замын тэмдэглэлийг шимтэн уншдаг биз ээ. Мөн халгиж цалгисан, цог хийморь бадраасан, бас ухаарал хайрлах уянгатөгөлдөр олон сайхан хүмүүсийн талаарх хөрөг нийтлэл, ярилцлагуудаараа уншигч таны оюуны мэлмийг мялаасан. Мөн улс төрийн адармаатай үйл явдал болон түүний цаана болж байгаа нууц зүйлсийн үнэн төрхийгилчилсэн нийтлэл олныг бичсэн билээ. Н.Гантулга”Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг “Ганцаараа идвэл ганц худгийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад”, “Увс хүн монгол хүн мөн үү” , “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр машинаар буллаа. Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ”, “Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ” , “Долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд гүйдэг Ардын намыг нэг мөр богтлооч ээ” зэрэг нийтлэлүүдээрээхүртэж байна.

Энхцагийн Энэрэл. “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналын эзнээр Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Э.Энэрэл тодорч байна. Э.Энэрэл маань хариуцсан ажил, бичсэн нийтлэлдээ “эзэн нь” байхыг бусдадаа үргэлж үлгэрлэж ирсэн. Бичсэн нийтлэлээ хэд, хэдэн удаа уншиж, нягтлаад жижүүр, дугаар удирдагчид хариуцлагатайгаар хүлээлгэж өгнө. Тэгж уншсан материалд утга найруулгын алдаа бүү хэл үг үсгийн зөрүү ч байдаггүй учраас бид “Энэрэл дарга уншчихсан бол асуудалгүй” гэж ярьцгаадаг. Албаныхаа сэтгүүлчдийн хариуцсан ажил, бичсэн нийтлэлд ч яг ингэж ханддаг юм. Сурагчийн ширээнд байхаасаа л сонины гал тогоонд ирж, бараг хорин жил энэ газарт “чанагдаж” байгаа болохоор сэтгүүлчийн ажлын жаргал, зовлонг хамгийн сайн мэднэ. Тийм ч учраас албаныхаа сэтгүүлчдийн хамгийн ойрын хамгаалагч, туслагч байж чаддаг. Энэ бүхнээс гадна сэтгүүлч Э.Энэрэл улс төрийн өндөр мэдрэмж, туршлагатай. “Үйл явдал ингэж өрнөнө” гээд улс төрийн тойм, гаргалгааг гаргахад яг л таарч байх жишээтэй. Тиймдээ ч түүний бичсэн гол нүүрний нийтлэлүүд нь үнэ цэнэтэй байдаг юм. Эрх баригчдыг халуухан шүүмжлэлээрээ шүршдэг түүний “Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар хөнөөлтэй, “Цагаан халатын эрэлд” нийтлэлүүд нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан. Мөн “Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй сандарч байхад Төрийн ордон шиг байшиндаа дүүргийн дарга нар тарвалзаж сууна”, “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё” цуврал нийтлэлүүд нь эмнэлгээр хомсхон өнөөгийн нийгэмд санал сэхээрэл авчирч албан байруудыг эмнэлэг болгох үйл ажиллагаанууд ар араасаа өрнөхөд хүргэсэнд талархахаас аргагүй. “Өдрийн сонин”-ы эхний дугаараас нь эхлэн ажиллаж буй түүний даацтай нийтлэлүүдээс гадна “П.Анужин: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй”, “Б.Амарсайхан: Их хаанаа Жингис, Гингис биш Чингэс гэж дуудуулсан нь тэр багт монгол хүн байсных” гэсэн ярилцлагууд нь түүнд энэ оны шилдэг бичлэгийн шагналыг авчрав.

Буянжаргалын Цэцэгдэлгэр. Б.Цэцэгдэлгэр маань сонины шилдэг бичлэгийн тусгай шагналтан боллоо. Мэдээж анхныхбиш. “Долоон настайохин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ”, “Тувад монгол бүсгүй шатаасан хэргийн мөрөөр”, Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ”,”Парист зарагдсан ногоон дарь эх нь Чойроос зарагдсан бурхан мөн үү” зэрэг эрэн сурвалжилсан сурвалжлага, нийтлэлүүдээрээ энэ удаа шилдэг бүтээлийн шагнал хүртэж байгаа юм.Сонин содон, баримттай, дуулиантай мэдээ мэдээлэл сурвалжлагуудыг уншигч та бүхэнд хүргэж байсан Б.Цэцэгдэлгэр сониндоо мэдээ мэдээлэл, сурвалжлага, ярилцлага нийтлээгүй өдөр гэж бараг л үгүй. Залуу хүний үлгэр дуурайлал болохоор энэ бүсгүй маш хөдөлмөрч, дайчин. Ямар нэгэн мэдээ материал баримтын араас явсан бол хоосон ирнэ гэж байхгүй. Мөн сэтгүүлч хүний баримтлах ёстой зарчмыгягштал биелүүлнэ. Ямар нэгэн нэмэлт сэтгэлийн хөөрөл, үзэл бодлоо бичнэ гэж үгүй. Хувь зан чанарын хувьд ч маш хүлээцтэй, хэр баргийн зүйлд уурлаж бухимдахгүй тайван хүн шиг хэрнээ, ажлаа бол гялалзуулна шүү дээ. Тийм амгалан тайван хүнээс яаж ийм их хурд, ийм дайчин чанар гардаг юм гэж гайхмаар. Б.Цэцэгдэлгэрийг ямар нэг мэдээллийн мөрөөс атгаад авсан бол хоосон ирэхгүй гэдгийг бид анддаггүй. Тиймдээ ч түүний тэр дайчин хөдөлмөрийн үр дүнг та бүхэн өдөр бүр амтархан уншдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Дашбалбарын Мөнгөндалай. Өглөөний хурал дээр Эрэн сурвалжлах, тоймчдын албаныхныг магтвал Д.Мөнгөндалай дарга өдөржин баярладаг. “Өдрийн сонин” дээрх олныг шуугиулсан эрэн сурвалжлах нийтлэлүүд түүний оролцоогүйгээр гарна гэж байхгүй. Шинэ мэдээлэл, нийтлэлийн санаа олчихвол түүн шиг баярлаж, түүндээ жаргадаг хүн цөөн. Товч агаад тодорхой бичихийн үлгэрийг Д.Мөнгөндалайүзүүлдэг. Улстөрчөөс эхлээд цэцэрлэгийн хүүтэй хийсэн ярилцлага ньолныг шуугиулж чаддаг. Энэ нь аливаа нийтлэлийг бичихдээ зөв өнцөгдонжийг нь олдгийнх. Бас нарийн нандин мэдээллээ түүнд итгэж хэлдэг хүмүүс олон бий. Авьяаслаг уран бүтээлч, яруу найрагч бас эх оронч хөвгүүн О.Дашбалбарын охин түүнээс аавынх ньавьяас, зан чанар нэвт үнэртдэг билээ. Д.Мөнгөндалай “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг олонтаа хүртэж байсан. Энэ жил “АН Сүхбаатарын талбайг устгасан, одоо Улаанбаатарыг устгаж адууны жүчээ болгох нь”, “Сөхөрсөн хүчнийг дүрэлзсэн хүн болгох боломж АН-д ирэв”, “МАН захлаад гэдийчихлээ, одоо хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй”, “Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хойморт залрах болов” зэрэг нийтлэлүүд нь яах аргагүй олныг шуугиулж, олон ч улстөрчийн зүрхэнд шар ус хуруулсан.Мөн Ш.Сүрэнжав: Р.Чойномыг авьяасгүй гэж хэн хэлэх юм, адарч, алдаж яваад л дууссан ярилцлагаараа “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагнал хүртэж байна.

Лхагвасүрэнгийн Мөнхтөр. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий. “Өдрийн сонин”-ыдараа үеийн шилдэг сэтгүүлчид аль хэдийнээ тодорч гарч ирж байгаагийн жишээ нь Л.Мөнхтөр юм. Улс төрийн сонирхолтой ярилцлага нийтлэл хүргэж, ордны хуйвалдааныг илчлэн, үйл явдлын халуун цэгээс сурвалжлага, нийтлэл хүргэж ирсэн энэ сэтгүүлчийг уншигчид хэдийнээ мэдэх болсон. Хэнтэй л бол нийцтэй, манай Төрөө энэ жил шилдгүүдийн эгнээнд гараад ирэхэд хэн ч гайхаагүй бөгөөд харин ч бүгд талархан баярласан билээ.

Л.Мөнхтөр энэ жил “Ардын нам сайд нарын суудлыг бөхийн боорцог шиг булаацалдав”, “Твийтэрчдээс айх шаардлага байхгүй” нийтлэл, “Зуны зуд буюу Хашаатад болсон хар салхины мөрөөр” цуврал сурвалжлага, “З.Энхболд: Аль нам гарсан өөрийн гэсэн стратегитай болох ёстой”, “З.Энхболд: Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах эрхийг өөрт нь өгнө” ярилцлагаараа шилдэг бичлэгийн тусгай шагнал хүртэж байгаа юм. Тэрээр ирэх жилд ч уншигч та бүхний анхаарал сонирхлыг татсан амттай сайхан нийтэл, сурвалжлага, ярилцлагуудыг хүргэсээр байх болно.

Пүрэвийн Хашчулуун. Нийгэм, эдийн засгийн албаны дарга, сэтгүүлч П.Хашчулуун шилдэг бичлэгийн тусгай шагналыг хүртлээ. Түүний даацтай, егөө бас хоржоонтой нийтлэлүүдийг нь сонины дугаараас эрж хайж уншдаг хүмүүс хэдийнэ бий болсон билээ. Тэрбээр нийгэм, эдийн засгийн салбарын шинэ мэдээ, мэдээллийг бэлтгэх албаныхаа ажлыг чиглүүлэн залахаас гадна мэргэжлийн чадварлаг сэтгүүлчийн хувьд өөрийнхөө чанартай бүтээлүүдийг ч туурвисаар ирсэн. Тэрбээр ховор сонин хүмүүстэй уулзаж, тэдний яриа хөөрөөг энгийн үгээр ойлгомжтой хүргэдэг онцлогтой. Түүний Монгол Улсын баатар цолыг одоогоор хамгийн сүүлд хүртсэн П.Шагдарсүрэнгийн тухай “Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэнэ” хөрөг нийтлэл нь сэтгүүл зүйн судалгааны ажиллагаанд олдвор болохуйц сайн бүтээл болсон юм. Тэрбээр нийгэмд шинэ сэрэл, санаа өгдөг “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрний цөөхөн хэдэн бичигчийн нэг билээ. Түүний “Хувьсгал хийдгээрээ бол Украин диваажин болох байлаа”, “Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа”, “Монголын ард түмэнд шоронгоос салах заяа байна уу” нийтлэлүүд энэ онд уншигчдаас өндөр үнэлгээ авч, талархлыг хүлээлээ.

Сүхбаатарын Алтанцэцэг. Сэтгүүлч С.Алтанцэцэгийн хувьд 2014он уран бүтээлийн олз омогтой, өсөн дэвжсэн, өөрийгөө нээж чадсан жил байлаа. Энэ жил тэрбээр өдөр бүр завгүй байсан гэж хэлж болно. Өдөр алгасахгүй шахам манай сонины гол материалуудын нэг болох өдрийн сурвалжлагыг хийсэн сэтгүүлч. Мөн Өмнөд монголчуудын талаарх цувралнийтлэл,Япон улсаас олон цуврал ярилцлага, сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа. “Хакухо М.Даваажаргал: Аварга хүн унах эрхгүй байдаг юм”,”Ичиножо А.Ичинноров: Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрсэн удаа сумогийн түүхэндбайгаагүй” зэрэг уншигч олны таалалд нийцсэн ярилцлагууд хийсэн билээ. С.Алтанцэцэг “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагналыг Хөх хотын өмнөд монгол залуучуудын тухай цуврал нийтлэл, Т.Санчир “Баянгол шонхрууд” багт 70 сая төгрөгөөр зарагджээ, Токио хотоос мэргэжлийн сумо бөхчүүдтэй хийсэн цуврал ярилцлага, нийтлэл, “Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав: Миний уран бүтээлээс хамгийн олон удаа тоглогдсон нь “Сэрсэн тал” (ярилцлага), “Монголын жудочид Токиогийн их дуулгын шалыг арчиж байгаад ирлээ” зэрэг бүтээлүүдээрээ хүртэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *