“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн тушаалаар Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны даргаар Н.Гантулга, Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн албаны даргаар Б.Номин-Эрдэнэ нарыг томиллоо.
Н.Гантулга нь 2008 оноос “Өдрийн сонин”-д сэтгүүлч, Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн албаны даргаар ажиллаж ирсэн. Улс төр, эдийн засгийн олон хурц нийтлэлүүд, ярилцлага, аян замын туурвил бүтээлүүдээрээ “Өдрийн сонин”-ы оны шилдэг бичлэгийн шагналыг удаа дараа хүртсэн, 2011 оны “Балдорж шагнал”-ын шилдгээр шалгарч байсан. Хөрөг нийтлэл болон аян замын туурвилын “Бөхөн шарын тэмдэглэл”, “Өндөр их Алтайн оргилоос” зэрэг номтой. төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан.
Б.Номин-Эрдэнэ нь “Өдрийн сонин”-ы DNN.mn мэдээллийн сайтын сэтгүүлч, Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн алба, Улс төр, гадаад мэдээллийн албанд сэтгүүлчээр тус тус ажиллаж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг гэх мэт улс төрийн томоохон эрхмүүдтэй ярилцсан шилдэг ярилцлагуудаараа “Өдрийн сонин”-ы оны шилдэг бичлэгийн шагналыг хүртэж байсан. Мөн МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналтан, “Өдрийн сонин”-ы шилдэг сэтгүүлч юм.
“ӨДРИЙН СОНИН”-Ы ЗӨВЛӨЛ