“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гарт хүрч байна. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд ирэх долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Монголд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын талаарх мэдээ нийтлэлийг онцоллоо. Энэхүү уулзалт болон дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх “АСЕМ-ын Мэдээллийн төв” өчигдөр нээлтээ хийсэн юм. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.
Улс төрийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг хоёр болон тавдугаар нүүрнээс унших боломжтой.
Нэрт нийтлэлч Баабарын “Дэлхийн хамгийн цуутай луйварчин” нийтлэлийг “Баримт, үзэл бодол” булангаас сонирхон уншина уу. Дэлхийн хамгийн цуутай луйварчин ямар хүн байдаг, ямар учраас хамгийн цуутай луйварчнаас нэрлэгдэх болсныг эл нийтлэлээс сонирхоно уу.
Ирэх долдугаар сард зохион байгуулах АСЕМ-ын арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийн дэлгэрэнгүйг дөрөвдүгээр нүүрт нийтэлжээ.
“Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа агсны амиа алдсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа билээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Л.Болормааг “Дагзны ясны цөмрөлөөс болж хүчтэй доргилт үүссэнээс цус харвасан. Энэ нь шууд үхэлд хүргэсэн байна” гэх утга бүхий дүгнэлт гаргаад байгаа юм. Тэгвэл “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэргүүтэй хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа 20 гаруй ТББ хамтарч төр, засаг болон цагдаагийн байгууллагад хандан мэдэгдэл гаргажээ. Энэ талаар “ГлобИнтернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалтай хийсэн ярилцлагыг зургадугаар нүүрнээс уншина уу.
Өнгөрсөн баасан гаригт “Шөлөндөө” сүлжээ зоогийн газарт гэмт этгээдүүд халдан, залуухан зөөгч бүсгүйг хүчиндээд орлогыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Эл хэрэг цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулсан мэдээ сурвалжлагыг долдугаар нүүрнээс сонирхоорой.
Орон сууцны ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгальмаатай хийсэн ярилцлагыг наймдугаар нүүрт нийтэлжээ. Олон улсын эргэн тойронд өрнөсөн үйл явдлын мэдээллийг есдүгээр нүүрнээс уншаарай.
Эстрадын нэрт дуучин, гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг 12 дугаар нүүрнээс тольдоно уу. Энэ удаагийн “Удам судар” булангаараа “Зүрхний хилэн”, “Аянга”, “Манан будан” зэрэг романуудаар уншигчдыг байлдан дагуулсан нэрт зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэвийн үр хүүхдүүд, гэр бүл удам судрыг онцолсон байна. Мөн 19 дүгээр нүүрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт “Болор цом-2015” наадмын тавдугаар байрын шагналт яруу найрагч Л.Ганзулын ижийнхээ тухай бичсэн нийтлэлийг хэвлэжээ.
Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Categories