УДЭТ-ын уран бүтээлчид 21 аймгаар хийх Намар цагийн аялан тоглолтоо Баянхонгор аймгаас эхлүүлэхээр болжээ. Ирэх сарын 12, 13, 14-ны өдрүүдэд Баянхонгор аймагт тус театрын 50 шахам уран бүтээлч ажиллаж, орон нутгийн үзэгчдэд бүтээлээ толилуулах юм байна.
Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жүжигчид нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон сонгодог, орчин үеийн, хүүхдийн зэрэг төрөл жанарын бүтээлүүдээ толилуулах аж.
Баянхонгор аймагт тоглох хөтөлбөрт Э.Оюуны зохиол, Н.Наранбаатарын найруулга “Би эндээс явахгүй” драмын жүжиг, СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг, Рей Куни . Ж.Чэпмен “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжгүүд багтжээ.
Тус театрын уран бүтээлчид шилдэг сор бүтээлүүдийн дээжис болох дээрх жүжгүүдээ бүх насны үзэгчид 50 хувь хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм байна.