Categories
мэдээ нийгэм

Өчигдөр дөрвөн хүн галд өртжээ

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг өдөр бүр анхааруулсаар буй. Гэвч иргэдийн хайнга, хайхрамжгүй үйлдлээс үүдсэн галын дуудлага өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа төдийгүй гал түймэрт хүн өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Өчигдөрхөн нийслэлийн Онцгой байдлын газраас сүүлийн долоо хоногт зургаан хүүхэд гал түймрийн аюулд өртөж амиа алдсан, галд өртөн угаартаж, гэмтсэн долоо иргэнийг аврагч, гал сөнөөгчид аварсан тухай мэдээлсэн.

Гэтэл өнгөрөгч шөнө галын аюулд өртөж эрүүл мэндээрээ хохирсон дөрвөн хүнийг амь насаа алдахаас аварч, аврагч, гал сөнөөгчид эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн IX хороо, Далангийн нэгдүгээр гудамжийн айлд гарсан түймэрт иргэн А-ын нүүр, баруун гар хэсэг, С /1.3 настай, эрэгтэй/-ын нурууны хэсэг түлэгдсэн байсныг ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүлээлгэн өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, “Намаг”-ийн нэгдүгээр гудамжийн бас нэгэн айлд тиргэн Б-н гэр шатсан гал түймэрт дөрвөн настай охин хөнгөн гэмтэл авсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн багт шилжүүлэн өгсөн. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр багийн 14 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн И-н гэр шатаж нэг эрэгтэй III зэргийн түлэгдэлттэй байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн гэжээ.

Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэд бүгд монгол гэрт амьдардаг байжээ. Энэ нь нийт нутгаар хүйтний эрч чангарч, айлууд пийшингээ галлахдаа буруу галлах, шатамхай материалд зуух, пийшингээ ойрхон байрлуулсан зэрэг нь гал түймэр гарах шалтгаан болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *