Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, үйлдвэржилтийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог арга хэмжээг дурдав. Түүний танилцуулснаар төсвийн төсөлд, татвар нэмэхгүйгээр бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, боловсруулах үйлдвэрийг дэмжсэн, төсвийн орлогын суурийг өргөжүүлэх татварын бодлого хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хуваарилах, гадаад зээл тусламжийг усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр зэрэг тэргүүлэх ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглах, зэс, нүүрс, гангийн баяжмал боловсруулах үйлдвэр барих газрын ховор элементийн олборлолт хийхэд гадаадын хөрөнгө оруулалт татахад чиглэсэн арга хэмжээг эхлүүлэхээр тусгасан байна. Мөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаас, мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ойжуулалтын арга хэмжээний урсгал зардлыг санхүүжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Төрийн аудитын байгууллага төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нийцсэн гэж үзсэн байна.
Төсвийн төсөлд үйлдвэржилтийн бодлогод хамаарах Барилга, хот байгуулалтын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Зам, тээврийн хөгжлийн, Эрчим хүчний, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын нийт зардлын дүн ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс нийт албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэх бодлоготой уялдаатайгаар 2023 оны тодотгосон төсвөөс 381.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,044.4 тэрбум төгрөг болжээ. Эдгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Барилга, хот байгуулалтын яам дөрөв, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 11, Зам, тээврийн хөгжлийн яам тав, Эрчим хүчний яам дөрөв, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэг, нийт 25 хөтөлбөр, арга хэмжээг тусгаагүй байна. Мөн эдгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны төсвийн багцад Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй 858.4 тэрбум төгрөгийн 143 төсөл, арга хэмжээ орсон байгааг Ерөнхий аудитор дурдлаа.
Иймд төрийн аудитын байгууллагаас, төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь гүйцэтгэлд эрсдэл үүссэн тохиолдолд тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй, мөн төсвийн ерөнхийлөн захирагч нар хэрэгжүүлэх хөтөлбөр бүрийнхээ өртгийг тооцоогүй, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэх нь ойлгомжгүй, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх шаардлагатай байгааг дүгнэжээ. Түүнчлэн, гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор гаргах дотоодын үнэт цаасны үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй, төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатайг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат онцлоод, Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа улсын хөгжлийн тухайн жилийн төлөвлөгөөний зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.
Байнгын хорооны хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат болон холбогдох албан тушаалтнууд оролцож, Сангийн сайд болон ерөнхий аудиторын хийсэн мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуултад хариулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, 2024 онд манай улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байх, төсөв тасрах нөхцөл байдал үүсэх, эсэх, 3-4 жилийн өмнөөс төлөвлөгдөж төсөвт суусан хөрөнгө оруулалтын ажлууд анх төсөвлөсөн зардлаасаа даруй 10-13 дахин өндөр үнээр дахин үнэлгээ хийлгэж орж ирсэн нь ямар учиртай болох, 2020 онд эхэлсэн Орхон аймгийн гуравдугаар сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих ажил 2024 онд дуусах эсэх талаар асуув. Үүнд Сангийн сайд С.Жавхлан хариулахдаа, уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ихээхэн савлагаатай, тогтворгүй тул эрсдэлд орохыг үгүйсгэхгүй гээд, төсвийн орлогыг төлөвлөхдөө зах зээлийн болон тэнцвэржүүлсэн үнийг аль багаар нь тооцдог талаар тайлбарласан юм. Тухайлбал, зах зээл дээр дээр 9000 ам.долларын үнэтэй байгаа зэсийн хувьд тэнвэржүүлсэн үнээр нь буюу 7386 ам.доллар тооцсон бол зах зээлийн дээр 140 ам.доллар, харин тэнцвэржүүлсэн үнэ нь 182 ам.доллар байгаа нүүрсний орлогыг зах зээлийн үнээр нь тооцсон байна. Анхны үнээсээ олон дахин өндрөөр тооцогдон орж ирж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг аудитын байгууллагаар дахин магадлуулж байгаагаа Сангийн сайд ярив. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, нэмэлт гэрээг салбарын яамд нь хариуцдаг хэмээн тайлбарлаад, магадлан хийж байгаа асуудал дээр анхаарах хэрэгтэй, энд маш том хуйвалдаан явж байдаг, хуулиараа хариуцлага тооцох тодорхой заалт байхгүй байгаа хэмээн хариулав. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат, барилгын материалын үнэ КОВИД19 цар тахлын нөлөөгөөр 70-80 хувиар өссөн, үүнд импортын материалуудын үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэсэн юм. Түүний ярьснаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгатай 34 барилга обьектын ажлын төсөвт өртгийг магадлахад гарч ирж байгаа нэмэлт ажлуудаасаа шалтгаалаад 500 саяас 1.0 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэхээр байгаа ажээ. Улсын Их Хурлын 2022 оны 72 дугаар тогтоолын дагуу аудитын байгууллага энэхүү төсөвт өртгийн асуудлаар томоохон аудит хийж байгаа тухай Ерөнхий аудитор Д.Занданбат мэдээлж, энэ ажлын дүгнэлт ирэх сард гарна, үүгээр олон зүйл тодорхой болно гэсэн юм. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирал н.Энхболд, Сангийн яам болон холбогдох байгууллагаас 480 төсөл, арга хэмжээний магадлангийн талаар дүгнэлт гаргуулахаар санал ирүүлсний 283-ыг хянаад байгаа бөгөөд эдгээрийн төлөвлөсөн зардлын дүнг нийтдээ 78 тэрбум төгрөгөөр бууруулж дүгнэсэн гэлээ. Орхон аймгийн гуравдугаар сургуулийн барилгын ажлыг “Уранхангай групп” ХХК 2022 онд 8,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхэлсэн байна. Нэмж, 2023 онд 8,9 тэрбум төгрөг тусгасан бол 2024 онд 3,1 тэрбум төгрөг, 2025 онд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тооцжээ. Одоогийн байдлаар сургуулийн барилгын гүйцэтгэлийн ажил 5.9 хувьтай яваа юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Авто замын санд 2023 оныхтой адил 61 тэрбум төгрөг тусгасны үндэслэлийг асууж, авто замын засвар арчлалтын компаниудыг хувьчлалын ажил ямар түвшинд явааг асуув. Мөн, яамгүй сайд нарын төсвийг хэрхэн баталж, хэн шууд захиран зарцуулах талаар лавлаж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажил удааширч, зардал нь олон дахин өсдөг явдлыг шалгах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар авто замын засвар арчлалтын 32 компани үйл ажиллагаа явуулж байгаагийн 12 нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд юм. Засгийн газар тогтоол гаргаж төрийн өмчийн 20 компанийг нэгтгэн, нэг толгой компанитай болгоод байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, аудитын байгууллага улсын төсвийг баталдаг хууль тогтоох байгууллагын нүд, чих болдог гэдгийг онцлоод, магадлан хийлгэж баталгаажаагүй, бүрэн бус, зураг төсөл нь хийгдээгүй энэ олон ажил төсвийн төсөлд орж ирж байна гэдэг энэ бүхний цаана бүгд иднэ гэсэн үг, нийт төсөл, арга хэмжээний 83 хувь нь шаардлага хангаагүй байгаа тул энэ төсвийг баталбал бид хууль зөрчинө гэлээ. Тэрбээр, аудитын байгууллагын дүгнэлтийг хэрхэн харгалзан үзэж, зөрчлийг арилгаж, яаж хэрэгжүүлэхийг сайд нараас асуув. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ авто замын засвар, арчлалтын компаниудын болон мал эмнэлгийн төсөв хүрэлцэхгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн, уг зардал төсвүүдийг нэмэгдүүлээгүй үндэслэлийг тодруулж асуусан юм. Мал сүргээ сайтар эрүүлжүүлэхгүй бол экспорт нэмэгдэхгүй гэдгийг тэрбээр хэлж, энэ талаар гаргасан Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгааг хөндөн ярив.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал мөн аудитын дүгнэлтээр илэрсэн зөрлүүдийг хэрхэн арилгах талаар лавлаж, аудиталсан дүнгээрээ төсвийн нэмэгдлийг тооцохоор тогтсон бол төсвийн төслийг өргөн барихаас өмнө энэ шаардлагыг хангасан байх ёстойг анхааруулсан юм. Хугацаа тулчихсан энэ цаг үед ирэх оны хөрөнгө оруулалтуудыг тэглэхгүй байхад анхаарч ажиллахыг тэрбээр холбогдох яамдад сануулаад, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэдэг, баялаг бүтээдэг, гол салбаруудын хөрөнгө оруулалтыг шаардагдах хэмжээгээр нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн буюу ноос ноолуур, арьс шир, сүү, хүнсний ногоо, улаан буудайн урамшуулалд хэчнээн хэмжээний төсөв зардал суусныг лавлаад, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах, Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцох арга хэмжээнүүд албажсан эсэхийг тодруулж асуусан юм. Мөн тэрбээр, мал эмнэлэг, хүнсний хангамж, аюулгүй байдал, Дарханы болон Эмээлтийн арьс ширний цогцолбор, малчдын НӨАТ, хуурай боомт зэрэг олон асуудлыг хөндөв. Мөн Төв аймагт хэрэгжүүлэх авто зам, барилгын зарим төслүүдийн талаар асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Ц.Энхтүвшин, үйлдвэр технологийн паркаар зарлагдсан бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын импортын татварыг чөлөөлөх, НӨАТ-ыг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хойшлуулахаар хуульчилсан атал компаниуд одоо хүртэл татвараа төлөөд явж байгааг сануулж, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулав. Мөн тэрбээр, яамдын ажлын уялдаа холбоо муу байгааг хэлж, коксын хоёр, ширэмний нэг, гангийн нэг үйлдвэр, нүүрс угаах, хорголжин төмрийн болон эрчим хүчний үйлдвэрүүдийг дэмжихгүй, яамд хоорондоо шидэж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгааг эцэс болгох шаардлагатай гэсэн юм.
Монгол Улсын 2024 оны төсвийн төслүүдтэй холбоотойгоор Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул уг асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.
Дараа нь Ажлын хэсгийн удирдамж болон Дэд ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны 5 дугаар тогтоолоор, Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос ноолуурын боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт шалгалт хийж холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд, Ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг Байнгын хорооны тогтоолоор батлахаар заасны дагуу уг удирдамжийг батлах, мөн тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулах тухай уг тогтоолыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.