Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Цогтбаяр: Би Зеленскийг дуурайхгүй DNN.mn

“Нүүрсний хулгайчдыг зарла” жагсаалд оролцож буй жүжигчин У.Цогтбаяртай ярилцлаа.


-Иргэд тайван жагсаалыг эхлүүлээд найм хоног өнгөрлөө. Жагсаалд та яаж яваад нэгдэв?

-Би жагсаалын хоёр дахь өдрөөс нэгдсэн. Мэдээж эхлээд бусдын адил хардаж байсан л даа. Ингээд хоёр дахь өдөр нь очоод урлагийнхантайгаа нэгдээд зураг хөрөг авахуулаад, залууст “Үзэл бодолдоо тууштай байгаарай” гээд уриалсан. Орой нь ажилтай байсан учраас яваад өгсөн. Гэтэл над руу маш олон мессэж, коммент ирсэн. Цогтоо чи очно биз дээ, ирнэ биз дээ гээд л. Би хүн юм чинь бодно биз дээ. Ямартаа ч очно, байж бай л даа. Би чинь Яармагт байдаг. Хүүхдүүдээ хүргэж байна гээд жаахан хошигнолтой бичсэн. Тэгээд ирсэн. Маш олон залуус ирсэн байсан. Хэвлэлийнхэн ч тэр. Надаас яриа авсан. Би өөрийнхөө үзэл бодлоо хэлсэн. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг шалгамаар байна. Дансыг нь шалга. Тэднийг цалингаараа амьдардаг гэдэгт итгэхгүй байна гэж хэлсэн.

Удалгүй Ерөнхий сайд хүмүүсээ дагуулж гарч ирээд мэдэгдэл хийсэн. Хүний хэлж ярьж байгаагаас ямар хүн бэ гэдгийг харж болдог. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оюуны потенциальгүй, зарчимч, эх оронч хүн биш байна гэж харсан. Иргэдэд шаардлагатай, зөв мэдээллийг өгч чадаагүй. “Би юунаас ч айхгүй байна” гэж байна лээ. Тийм бол яагаад хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Шаардлагатай бол нэрс зарлана гээд гурван жил болсон. Яагаад тэр нэрсийг зарлахгүй байгаа юм бэ.

Энэ жагсаалд нэгдэх болсон миний нэг шалтгаан бол Солонгост санхүүгийн чиглэлээр ажилладаг монгол залуугийн пост байсан л даа. Солонгосын алдарт “Киа” компанийг худалдаж авах өртөг хэд болохыг тайлбарласан байсан л даа. 44 их наяд төгрөгөөр “Киа”-г худалдаж аваад, дээр нь 50.000 ажилчныг нь 50.000 ам.долларын цалингаар цалинжуулах хэмжээний өртөг гэсэн. Тэгээд би огшсон. Хэрэв төрд хулгайч байгаагүй, долларын тэрбумтангууд төрөөгүй бол бид утаагүй байх байсан. Маш олон хүн зуурдаар нас барахгүй байв. Монголын гурван сая хүний эрх ашгийн төлөө дуугарна гэдэг сайн зүйл биз дээ. Нүүрсний мөнгийг завшаагүй бол бид метротой байх байсан, хэзээ ч түгжрэлгүй, хэдэн давхар замтай гайхалтай Улаанбаатартай байх байсан.

-Таныг жагсаалыг толгойлох болсныг олон янзаар тайлбарлаж байна л даа. Буруутгах аргагүй…?

-Жагсаалд нэгдээд ирэхэд залуус “Алив Цогтоо чи” гээд доороос өргөчихсөн. Намайг арай олон хүн таньдаг учраас анхаарах байх гэж бодсон байх. Бид УИХ-ыг тар гээгүй, Засгийн газрыг огцор гээгүй, Ерөнхийлөгч өө та солигд гээгүй. Та нар дансаа шалгуулчих, хулгайч биш гэдгээ баталчих. Тиймээс нүүрсний хулгайчдаасаа эхэлчихье л гэж байгаа юм. Энэ нүүрсний 44 их наядын асуудлаар Хятадад холбогдох хүмүүсээ цаазаар аваад манай талд баримтаа өгчихсөн, хүмүүсийн нэрс илгээчихсэн гэж зарлаад байхад Хууль зүйн сайд өөрөөр тайлбарлаад байгаа. “Нэрс ирээгүй, зүгээр хууль эрх зүйн талаас туслалцаа үзүүлэхэд бэлэн шүү” гэсэн гэнэ. Ядаж л тэр тусыг авчихъя л даа. Тэглээ гээд арай ч бид Хятадын колони болчихгүй байлгүй дээ. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг орон болмоор байна.

-Таны цаана хэн нэгэн эрх мэдэлтэн байх вий гэсэн хардлага үргэлжилсээр байна. Та яаж батлах вэ?

-Намайг хүмүүс маш их хардаж байна. Зөв өө. Хардалтаа хадгалж байгаарай. Үүнийг цаг хугацаа харуулна. Хардалтыг буруутгахгүй. Манайхан төрдөө итгэхээ байчихсан. Хамт байгаа нэгэндээ итгэхгүй. Өмнөх бүх жагсаал ихэнх нь жүжиг байсан учраас хардаж байгаа юм.

-Жагсаал үр дүнд хүрч чадаж байна уу?

-Чимх чимхээр л хүрч байна. МАН-ын генсек Амарбаясгалан нууцын гэрээг ил болгож гэж мэдэгдэнэ лээ. Энэ бол “Бид ухаарсаан. Цаашдаа бид хулгай хийхгүй. Өмнө нь бол хийсэн” гэсэн үг шүү дээ. Мэдээж цаашдаа үр дүн гарна. Залуусыг тарааж чадахгүй. Үнэхээр энэ нийгэм болохоо байчихаад л зогсож байна шүү дээ. Уг нь байр орон сууцаа зараад зээлээ төлж дуусгаад гадаадад амьдарч чадна. Боломж чадамж байна. Би бүр төсөл бичээд иргэнийхээ эрхийг дээдэлдэг улсад иргэншил хүсч чадна. Гэхдээ надад Монголд амьдрах сайхан байна. Багын найзуудтайгаа, байрныхаа дүү нартайгаа, оюутан цагийн найзуудтайгаа, аав ээжтэйгээ зундаа хөдөө гардаг. Ийм л баймаар байна. Монгол дэндүү баян орон шүү дээ.

Би Мальтад дэлхийн 100 гаруй орны залуустай англи хэл сурч байсан. Би сайн сурч чадаагүй л дээ. Гэхдээ тэнд байгаа залуус Монголын талаар сонсоод хараад гайхдаг. Ямар өргөн уудам нутагтай юм бэ гэж. Бусад орнууд улсынхаа нэг хилээс нөгөө хил рүү явахад 30 минут, нэг цаг зарцуулдаг юм билээ. Гэтэл бид хэдэн өдөр явах уу. Ийм сайхан орон өнөөдөр ийм хүнд олон асуудалтай байх боломжгүй. Үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэхээс аргагүй. Ээж маань намайг маш их хориглож байгаа. “Миний хүү битгий яваач. Шударга ёс ноёлсон нийгэмд хүүхдүүдээ аавгүй амьдруулснаас шударга бус нийгэмд хүүхдүүдээ аавтайгаа амьдруулсан нь дээр шүү. Хүмүүс чамайг юу гэвэл юу ч гэж хэлэг. Битгий яв” гэсэн. Би зөрүүдлээд л ирж байгаа.

-Таныг үндэсний телевизийн хэлэлцүүлгээс гараад явчихсанд олон нийт нэлээд шүүмжилж байна. Заавал гарах шаардлага байсан уу. Том зүйлийн төлөө явж байгаа хүмүүс ядаж бусдыг сонсох, хүлээцтэй хандах соёл байсангүй гэсэн шүүмжийг харсан байх?

-Төрөөс 10 хүн төлөөлнө гэсэн. Тэр өдөр хүний эрхийн өдөр байсан. Бид ч баярласан. Иргэдээ сонсох нь, бидний шаардлагын хариуг өгөх нь гэж хүлээсэн. Төрийн талаас МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар гэх мэт 10 хүн ирнэ гэсэн. Бид ч судалгаа тооцоо, тодорхой зүйлтэй оръё гэж ярилцаад эдийн засагч, судлаач хүмүүстэй холбогдохыг хичээсэн. Гэвч хэлэлцүүлгийн цаг тулсан байсан учраас амжаагүй. Ингээд яваад орсон.

Гэвч нөхцөл байдал, орчин, хандлага өөр байсан. Ядаж л бидэнд ярих хугацааг тэгш олгоогүй. Бидний тавьсан шаардлага тодорхой. Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах. Гэвч чадаагүй. Х.Баттулга нь байна уу, 76 гишүүн нь байна уу, хэн нь байх эсэх нь надад хамаагүй. Хэрэв холбоогүй бол өөрсдийгөө батал. Энэ тийм ойлгомжгүй байна уу. Би тийм л зүйл хүссэн. Тэр ярилцлагыг бүтэн харсан хүмүүс ойлгож байгаа байх. Гэтэл намайг хэлэлцүүлгийг орхиод гарчихлаа гэж маш их дайралт дарамт ирж байна. Х.Нямбаатар сайд ч залгаж байна. Хэрэв би хамтардаг байсан бол утсыг нь авна шүү дээ. Надад тэгэх шаардлагагүй. Би үзэл бодолдоо тууштай байсаар байна.

-Украин улсын ерөнхийлөгчийг та мэдэх байх. Хошин шогийн жүжигчин байсан хүн. Зеленский ерөнхийлөгч болоод Украин дайнтай байгаа. Та арай Зеленскийг дуурайгаад байгаа юм биш биз?

-Яг ийм хардлага яваад байгаа юм. Би жүжигчнээ хийгээд явж байтал улс төр надад сонирхолтой санагдаад, “Нээрээ ингээд яваад байвал Зеленский шиг болчих ч юм билүү” гэж явна гэж үү. Үгүй. Үнэхээр миний санаанд буухгүй байна. Би дөрөвдүгээр ангиасаа жүжгийн дугуйланд явсан. Миний мөрөөдөл хошин шогийн жүжигчин. Би чадсан. Би 10 инээдмийн кинонд тоглосон, 20 ангитай цувралын гол дүр бүтээсэн. Надад улс төрийн ажил хэзээнээсээ уйтгартай, үзэн ядмаар залхуутай, дэлгээд харахаас дургүй хүрдэг. Түүний оронд улс төрийн гэмт хэргийн тухай кино үзэх дуртай. Би тийм кино ч хийчихсэн. “Хэрмэл жүжгчид” гээд кино хийчихсэн. Одоо би бусдадаа тусалж байна. Одоо миний энэ үгийг баримтжуулаад аваарай. Би ямар ч албан тушаалд очихгүй. Хэрэв тэгвэл тэр цагт энэ бичлэг, зургийг гаргаад ирээрэй. Тэгвэл би үндэсний шившиг болж Монгол Улсын иргэн байх эрхээсээ татгалзъя. Үүнээс илүү яаж би итгүүлэх вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *