Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх минь шударга бусын өмнө хүрэл зүрхтэн байж улс орныг удирдана шүү

У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс ард түмэндээ хандаж хэлсэн үг бий. “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэж тэр зангарагтай дуугарсан. Шударга үнэний төлөө ажиллана гэсэн Ерөнхий сайдын энэ хандлага ард түмэнд үнэхээр их таалагдсан. Нийгэм яг л ийм фигурыг хүсч, хүлээдэг. Үүнийг Х.Хүрэлсүх мэдэж байгаа болохоор Зам, тээврийн хөгжлийн сайдыг хурдан солих шиг болсон. Тус яаманд хүн амины ноцтой хэрэг гарангуут өргөдлөө өгсөн салбарын сайдад нь хариуцлага тооцож, шинэ сайдыг богино хугацаанд томилсон. Ерөнхий сайдын энэ шийдвэрт ард түмэн ам сайтай байгаа.

Одоо нийгэм даяар улстөрчидтэй холбоотой ямар шуугиан дэгдэж буйг бид бүхэн харж байна. Эрх баригчид “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” гэх мөнгөний гахайтай байсан нь тэдний авсан их хэмжээний зээлээр илчлэгдлээ. Уг нь энэ сан жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесийг хөгжүүлж, тэдний бараа бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ гээд л тухайн жилийн улсын төсвөөс их хэмжээний мөнгийг татдаг. “ЖДҮ”-ийн зээл айхавтар хатуу шаардлагатай, нарийн шүүлтүүрээр олгогддог болохоор хүссэн хүн болгон эндээс мөнгө салгаж чаддаггүй. Жилийн гуравхан хувийн хүүтэй, урт хугацаатай, эхний жилүүддээ зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн ийм таатай нөхцөлтэй зээлд хамрагдана гэдэг бол тэнгэрийн умдаг атгасантай адил. Жирийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олддоггүй энэ сангийн зээлийг төрийн түшээд тэрбум, тэрбумаар нь авчээ. Баримтууд нь ар араасаа дэлгэгдэж байна.

ЖДҮ-ийг дэмжих сангаас хувьдаа зээл авсан төрийн түшээдээр голдуу МАН-ын гишүүд нэрлэгдэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Солтан, Х.Болорчулуун нар тус бүр 950 сая төгрөгийг авсан нь ил болоод байна. Мөн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин арго фирм”, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” компани ЖДҮ-ийг дэмжих сангийн нэн хөнгөлөлттэй зээлийг хүртжээ. Энэ жагсаалтад сүүлд УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нэр нэмэгдсэн. Дээрх нэр дурдагдсан эрхмүүдийн хоёр нь Засгийн газрын гишүүн. Нэг нь бүр ЖДҮ-ийг дэмжих санд хамаардаг яамыг удирддаг. Нөгөөх нь Ерөнхий сайдын өөрийнх нь томилсон сайд. Анх Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдож байхад “У.Хүрэлсүх энэ хоёр халаас нэгтэй. Дундаа нэг компанитай. Ашиг сонирхлын томилгоо боллоо” гэхчлэн бишгүй л бичигдэж байсан. Гэтэл сая Я.Содбаатар сайдын нэртэй ЖДҮ-ийг дэмжих сангаас авсан зээлийн мэдээлэл гараад ирлээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан жижиг, дундынханд очих ёстой мөнгө рүү хуруу дүрсэн Их хурлын гишүүд, сайд, дарга нарын нэрс тэднээр дуусахгүй байх. МАН-ын 40-50 гишүүн ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан байх магадлалтайг сөрөг хүчний зүгээс мэдэгдсэн. Тэгвэл АН-ынхан ч ялгаагүй засаглаж байхдаа тус сангийн нэн хөнгөлөлттэй зээлийг хүртэж байсан гэх мэдээлэл ч цацагдаад байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх та шударга үнэний дуу хоолой болно гэж амласнаа одоо л харуулах хэрэгтэй байна. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд нэр холбогдсон сайд нартаа хатуу арга хэмжээ авахгүй бол Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр хуучин цагийн туршлага ч байна шүү дээ. Ерөнхий сайд нь асуудал гаргасан сайдынхаа толгойг илснээс болж танхимаараа огцорч байсан түүх бий. 1996-2000 онд засаглаж байсан эрх баригчдын тэрхүү гашуун туршлагыг давтахгүй байя гэвэл одоо ЖДҮ-ээс зээл авсан сайдуудаа л эхлээд огцруулчих. Нийтээрээ онхолдож байхаар нэгийгээ явуулаад Засгийн газраа авч үлдэх нь хамгийн зөв гарц. Ухаалаг удирдагч бол шударга бус зүйлд хүрэл зүрх гаргаж байж л улс орноо авч явна шүү дээ. Ер нь Засгийн газрыг огцруулах нь ард түмэн болоод эдийн засагт халгаатай. Шат шатандаа албан тушаалын халаа, сэлгээ явагдана. Шинэ хүн ирээд ажил албатайгаа танилцах гэж хугацаа орно. Тэр хэрээр улс орны аж ахуйн болоод бодлого шийдвэрүүд удааширна. Том зургаараа Засгийн газар огцрох нь улс орны хөгжил дэвшилд том тээг болдог. Иймд болохгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцож, Засгийн газраа авч үлддэг жишгийг тогтоох хэрэгтэй байна.

Сайд нар ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлтэй нэр холбогдсон Засгийн газрын толгойг авах хэмжээний асуудал бослоо. Ард түмэн бол ядуу байгаадаа бус шударга бус явдалд байнга бухимддаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга үнэний төлөө тууштай тэмцэнэ гэдэгт ард түмэн итгэж эхэлж байна. Бас ч гэж ажил хийх гээд оролдоод зүтгэж байна гэж харж байгаа. Тиймээс ард түмний энэ их итгэл найдварыг алдаж болохгүй. Харин ч цааш нь бэхжүүлээд ажиллахын төлөө зүтгэх ёстой. Хэрэв ард түмний энэ итгэл найдвар үгүй болбол МАН түүхийн тавцнаас арчигдана. Тэгээд ч муу нуухаар сайн илчил гэдэг шүү дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан сайд нараа зарлаж, хатуу шударга мэдэгдэл хийхийг ард түмэн хүлээж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *