Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ албан тушаалд томилогдсоноосоо хойш намынхаасаа зэмлэл хүртсээр буй. Тэр ч утгаараа түүнийг огцруулах асуудал нам дотроо яригдаж эхэлсэн. Өвөлжилт ихээхэн хүндэрсэн таван аймгийн хорин хэдэн сумын дундах отрын бүсэд шаардлагатай байгаа эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдэлгүй цаг алдчихаад, хаа байсан Азийн хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг яриад зогсохгүй “Хөөцөлдөж байна, үнэхээр бүтэмж муутай байна” гэж хэлээд сууж байгаа А.Цогцэцэг сайдыг Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хатуухан зэм хүртсэн бичлэг сошиал сайтуудаар цацагдаад байгаа.
Тодруулбал, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт таван аймгийн дунд байгаа отрын бүс нутагт амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх машиныг шийдэх үүрэг өгсөн аж. Гэвч тэрбээр боломжгүй хэмээн асуудлыг шийдээгүй байна.
Хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “А.Цогцэцэг сайд аа, Улсын онцгой комиссын хурлаас, Онцгой комиссын дарга танд үүрэг өгөөд, энэ асуудлыг шийд гэсэн. Энд нэг аймгийн асуудал яриагүй. Таван аймгийн отрын бүс нутгийн асуудал яригдаж байна. Энд яриад байгаа таван аймгийн отрын бүсэд өвөлжилт нэн хүнд нөхцөл байдалтай болчихоод байна гэж Хөдөө аж ахуйн сайдаас авахуулаад бүх хүмүүс танилцуулга хийгээд байна. Гэтэл бүхэл бүтэн яам таван аймгийн 20 гаруй сумын дунд байгаа отрын бүс нутгийн эмнэлгийн машины асуудлыг шийдчихээгүй. Тэгээд хаа байсан АХБ-ны юм яриад сууж байх юм. Ийм байж таарахгүй шүү дээ” хэмээн шүүмжилсэн юм.
Түүний хариуд ЭМ-ийн сайд А.Цогцэцэг “Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд бид батламж өгөөд явуулсан. Засгийн газраас мөнгө гаргахгүй бол 29 сая төгрөгийн асуудал байгаа учраас бид өөрсдийнхөө дотоод нөөц бололцоон дээрээ тулгуурлаад шийдэх чадамж байхгүй байна. Би энэ асуудлыг хөөцөлдөж байна, үнэхээр бүтэмж муутай байна” гэж зовлонгоо тоочжээ.
Харин Шадар сайд У.Хүрэлсүх “Наад асуудлаа тэгээд Засгийн газарт оруулаач. Дарга хүн бол асуудал шийдэх гэж л дарга хийдэг юм шүү. Түүнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм. Яагаад та сайд гэгдэж байна гэхээр ажил хийдэг, асуудал шийддэг хүн байх ёстой учраас сайдын албан тушаал дээр суудаг байхгүй юу. Тэр долоон машины асуудлыг генарал Т.Бадрал та шийд. Төрийн сайдын “Бяр нь хүрэхгүй” байх шиг байна” хэмээн хэлжээ.