Twitter” нийгмийн сүлжээ Венесуэлийн Үндэсний ассамблейн хаягийг хаажээ.
“Twitter”-н дүрэм журмыг зөрчсөн хаягуудыг хааж байна хэмээн “@lanuevaasamblea” хуудаст хандсан мэдэгдэлд дурджээ. Венесуэлийн парламентын шинэчилсэн бүрэлдэхүүнд зориулан нээсэн тус хаягийг дагагчдын тоог тэгэлж, нүүр зургийг нь устгасан бөгөөд шинээр дагах боломжгүй болгожээ.
“Хүчирхийлэл, хавчлага шахалт болон иймэрхүү төрлийн үйлдлүүд нь хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэхээс болгоомжлоход хүргэж, улмаар олон нийт хэлэлцүүлэг хийх, мэтгэлцэхийн үнэ цэнийг алдагдуулж байна. Бүх хүнийг олон нийтийн хэлэлцүүлэгт чөлөөтэй, аюулгүй оролцох боломжоор хангах нь манай байгууллагын дүрэм” хэмээн “Twitter”-н дүрэм журамд дурдсан байдаг аж.
Венесуэлд 2020 оны 12 дугаар сарын 6-нд парламентын сонгууль болж, иргэд парламентын 277 депутатыг сонгожээ. Сонгуульд Засгийн газрыг дэмжигч “Аугаа эх оронч туйл” эвсэл ялжээ. Өмнөх парламентын бүрэлдэхүүнд олонх байсан одоогийн Засгийн газрыг эсэргүүцэгчдийн дийлэнх, тэр дундаа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо санал хураалтад оролцохоос татгалзаж, сонгуулийн дүнг эсэргүүцсэн юм.