Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 700 гаруй ААН хүнс, худалдаа болон нийтийн хоолоор үйлчилж байна.
НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонд үйлчилж буй 346 ААН-д хүнсний эрүүл ахуй, хий болон цахилгааны аюулгүй байдлыг хангуулан зөвлөн ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын 243 албан хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн, Д.Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Хүй долоон худаг, Налайх, Багануур дүүргийн наадмын үеэр хүнсний болон галын аюулгүй байдлыг хангаж байна.
Мэргэжлийн хяналтын ажилтнууд эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс гарч буй зөрчлийг газар дээр арилган хариуцлага хүлээлгэж байна. Ундны усны чанар, аюулгүй байдалд анхаарч Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн эргэн тойронд орчинд ашиглаж буй ундны усны эх үүсвэрээс дээж аван шинжилж чанар, аюулгүй байдлыг хангуулжээ.
Мөн явуулын хоёр лаборатори ажиллаж ус, ундаа болон айраг, цагаан идээнээс газар дээр нь дээж аван шинжилж байна. Иргэд, наадамчин олныг зөвшөөрөл авсан, урьдчилан сэргийлэх хяналтад хамрагдсан, зөвлөгөө, мэдээллээр хангагдсан газар, ААН-үүдээр үйлчлүүлэхийг сануулж байна.