Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж, хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар товложээ.
Ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд 14.00 цагаас болох аж. Мөн өнөөдөр Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг тус тус хуралдахаар товлогджээ.
Үүнээс гадна Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Биокомбинат ТӨУҮГ, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын лаборатори, Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа үрийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах аж.