Categories
мэдээ улс-төр

Туул голыг хамгаалах асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын биелэлт, явцын талаар УУХҮЯ-ны мэдээллийг сонсов.

Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн оны 11дүгээр сарын 23-нд Засгийн газарт Туул голын сав газарт элс, хайрга олборлох үйл ажиллагааг зогсоох, хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, Туул голыг бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлагыг чангатгах зэрэг чиглэл өгсөн юм. Үүний биелэлтийг өнөөдөр УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж танилцуулав.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль анх 2010 онд батлагдсан. Үүнээс хойш гурван жил хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй нь зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон байна. Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас 2014 онд баталж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгожээ. Хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 826 өргөдөл аймаг, орон нутгийн Засаг дарга нараар дамжин Ашигт малтмалын газарт иржээ. Үүнээс 273 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 205 өргөдөлд олгох боломжтой талаар дүгнэлт гарсан байна.

УУХҮ-ИЙН САЙД Ц.ДАШДОРЖ:

-Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Байнгын хорооны тогтоолын 10 дахь хэсэгт “..түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэх боломжтой. Иймд 2014 оны Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл түүнийг хүчингүй болгох шаардлагатай хэмээсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ:

Гэр хороололд 200 мянга орчим ил задгай бие засах газар байгаа гэсэн судалгаа танилцуулсан. Тийм биш. Өмнө нь ухаад, дүүрэх үед буцаагаад булчихсан хэдэн мянган газар бий. Нэг айл 10 жил амьдрахдаа хашаандаа хамгийн багадаа гурван удаа бие засах газар ухдаг. Тиймээс ил задгай бие засах газрыг бетоноор доторлох, түүнийг нь соруулж авдаг системд шилжих хэрэгтэй. Ингэхгүйгээр хөрс, усны бохирдлыг арилгах талаар ярих боломжгүй гэв.

Ингээд байнгын хорооноос Туул голыг хамгаалах асуудлаар Засгийн газарт дахин чиглэл өглөө. Байнгын хорооноос өгөх чиглэлийн төсөлд Туул голын ойролцоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглох, Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг төвлөрүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэргийг тусгажээ. Мөн барилга, зам, төмөр замын салбарт элс, хайрга олборлохр газар нутгийг тодорхойлох, үүнд тавих хяналтын бүтцийг бий болгохоор тусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *