Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүхийн жимээр

СУДЛААЧ БИЧИЖ БАЙНА


Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Төрийн удирдлагад 44 жил ажилласан Юмжаагийн Цэдэнбалын төрсөн өдрийг монголчууд даруухан, чимээ анир багатайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн дугаартаа 35 жилийн өмнө Юмжаагийн Цэдэнбалыг огцруулахад нөлөөлсөн бяцхан түүхийг эргэн сөхөж байна.

Тусгаар тогтнолынхоо 70 жилийн ойг сүр жавхаатай тэмдэглэж байгаа БНХАУ тэртээ 1949, 1954 онуудад БНМАУ-ыг өөртөө нэгтгэх асуудлыг зөвшөөрүүлэхээр хуучнаар ЗСБНХУ-д хандаж байсан боловч дэмжлэг авч чадаагүй байна. Тиймээс “300 жилийн өрөө төлнө” гэх сайхан үгээр халхлан 100’000-200’000 хятад ажилчин, 200’000-300’000 тариачин БНМАУ руу оруулах, Өмнөговь аймгийнхныг нүүлгэн, оронд хятад иргэдийг суурьшуулах асуудлыг шахалт, сүрдүүлэг үзүүлэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зэрэг түмэн арга ашиглан БНМАУ-ын удирдлагаар зөвшөөрүүлэхээр 1952, 1956-1957 онуудад оролдож байсан талаар Монголын нэрт түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор Г.Сүхбаатар асан тэртээ 90-ээд оны эхэн үед “Монгол улсын түүхэн хөгжлийн вектор” хэмээх өгүүлэлдээ дурдаж байжээ.

Улаанбаатар хотноо олон жил суурин амьдарсан хятад иргэдийг Ю.Цэдэнбал тэргүүтэй тухайн үеийн нам, төрийн удирдлагын шийдвэрээр анхлан 1963 онд хотоос албадан гаргаж байжээ.

Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн хурал дээр Ю.Цэдэнбал “Энэ Монголд чинь одоо Хятадын арми байна уу? Хятад ажилчид байна уу? Дахин арга хэмжээ авах хэрэгтэй болж” хэмээн шүүмжилж СнЗ-ийн холбогдох шийдвэр гаргуулснаар Хятад иргэдийг Монгол Улсаас албадан гаргаж байжээ. 1966 онд хятад иргэдийг албадан гаргахаар галт тэрэгт суулгах үед хятад иргэд эсэргүүцэл үзүүлж, НАХЯ -ны ажиллагсадтай цуст зодоон өрнүүлж байсан байна.

Уг явдлын талаар мэдээлэл авсан Н.С.Хрушёв тэр дор нь Ю.Цэдэнбал руу утас цохин “… Арай ч ийм арга хэмжээ авч болохгүй байх. Олон улсын хэмжээнд танай ч, манай ч нэр унаж мэднэ. Ийм дээрээ тулах шаардлагагүй” гэхэд “Нөхөр Никита Сергеевич, Хятад Монгол хоёрт эртнээс шийдээгүй нэг асуудал байдаг юм. Бүүр эртний хэрэг л дээ. Гэвч хуучраагүй. Түүнийг яг энэ цаг үед шийдэх хэрэгтэй байна” хэмээн Ю.Цэдэнбал хариулсан гэдэг. Ийм хариулт авсан Н.С.Хрушёв “За за монголчуудын олон зуун жилийн асуудал юм байх. Үүнд бид оролцох шаардлагагүй. Ю.Цэдэнбал өөрөө мэдээд шийдэг. Бидэнд Монголд байгаа хэдхэн хятад биш, Монголын урд байгаа тэрбум шахам хятад л хамаатай. Гэхдээ Капица чи Цэдэнбалыг сайн ажиглаарай” гэж надад хэлсэн гэж диломатч, дорно дахиныг судлаач М.С.Капица “Записи дипломата” номондоо дурдан бичжээ.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын өгсөн чиглэлийн дагуу Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1983 онд хятад иргэдийг Улаанбаатараас дахин албадан гаргасан нь түүнийг БНМАУ-ын удирдагчийн өндөр албан тушаалаас яаралтайгаар холдуулах шалтгаан болсон талаар тухайн үед КГБ -ын зөвлөхөөр ажиллаж байсан В.Радченко “Главная профессия-Разведка” номдоо дурдсан байдаг .

Хэдийгээр Ю.Цэдэнбал төрийн тэргүүнээр ажиллаж байсан үеийн эдийн засаг, гадаад харилцаа, тэр тусмаа ЗСБНХУ-тай харьцаж байсан харьцаанд шүүмжлэлтэй ханддаг боловч Монгол Улсаас хятадуудыг гаргах талаар түүний гаргасан дээрх шийдвэрүүдийг гаргах болсон шалтгаан нөлөөг нь судалж, улсынхаа түүхэндээ үнэн зөвөөр нь тусгах залуу түүхчид ажиллана хэмээн найдаж байна.

М.ЭНХХҮСЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *