Categories
гадаад мэдээ

Түүхэн гэгдэж буй шүүх хурал DNN.mn

Дональд Трампыг шүүх эрүүгийн хэргийн шүүх хурал Нью-Йорк хотноо эхэллээ. Ингэснээр Трамп түүхэнд АНУ-ын эрүүгийн хариуцлага хүлээх гэж буй анхны ерөнхийлөгч болов. Сар гаруй хойшилсон шүүх хурал тангарагтны шүүгчдийг сонгосноор эхэллээ. Эхний хэдэн минутын дотор нэр дэвшигчдийн тал орчим хувь нь (96-аас 50 нь) “Энэ шүүх хурлын шийдвэрт би шударгаар хандаж чадахгүй байх” гэж хэлээд хасагдсан байна. Үлдсэн тангарагтны шүүгчдээс мэдээ, ном унших дадал зуршил зэрэг олон асуулт асуун нийт 12 хүнийг тангарагтны шүүгчээр сонгожээ.

Долоон цаг орчим үргэлжилсэн сонсголын дараа Трамп шүүгч Хуан Мерчаныг дахин шүүмжилж сэтгүүлчдэд “Бидний хооронд асуудал байна” гэж хэлэв. Учир нь уг шүүх хуралдааны өмнө Трампын өмгөөлөгчдийн хүсэлтээс Мерчан хоёр удаа татгалзсан юм. Мөн Трампын өмгөөлөгчид “Охин нь Ардчилсан намынханд улс төрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид ажилладаг” учир ашиг сонирхлын зөрчил үүсч байна” хэмээн Мерчаныг уг хэргийг шүүхээс татгалзахыг уриалсан байна.

Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө порно жүжигчин Сторми Даниэлст 130 мянган ам.доллар төлсөн гэдгээ нуухыг оролдсон хэмээн буруутгаж байгаа юм. Гэхдээ төлбөрийн баримт нь өөрөө хуулийн зөрчил биш юм. Харин Трамп өмгөөлөгчдөө мөнгөө төлсөн болж, хууль ёсны хураамж төлсөн мэт харагдуулсан нь нотлогдсон тул Нью-Йорк мужийн прокурорын газар энэ үйлдлийг Трамп санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь гэмт хэрэг юм. Жүжигчин Дэниэлс нь 2006 онд Трамптай бэлгийн харьцаатай байсан бөгөөд Трампын өмгөөлөгч Майкл Коэн түүнд энэ асуудлыг дарах гэж мөнгө төлсөн гэж мэдэгдээд байгаа билээ. Ер нь АНУ-ын ерөнхийлөгч асан 34 зүйл ангиар залилангийн хэрэгт буруутгагдаж байгаа аж. Трамп өөрөө ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн гэдгээ үгүйсгэж бүр Даниэлстэй бэлгийн холбоогүй байсан гэж мэдэгдсээр байгаа билээ.

Шүүх хурлын өмнө Дональд Трамп уг хэргийг хариуцаж буй шүүгчийг шүүмжилж, түүнийг Ардчилсан намаар удирдуулсан “шулмын ан” хийх гэж байна гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч асан “Truth Social” олон нийтийн сүлжээнд “Шүүх хурал даргалагч маш их зөрчилдөөнтэй байгаа учир шүүгч хийж болохгүй” гэж бичсэн аж. Гэтэл уг шүүх өмнө нь Трампын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж, шүүхийн ажилтнууд, тангарагтны шүүгчид, дүүргийн прокурорын газрын гэрч, өмгөөлөгчид болон тэдний ар гэрийнхний талаар олон нийтэд мэдээлэл хийхийг хориглоод байсан юм. Иймээс Трампын олон нийтийн сүлжээн дэх зарим нийтлэл нь шүүхийн захирамжийг зөрчсөн гэж үзэн Манхэттэн дүүргийн прокурорын газар нийгмийн сүлжээннд тавьсан гурван нийтлэлийнх нь төлөө Трампыг 3000 ам.доллараар торгохыг Мерчанаас хүсээд байгаа аж.

Нью-Йорк хотын Шүүхийн байрны гадна хэдэн арван сэтгүүлчдээс гадна Трампыг эсэргүүцэгчид болон дэмжигчид цугларчээ. Экс ерөнхийлөгчийг дэмжихээр цугларсан зарим хүмүүс өнгөрсөн зун Жоржиа мужийн шоронд Трампын авахуулсан зураг бүхий хувцас өмсөн түүний фото зураг бүхий АНУ-ын тугийг барьсан байв. Харин экс ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид “Хэн ч хуулиас дээгүүр тавигдах ёсгүй” гэсэн бичигтэй уриа барин жагсчээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *