Баабар ингэж өгүүлэв
Моррис Россаби
Моррис Россаби нь Колумбын их сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, Хятад судлаач, араб гаралтай хүн юм. Тэрээр Дундад зууны Хятад, тухайлбал Жин, Юань, Мин улсын үеийн судалгаагаар мэргэшсэн. “Хятадын түүх”, “Жин, Юань, Мин улс”, Торгоноос тос хүртэл”, “Шанду хүртэлх аялал” зэрэг монограф бүтээл хэвлүүлжээ. Хэдийгээр монгол хэлгүй боловч 1990-ээд оны эцсээр орчин үеийн Монголын түүхийг төслийн хүрээнд сонирхон “Орчин үеийн Монгол: Хаадаас комиссар, капиталист хүртэл” хэмээх ном хэвлүүлжээ. Номоос үзэхэд 1990 онд Монголд болсон ардчилсан хувьсгалын тухай дам хүнээс сонссоноо судалгаа болгон баримтжуулан бичсэн бололтой.Уул номын нэгдүгээр бүлгийг уншигч танаа сонирхуулж байна.
ТАЙВАН ШИЛЖИЛТ
1989 оны 12-р сарын 10-нд монголчууд олон улсын хүний эрхийн өдрийг төлөвлөснөөрөө тэмдэглэсэнгүй. Монголыг 1921 оноос хойш удирдан жолоодож ирсэн харгис коммунист засгийн газар өмнө нь түүхэн үйл явдал болон хүмүүсийн ой тэмдэглэх, шинэ бодлого, хөтөлбөр гаргахдаа олон жагсаал зохион байгуулж байжээ. Цэргийн парад, цорын ганц хууль ёсны улс төрийн нам болох МАХН-ын удирдагчдын сунжирсан илтгэл, коммунист дуу, тансаг хувцастай урлагийнхны бүжиг, цугласан олныг сүрхий хянадаг хамгаалалтын албаныхан эдгээр ёслолыг бүрдүүлдэг байлаа. Монголын эрийн гурван наадам, харваа, бөх, морь гурав наадмын гол үйл явдал байсан. БНМАУ-ын удирдагчид ийм жүжгийг дэглэх арвин туршлагатай байсан ч1989 оны 12-р сарын 10-ны үйл явдлыг хөтөлж чадсангүй.
ЗСБНХУ, БНХАУ-ын удирдагчид шиг Монголын төрийн болон МАХН-ын удирдагчид эдгээр арга хэмжээг зохион байгуулахдаа хамгийн сайхан байршлыг ашиглана.Москвад Улаан талбай, Бээжинд Тяньаньмэний талбай байдаг бол, Монгол Улаанбаатартаа 1921 оны 7-р сард Хятадаас улсаа тусгаар тогтнуулж, тус улсад коммунизмын ялалтыг бататгасан Сүхбаатарын талбайтай байв. Москва, Бээжингийн нэг адил Сүхбаатарын талбай нийслэлийн төвд байрлана.
Төрийн ордон дотроос 1989.12.10-ны үйл явдлыг харсан хүмүүс цочирдсон. Цас будран унасан тэр өдөр Сүхбаатарын талбайд 200 хүн “хүнд суртлын дарамтыг” устгах, перестройка гласность хэрэгжүүлэх амлалт өгөхийг уриалсан туг лоозон барьж жагсчээ. Жагсагчдын ихэнх нь танхай балмад биш, сайхан хувцасласан, эелдэг боловсон залуус байсан боловч төрийн ордон дотор байсан албан тушаалтнууд тэдний шаардлагаа хэлж, рок хамтлаг “Хонх” дуулахыг сонссон нь эргэлзээгүй. Гэхдээ засгийн газар ч, аюулаас хамгаалах алба ч тэр хэдийг тараах гэж төвдсөнгүй ч жагсагчдыг талбайгаас явахад ёоох гэж урт амьсгаа авлаа.
Жагсагчдын дотор тэдний өндөр боловсролтой насанд хүрсэн хүүхдүүд нь явж байсанд л тэд маш их санаа зовжээ. Мөргөлдөөн гарвал үе хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн гэж ойлгогдох байлаа. Албан тушаалтнуудын дийлэнх нь тавь жартай хүмүүс байсан бол жагсагчдын ихэнх нь хорь гучтай залуус. Эдгээр эрх мэдэлт элитүүдийн хүүхдийн олонхи нь ЗХУ болон Зүүн Европт боловсрол олсон бөгөөд 1980-аад онд Зөвлөлт арай чөлөөтэй болсон үед гарч байсан шинэ үзэл санаанаас хүртсэн юм. Тэд орос болон аль нэг слав овгийн хэлтэй, тун цөөхөн хэд нь англи, германаар ойлгодог тул барууны сэтгүүлээс мэдээлэл авах боломжтой байжээ.
Монголын элит гэр бүлд 1962 онд төрсөн, сүүлд “ардчиллын алтан шаазгай” гэгдэж, ардчилсан хөдөлгөөний цор ганц удирдагч гэдэг нь нийтээр хөдөлбөргүй зөвшөөрөгдсөн Санжаасүрэнгийн Зориг олон талаараа энэ элит бүлгийн хэв шинжтэй хүн мөн. Түүний аав нь Монголын цөөнх үндэстний нэг буриад байсан бол ээж нь эмч, хагас орос, хагас монгол. Түүний аавын талын өвөө Оросын нэртэй эрдэмтэн судлаач нэгэн Сибирийн хорих лагерьт үхсэн юм. Ээжийнх нь талын өвөө буриад малчин байсан бөгөөд ЗХУ-аас өгсөн захиалгын дагуу Монголын төр түүнийг цаазаар авсан юм. Зориг Монголд бага, дунд боловсрол олсон боловч Москвагийн Улсын их сургуульд суралцан, 1985 онд философийн ухаанаар төгссөн ажээ. Москвагийн УИС-д байхдаа коммунист дарангуйллыг эцэс болгохыг уриалсан оюутны бүлэгт элссэн аж.
Зөвлөлтөд хүчээ авч байсан олон ургальч үзэл Монголд бараг дурсагдахгүй байгааг Зориг эргэж ирээд ажиглав. 1986 он гэхэд тэр МУИС-д Нийгмийн ухааны багш болсон бөгөөд багш, оюутнуудтай шинэ үзэл санааг хэлэлцэж эхэлжээ. Дараа нь тэрээр Зөвлөлтөд суралцаж байсан өөртэйгээ ижил үзэлтэй залуучуудыг олж нийлүүлэн улс төрийн шинэчлэл, коммунист дарангуйллыг устгах талаар ухуулдаг болжээ. 1988 онд тэр “Шинэ үе” хэмээх нууц бүлгэм зохион байгуулж өөрийн гэртээ уулзалт зохиодог болов. Тэд харгис төрийн эсрэг ухуулах хуудас Улаанбаатар хотоор нэг нууцаар наадаг байв. Бүлгийнхээ бусад гишүүдтэй харьцуулахад “салбарынхаа ирээдүйтэй залуу онолч”, “нэн их боловсролтой” гэгдэж байсан Зориг хамтран зүтгэгчдийнхээ гүн хүндэтгэлийг хүлээж байсан нь өөрчлөлтийг хүч үл хэрэглэх замаар хэрэгжүүлэхийг уриалдаг байсантай нь холбоотой.
Зоригийн дүү Санжаасүрэнгийн Оюун энэхүү гэрийн уулзалтуудад байнга оролцдог байсан ч өөрийнхөө тухай даруухнаар “би ар талд, гэрийн бүх ажлыг хийж, Зоригийн найзуудад хоол хийж өгдөг байв” гэсэн. Гэхдээ тэр англиар чөлөөтэй ярьдаг байсан тул мэдэгдэл, тунхаг бичгийг орчуулж, ахтай нь уулзахыг хүссэн гадаадын сэтгүүлчдэд хэлмэрч хийдэг байв. Тэр өөрөө “үйл явдлын тэргүүн эгнээнд арай байгаагүй” гэдэг хэдий ч, анх 1989–90 онд улс төрийн амтыг шууд мэдэрсэн аж. Праг дахь Карлын их сургуулиас геохимиэр бакалавр, магистрын зэрэг авсан. 12-р сарын 10-ны жагсаалын дөнгөж дараа гэрийнхэн нь түүнийг хот руу дуудсан байна. Ахдаа туслахын тулд тэрээр ажлаа орхин нэг жил гэртээ үнэнчээр үлдсэн билээ.
Зориг 12-р сарын 10-ны жагсаалыг санаачлан төлөвлөсөн хүн нь байсан юм. Сурвалжлагч Цахиагийн Элбэгдорж, Сүхбаатарын Амарсанаа, судлаач гэгдэх Бат-Үүл нар ардчилсан хөдөлгөөн байгуулагдсаныг тунхаглахад олон түмэн хөөрөн догдолж, харин цаанаас нь Зоригийн эрдэмтэн төрх, эелдэг боловсон зан байдал энэ оволзооныг аядуулж намуутгаж байв.
Хашбатын Хулан 12-р сарын жагсаалуудыг сайтар ажиглаж байлаа. Нэр хүндтэй элит сурвалжит гэр бүлээс гаралтай тэрээр тус улсын хүн амын 85 орчим хувийг бүрдүүлдэг зонхилох угсаатан болох жинхэнэ цэвэр халх монгол эмэгтэй юм. Тэрбээр англиар маш чөлөөтэй ярьдаг тул Зоригоос ч илүү космополитан үзэлтэй. Мэргэжлийн дипломатчийн гурван охины хамгийн том нь болох тэрбээр аавынхаа Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Югославт, дараа нь ЗХУ-д бага насаа өнгөрөөжээ. 1964 онд түүнийг гурван настай байхад аав нь Английн Лийдсийн Их сургуульд суралцахаар сонгогдсоноор барууны дээд боловсрол олж авсан хамгийн анхны монгол сэхээтэн болсон. Харин Хулан Зөвлөлтөд суралцаж, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль төгссөн байна. Тэрбээр 1980-аад онд оюутан байх ахуйгаасаа л коммунист намыг шинэчлэх, ардчилал руу дэвшин орох талаар халуун маргаан, мэтгэлцээнд маш идэвхтэй оролцдог байв.
Оюун санааны урам, улс төрийн идэвхтэй өрнөл нь Хуланг 1986 онд өөрийн эх орон боловч бараг амьдарч байгаагүй Монголдоо эргэн ирсэн ч нийгэмтэйгээ таарч тохирохгүй гутжээ. Ийнхүү урам хугарсан талаараа: “Эх орны маань харанхуй бүдүүлэг түгжигдмэл байдал миний гайхлыг бүр барж гүйцсэн”. Улаанбаатар түүний хувьд хөдөөний нэг бөглүүд тосгон шиг санагдсан бөгөөд Зөвлөлтийн блок даяар өрнөсөн оюуны их тэсрэлтэнд огт өртөөгүй дүлий нь харагдав. Монголын энэхүү бүдүүлэг хоцрогдолд гутарсан тэрээр Шинжлэх ухааны академид ажилд орон, англиас монгол руу, монголоос англи руу орчуулга хийж, ном хэвлэл хянан, ном зүй бүрдүүлж байлаа. Хоёр жилийн дараа тэр Зүүн Ази дахь бүсийн хамтын ажиллагааны хандлагыг судлахаар шийдэн Дорно дахины хүрээлэнд ажилд оржээ. Энэ үеэс тэрээр ЗХУ болон Зүүн Европт суралцаж төгссөн ардчилсан шинэчлэлийг дэмжигч үзэлтнүүдийг өөр дээрээ цуглуулан уулзалдах болсон. 1989 оны 9-р сард тэр Монголын шинэчлэлийг эхлүүлнэ гэж найдаж байсан гишүүдтэй нууц уулзалтуудад оролцож эхлэв. 12-р сарын 10-нд тэр өөрийн дүү Минжинтэй хамт ажлаас нь хэдхэн минут алхаад очих зайтай байдаг Сүхбаатарын талбай руу яаран очиж, “анхны олон нийтийн хөдөлгөөн” болох Монголын Ардчилсан Холбоог Зориг ерөнхий зохицуулагчтайгаар байгуулсныг мэдэгдэж байгааг биеэр сонслоо. Хулан сүүлд нь “Надад зарим шинэчлэгч гэгчдийн үзэл санаа эхнээсээ огт таалагдахгүй байлаа” гэж ярьсан. Тэрээр “Тэд зах зээлийн эдийн засгийг хэт шүтэж, ард түмний амьдралын сайн сайхан байдлын талаар санаа зовдоггүй байлаа” гэсэн нь шинэчлэгчдийн удирдагчдын үзэл бодол эхнээсээ зөрөөтэй байсныг харуулж байна. Энэ нь Засгийн газрын эсрэг эхэн үеийн тэмцэлд нуугдмал байсан боловч сүүлд даамжран ноцтой зөрөлдөөнд хүргэсэн юм. Нэг хэсэг нь ардчиллыг дэмжиж байхад, нөгөө хэсэг нь цэвэр зах зээлийн эдийн засаг бий болгохыг яарч, үлдсэн нь коммунизмын үеийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийг хэвээр хадгалж, МАХН-ын монополийг халахыг хүсч байв. Үймээн самууныг далимдуулан ашиг хонжоо хайсан оппортунистууд ч бас мундахгүй.
Боловсрол хийгээд карьер болон элит гарлын хувьд Хулан, Зориг хоёр эхнийх буюу ардчилсан шинэчлэгчдийн хэв шинжийг агуулж байв. Монголын анхны шинэчлэгчдийн ихэнх нь ЗХУ-д боловсрол олсон хүмүүс байв. Ардчилал, хүний эрхийг хумих хэрэгслэл болсон авторитар зөвлөлт тогтолцоо Монголд ил тод байдал, шинэчлэл хийх урам зориг өгсөн нь сонин тохиол юм. Хулан, Зориг нарын монгол оюутнууд ЗХУ дахь перестройка, гласностийн талаар олж мэдээд эх орондоо энэ үзэл санааг тээж ирэв. Гэтэл үүний зэрэгцээ шинэчлэгчдийн ихэнх нь Монголын угсаатны гол бүлэг болох халх монголчууд биш байв. Сүүлд Монголын Ардчилсан Намын дарга болдог Эрдэнийн Бат-Үүл, мөн хожим шинэчлэгч Засгийн газрын Ерөнхий сайд болсон Дашийн Бямбасүрэн хоёулаа буриад байсан бол хувьчлалыг туйлшран дэмжигч, зах зээлийн эдийн засгийн талын хүн Даваадоржийн Ганболд хятад аавтай юм.Монголын талаар мэдлэгтэй Британийн зохиолч Ник Мидлтон 1990 оны сүүлээр: “Шинэ тутам ардчилсан хөдөлгөөнөөс гарч ирсэн анхны сөрөг хүчний нам болох Ардчилсан Намын удирдагчдын нэлээд нь эрлийзүүд байлаа” гэж тэмдэглэсэн байдаг. Шинэчлэлийн хөдөлгөөний эхэн үед манлайлагчдын дунд ийм олон “эрлийз” болон үндэсний цөөнх байхыг халх монголчууд хүлцэж байсан боловч чухамхүү угсаатны зөрчил цаашид улам хурцадсанаас болж 1990-ээд он гэхэд шинэчлэлийн хөдөлгөөн ч, намууд ч суларсан юм.
Хотын цөөн сэхээтнүүд дангаараа ардчилсан хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж чадахгүйг Хулан, Зориг хоёр шууд ойлгож байв. Тэд улс орон даяар малчид, ажилчдыг элсүүлэх шаардлагатай гэж үзэв. Гэсэн ч дэглэмд дургүйцэх дургүйцэл улам дэвэрч байгааг Улаанбаатар хотын төвд болсон шинэчлэгчдийн жагсаал илтгэнэ.
Эрх баригчид өөрсдийг нь тагнаж, чагнаж байгааг Хашбатын хоёр охин, Зориг нар сайн мэдэж байлаа. Хэдхэн алхмын цаана Төрийн ордон дотор албан тушаалтнууд цонхных нь доор болж байгаа онцгой үйл явдлыг ажиглаж байлаа. Гэвч тэд авторитар дэглэмийг эсэргүүцэн цугласан олныг тараахаар цэрэг оруулаагүй юм. Жагсагчид зөвхөн өөрсдийгөө төлөөлсөн гэж үү? Харин Михаил Горбачев Монголын засгийн газрыг хүчирхийллээс зайлсхийх талаар хатуу анхааруулсан аж.
ШИНЭЧЛЭГЧИД ТАЙЗНЫ ТӨВД ГАРЧ ИРЛЭЭ
Эрх баригчдыг ил тод эсэргүүцсэн залуу шинэчлэгчид одоо хөтөлбөрөө олон нийтэд ойлгуулж, нийслэлээс гадна амьдардаг бусдыг өөрсдийн хөдөлгөөнд татах стратеги, тактикаа улам боловсронгуй болгов. Ер нь 12-р сарын 10-ны цуглаанаас өмнө өөр шинэчлэгчдийн хэлбэрээ олоогүй тогтмол бус уулзалт болж байж. Тухайлбал 1988 онд “Залуу эдийн засагчдын клуб” байгуулагдсан бөгөөд түүний удирдагчид нь Зөвлөлтөд төгссөн эдийн засагч, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд ажиллаж байсан, сүүлд 1996 оны 7-р сараас 1998 оны 4-р сар хүртэл Ерөнхий сайдын алба хашсан Мэндсайханы Энхсайхан, мөн Зөвлөлтөд төгссөн эдийн засагч, МУИС-д багшилж байсан Даваадоржийн Ганболд нар байлаа.
Эрх баригчид эдгээр болон бусад бүлгийн уулзалт, цуглааны талаар тодорхой мэдээлэлтэй байсан. Учир нь төрийн тагнуул туршуулууд тэдний дунд шургалж, ярилцсан хэлэлцсэн зүйлийнх нь талаар дээшээгээ мэдээлж байв.
Гэвч перестройка, гласность улам бүр нөлөөтэй болсноор эрх баригчид уулзалт, цуглааныг хориглох боломжгүй болсон билээ. Энэ клуб ярилцаж мэтгэлцэх газар л байсан болохоос тодорхой ямар ч ажил хийдэггүй байсан даа.
Товчхон хэлэхэд энэ мэтчилэнгийн өөр өөр шинэчлэгчдийн хүчин чармайлтыг одоо нэгдсэн зохион байгуулалтад оруулж, уриа лоозонг нь хөтөлбөр болгох шаардлага гарав. Тэдэнд мөн өнгөрсөн үед Монголын улс төрийн хөдөлгөөнүүдэд учирсантай нэгэн адил эв нэгдэл дутагдаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Хагаралд орсон МАХН-тай амжилттай хэлэлцээ хийхийн тулд шинэчлэгчид нэгдмэл фронттой болох ёстой байв.
Ийнхүү элит шинэчлэгчид санаачилсан өөрчлөлтүүдээ мэдэгдэл болгосон нь анхны ийм үүрэг амлалтын бичиг баримт болсон. 12-р сарын 10-нд жагсагчдын барьж явсан плакатад үндсэн хөтөлбөрөө гаргаж тавьсан юм. Тухайлбал “Олон намын тогтолцоо зайлшгүй”, “Хүний эрхийг бүхнээс дээгүүр хүндэл”, “Хэвлэлийн эрх чөлөө” гэсэн плакат барьсан билээ. 12-р сарын 10-ны цуглааны дараа Ардчилсан Холбоо уулзалт хийж эхэлсэн бөгөөд 12-р сарын 17-нд холбооны удирдагчид хоёр мянга орчим хүн оролцсон жагсаалынхаа дараа шинэчлэлийн үзэл санаагаа нэгтгэсэн өргөх бичгээ МАХН-ын эрх баригчдад санал болгон барилаа. Энэ өргөх бичиг нь иргэд анх удаа коммунист удирдагчдадаа ил тод өргөн барьсан анхны мэдэгдэл байсан учраас үнэхээр гайхамшигтай юм болсон.
Шинэчлэгчдийн гол зорилго нь 1990-ээд оны эхээр гэхэд Ардын Хурлын төлөөлөгчдийг олон намын чөлөөт сонгуулиар сонгоход оршиж байв. Ардын Хурал нь коммунист удирдлагын өмнө бус харин ард түмний өмнө хариуцлага хүлээдэг болж, хуралдааны протокол олон нийтэд ил тод болох ёстой байлаа. Эдийн засгийн бүтцэд хийх өөрчлөлт шинэ Монголын хувьд амин чухал байсан бөгөөд шинэчлэгчдийн зарим нь үүнийг дэмжиж байв. Барууны нөлөөнд орсон шинэчлэлийн бүлгийн зарим гишүүд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн оронд зах зээлийн эдийн засгийг шууд буй болгохыг санал болгоно. Тэд мөн хүний үндсэн эрхийг албан ёсоор хүндэтгүүлэхийг эрмэлзэж байв. Тэд хэвлэлийн, үг хэлэх, зорчих, шүтэх эрх чөлөөг хамгаалж, эдгээр эрхийг ард түмэнд сурталчлах ёстой байлаа. Эцэст нь төр Чойбалсангийн террорын үед иргэд, лам нарын эсрэг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, мэдэгдэх ёстой. Элит шинэчлэгчид эдгээр бүх эрхийг шинэ нэмэлт өөрчлөлт бүхий Үндсэн хуулинд оруулах ёстой гэж үзэж байлаа.
Удтал тээнэгэлзсэний эцэст Улс төрийн товчоо шинэчлэгчдийн шаардлагад нааштай хариу өгчээ. Сүхбаатарын талбайд шинэчлэгчид цуглаан хийснээс хойш ганцхан өдрийн дараа 12-р сарын 11, 12-нд МАХН-ын 19-р их хурлын 7-р бүгд хурлын хуралдаан дээр албан тушаалтнууд гласность, перестройкаг дэмжиж, өөрчлөлтийн шаардлагыг зарчмын хувьд дэмжжээ. Тэр үед Монголын хамгийн чухал ивээн тэтгэгч, хамгаалагч байсан ЗХУ өөрөөр сэтгэгчдээ харгислан дарахыг дэмжихгүй нь тодорхой болжээ. Зургаахан сарын өмнө Хятад Тяньаньмэний талбай дээр жагсагчдыг нухчин дарсныг Горбачев буруушаасан бөгөөд коммунист ертөнц дахиж үүнийг давтахыг хүсэхгүй байлаа. Үүний зэрэгцээ Монголын Засгийн газар ингэж нухчин дарах нь тогтворгүй байдлын илрэл болж Хятадад ашиглагдана гэдгийг ойлгож байв. Монголын коммунист удирдагчид дотоодод хямрал гарах тохиолдолд хөрш Хятад нь хөндлөнгөөс оролцохоос айж байсан тул үүнийг гаргуулахгүйн тулд шинэчлэгчидтэй үг хэлээ ололцохыг эрэлхийлж байв. Монголчууд Хятадын удирдлага дор хоёр зуу гаруй жил колоничлогдсоноо санаж байсан тул хятадууд цэрэг илгээж, Монголын дотоод улс төрд оролцох сэдэл өгчих вий гэж ихэд болгоомжлов.
Гэсэн ч зөвшилцөөн нь шинэчлэгчдийн урмыг хугаллаа. Албан тушаалтнууд шинэчлэлийг хэрэгжүүлнэ гэж амласан боловч хугацааны хувьд тодорхой юм хэлсэнгүй. Тэд олон намын тогтолцоо, чөлөөт сонгууль, иргэний эрх чөлөөний үзэл баримтлалыг дэмжиж байгаа царай гаргавч яарахгүй байсан бөгөөд эдгээр шинэчлэлийг таван жилийн дараа хийх хүсэлтэйгээ хэлжээ. Өргөх бичгээ 12-р сарын 17-нд өгөх үед “Ардчилал бол манай зорилго” гэсэн гол лоозонтой байсан элит шинэчлэгчид хүлээхийг хүссэнгүй. 12-р сарын 10-наас 17 хүртэл хугацаанд Засгийн газар бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн, өөрчлөлтийг эсэргүүцэгч цөөн хүмүүсийг албан тушаалаас нь буулгасанд залуу шинэчлэгчид талархаж байсан боловч шинэчлэлийг хэрэгжүүлэхийг таван жилээр хойшлуулахыг яавч зөвшөөрсөнгүй. Үүнээс үл хамааран Монголын Ардчилсан Холбооны элит шинэчлэгчид бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр боловсруулсан нь томоохон ололт байсан.
ШИНЭЧЛЭГЧИД БААЗАА ӨРГӨТГӨСӨН НЬ
Шинэчлэгчид өөрсдийн улс төрийн үйл хэрэгтээ хүн амын өргөн хэсгийг татан оролцуулахаар шийдэв. Тэд мэдээж хэрэг Сүхбаатарын талбайд хагас бүтэн сайнд жагсаал цуглаанаа зохион байгуулсаар олон нийтийн сонирхлыг татаж, нэр хүнд нь түгж байлаа. Эдгээр цуглаануудаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр үгээ хэлэх боломж олгохыг удаа дараа шаардаж байсны эцэст тэд 12-р сарын 28-нд улсын радио нэвтрүүлгээр үзэл бодлоо илэрхийлэх зөвшөөрөл авсан юм. Энэ үеэр тэд Улаанбаатарын гадна байх ижил үзэл бодолтой хүмүүстэй холбогдохыг хичээж байсан бөгөөд яваандаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилчид, инженерүүд тэдний тууштай холбоотнууд болсон юм. 1970-аад оны дундуур байгуулагдсан ЗХУ, Монголын хамтарсан уулын баяжуулах үйлдвэрт Оросоос олон инженер, ажилчид ажиллана. Тус үйлдвэрт ажиллаж байсан монгол ажилчид оросууд ижил ажил хийчихээд өндөр цалин авч, илүү хангамж эдэлдэг байсанд нь уурсан хилэгнэсэн юм. Шинэчлэгчид эдгээр ажилчидтай нийтлэг үзэл бодол олж тогтоохыг оролдов. Тэд ажилчдын Орост дайсагнах үзэл, ЗХУ-ыг ивээн тэтгэгч, хамгаалагч гэж үздэг МАХН, Монголын төр засагт дургүйцэх дургүйцлийг анхааралдаа авлаа. Ийнхүү нийтлэг дайсантай болсноор ажилчид ба шинэчлэгчид нэгдсэн эвсэл байгууллаа.
Эрдэнэтэд болсон цуглааны тухай нэг оролцогчоос нь дуулаад Монголын Ардчилсан Холбоо өөрөөр сэтгэгч ажилчидтай холбоо тогтоохоор шийджээ. Хогийн хулиган төрхтэй боловч сүрхий уран илтгэчихдэг Бат-Үүлийг (түүний бүдүүлэг, агсам зангийн тухай одоо нэгэнт бүхэнд тодорхой болжээ) МоАХ 12-р сарын 22-нд Эрдэнэт рүү уулын үйлдвэрийн ажилчид, инженерүүдтэй уулзуулж хэлэлцээ хийлгэхээр илгээв. Тэр Соёлын ордны жижиг өрөөнд тэдэнтэй уулзаж, МоАХ-ны зорилгыг тодорхойлж яриад, МАХН, төр засагт өөрчлөлт гаргахыг дэмжсэн хөдөлгөөн л ажилчдын асуудлыг шийдэж, эдийн засгийн зорилгыг биелүүлнэ гэдгийг дуулгав. Нийслэлд МоАХ-ны байгуулсан хөдөлгөөн өөр олон газар ижил төстэй эсэргүүцлийг гаргасан нөхцөлд л амжилт олно гэж тэр тэмдэглэн хэлжээ. Цугласан оролцогчид Бат-Үүлд дэмжиж байгаагаа илэрхийлцгээсэн юм. МоАХ улс орны янз бүрийн хэсэг рүү төлөөлөгчдөө илгээж, хөтөлбөр, зорилгоо тайлбарлан таниулж, дэмжлэгийг нь авсан нь баттай нотлогдлоо.
1989 оны сүүл гэхэд элит шинэчлэгчид хоёр зорилгоо биелүүлж, гурав дахь зорилгоо хэрэгжүүлж эхлээд байв. Тэд шинэчлэлийн тодорхой сайн хөтөлбөртэй байсан бөгөөд Улаанбаатараас гадна ажилчид, техникчид, малчдын төлөөлөл болсон холбоотнуудтай болсон. Гэвч стратеги, тактикийн илүү үр нөлөөтэй хяналт, төлөвлөлтөд зохион байгуулалт, манлайлал шаардагдсан ч МоАХ нь бодлого, үйл ажиллагааныхаа талаар шийдвэр гаргахад хэтэрхий томдох бүлэг байв. Тиймээс 12-р сарын сүүл гэхэд МоАХ өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах зохицуулах хороогоо сонгож, Элбэгдоржийг тэргүүнээр тавьсан. ЗХУ-д сэтгүүлчээр суралцаад цэргийн сонинд ажиллаж байсан цэргийн бага дарга Элбэгдорж төрийг ил задгай шүүмжилдэг нэгэн бөгөөд дэглэмтэй аль болох шууд л хурцаар довтлон сөргөлдөхийг улайран дэмждэг байлаа. МаАХ-ны дийлэнх гишүүдийн нэгэн адил боловсрол мэдлэггүй харанхуй нэгэн боловч хаа очиж энгийн хүмүүстэй харилцах чадвартай харизматик, онцгой уран илтгэгч гэдгээ харуулсан хүн бол Элбэгдорж. Элит гэр бүлүүдээс гаралтай сурвалжит шинэчлэгчидтэй харилцах харилцаандаа өөрийн мэдлэг дорой, болхи бүдүүлэг зангаа гаргачихдаг байсан ч гэлээ юутай ч тэрээр ихэнх шинэчлэгчдийн хийж чадахаас илүүтэйгээр энгийн олон түмэнд хүрч чадсан юм.
Шинэ жилийн эхэнд зохицуулах хорооноос мэтгэлцээн хийх бололцоогоор хангагдсан МоАХ-ны хуралдаанууд зохион байгуулж, сайн үр дүн гаргахын тулд үйл ажиллагаагаа улам тодорхой болгож байлаа. 1-р сарын 14-нд мянга орчим хүн Сүхбаатарын талбайгаас холгүй байх Лениний музейд цугларчээ. Ихэнх нь сэхээтнүүд байсан боловч ажилчин, техникчдийн төлөөллөөр хөдөлгөөнөө бэхжүүлж, шинэ оролцогчдод үзэл бодлоо тайлбарлах зорилготой байв. Удирдагчид нь резин тамга дарж шийдвэрээ гаргадаг албан ёсны парламент болох Ардын Хуралтай харьцуулахад энэ хэлэлцүүлэг нь өөр үзэл бодлыг зөвшөөрөх байтугай талархан хүлээж авч байгаагаараа маш тод ялгарч байлаа. МоАХ-ны ийм хурлууд их чухал байсан юм. Учир нь хэлбэр нь өөрөө албан ёсны Ардын Хурлыг битүү эсэргүүцсэн ёгтлол болж байв. Зохицуулах хороо дараа нь 1-р сарын 19-нд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хурал зохион байгуулахад оролцлоо. Хорооны удирдлагаар цугларсан сэтгүүлчид байгууллагынхаа нэрийг Монголын ардчилсан сэтгүүлчдийн холбоо болгон өөрчилжээ. Мэдээж ганцхан энэ үйл явдлаар чөлөөт хэвлэл мэдээлэл рүү шилжиж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн илүү шуурхай хэлбэр үүссэн гэж болохгүй л дээ. Гэхдээ л ардчилсан гэдэг үгийг ашигласан нь нэг чухал алхам байсан бөгөөд зарим сэтгүүлчид МоАХ-нд нэгдэх хэрэгтэйгээ ойлгож эхэлсэн.
Зохицуулах хорооны төлөвлөсөн хамгийн том арга хэмжээ бол 1-р сарын 21-нд шинэчлэлийн хэрэгжилтийг түргэсгэх жагсаал байлаа. 12-р сарын 10-нд хоёр зуу хүрэхгүй хүн аяндаа цугларч байсан бол хахир цаг агаарыг үл хайхран 1-р сарын 21-нд жагсаал сайн зохион байгуулалттай болж, мянга мянган хүмүүс оролцсон юм. Цуглаанд оролцогчид Улаанбаатарын сэхээтнүүдээр хязгаарлагдахаа болилоо. Хэмжээ, бүрэлдэхүүнээс нь үзэхэд шинэчлэгчид баазаа амжилттай өргөжүүлсэн нь илт аж. Жижиг хотууд болон хөдөө орон нутгийн нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөлөгчид оролцлоо. Үүний зэрэгцээ өөрчлөлт хийхийг шаардсан тэдний шаардлага 12-р сарын 10-ны жагсаалаас гаргасан шаардлагыг бодвол илүү тод тодорхойлсон байв. Одоо байгаа тогтолцоог уулгалан буруушаах бус харин өөрсдийн санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг тов тодорхой заасан байв.
1-р сарын 21-ний жагсаал гэхдээ ганц нэг талаараа өмнөх цуглаантай ижил төстэй байв. Энэ нь Сүхбаатарын талбайд болсон бөгөөд 1-р сарын 21 нь 1924 онд Ленин нас барсан өдөр байсан нь коммунизмын үед дуулиантай тэмдэглэж байсан нэгэн түүхт ой байв. Зохицуулах хороо тиймээс эсэргүүцлээ зохион байгуулахдаа угаасаа байсан тэмдэглэлт өдрийг ашигласан юм. Энэ цуглаанд олон алдартай хүмүүс оролцсоны дотор сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин цол авсан дуучин-жүжигчин Догмидын Сосорбарам байлаа. Сосорбарам болон бусад хүмүүс Сүхбаатарын хөшөөний эргэн тойронд цугларч, Чингис хаанаа магтсан ардын дуу дуулан цугласан олныг дагуулж байв. Чингис хааныг ийнхүү магтан дуулах нь Монголын үндэсний баатрыг харлуулж, зэрлэг бүдүүлэг тонон дээрэмдэгч гэж сурталчилдаг байсан МАХН, ЗХУ-ыг эсэргүүцсэн бэлгэдэл юм.
Залуу шинэчлэгчид 1, 2-р сард хагас бүтэн сайнд цуглаан хийж, төр засгийн эсрэг кампанит ажлаа үргэлжлүүлсээр байлаа. Элит цөөн шинэчлэгчид бусдаасаа ялгаатай нь амин хувийн сонирхолдоо хөтлөгдсөн юм биш. Тэд бүгд ажил албатай байсан бөгөөд цаашид ч сургалт боловсролоо ахиулах сайхан боломжтой байсан юм шүү. Тэд гачигдаж дутагдсан, карьерийн шаанс муу байсан зэргээс болж эсэргүүцэл гаргасан юм биш! Тэд бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх баталгаа хангалтгүй байгаа, хүний эрх зөрчигдөж байгаа, ЗХУ-аас Монголд их нөлөөлдөг зэргийг тууштай эсэргүүцэж байв.
Төр засаг өөрөө зүгээр суусангүй. Ардын Хурлын гишүүн ажилчид, мэргэжилтнүүд, хүн амын бусад хэсэгтэй эвсэлдэн нэгдсэн залуу шинэчлэгчдийн үйл ажиллагаанаас үүдэн тасалдах вий гэж санаа зовж байсан ч гэсэн хуралдаанаа үргэлжлүүлсээр байв. Шинэчлэгчидтэй харилцах бодлого дээр Ардын Хурал, МАХН хоёр санал нэгдэж чадахгүй байв. Эрх баригчдын дотор шинэчлэгчдийг нухчин дарахыг хүссэн хуучныг баримтлагчид болон эвээр тохиролцох замыг эрэлхийлж байсан эвлэрэнгүй элит хэсгийнхэн аль алин нь биенээ ялж чадахгүй байлаа. МАХН, Ардын Хурал хоёр аль алин нь гацаанд орж, аядуу шинэчлэлийг дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Тэдний таагүй, үр дүнгүй хариу арга хэмжээ нь ердөө л шинэчлэгчдийг архичин, зан авир нь эвдэрсэн, хувиа бодсон гэж гутаан доромжлохоор хязгаарлагдана. Хэдийгээр ийм хов живийн шинжтэй дүгнэлт нь гарцаагүй үнэн байсан ч гэлээ, шинэчлэлийн хөдөлгөөний голлож тэргүүлэх элит зүтгэлтнүүдийн имижийг харлуулж огт чадаагүй юм.
Шинэчлэлийн янз бүрийн эсэн бус бүлгүүд МАХН болон төрийн эс үйлдлийг ашиглан, сөрөг хүчин болж зохион байгуулагдлаа. 2-р сарын 16-нд Даваадоржийн Ганболдын удирдлага дор Үндэсний дэвшил нам байгуулагдсан нь ардчилсан төрийн зарчмыг дэмжиж байснаас гадна, төрийн өмч, түүний дотор үйлдвэр, банкийг хувьчлах нь зах зээлийн эдийн засгийг дэмжих хэрэгсэл гэж үзэж байлаа. Олон шинэчлэгчид Ганболдыг гайгүй эдийн засагч гэж үздэг байсан ч түүний хүйтэн цэвдэг, увайгүй, хөлдүү гөжүүд зан нь анзаарагдахгүй өнгөрсөнгүй. Тэр зах зээлийн эдийн засагт голлон анхаарч, төр засгийн гол чиг үүрэг нь бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд оршино гэж үзнэ. Тэр мөн төрийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн хөтөлбөрийг огтоос үл хэрэгсэнэ. Дараа нь 2-р сарын 18-нд Бат-Үүл Монголын Ардчилсан Намыг байгуулахдаа 200 ажиглагч болон сэтгүүлчдийг намынхаа их хуралд урьжээ. Гэхдээ төр засаг гадаадынханд, ялангуяа сэтгүүлчдэд Бат-Үүлийн урилгыг хүлээн авах зөвшөөрөл өгөөгүй юм. Хоёр улс төрийн нам одоо нэг намын засаглалын тухай заасан Үндсэн хуулийн 82-р зүйлийгэсэргүүцэх бодит үндэслэлтэй болоод авсан. Хоёр нам хоёулаа олон намын тогтолцоог хуульчилж, МАХН-ын дангаар ноёрхлыг эцэс болгохыг шаардсан. 1921 оноос хойш гарсан төрийн зөвшөөрөлгүй анхны сонин “Шинэ толь” гарсан нь төр засгийг аймшигтай цочирдуулав. Шинэчлэгчид илүү боловсронгуй тактик боловсруулах тусмаа Монголын харгис тогтолцооны үндэс суурийг улам бүр үл тоож байлаа. Өөрчлөлт хурдаслаа…
ШИНЭЧЛЭГЧИД ЯЛЖ БАЙГАА ШИНЖТЭЙ БОЛОВ
Гэсэн ч МоАХ-оор төлөөлүүлсэн шинэчлэгчид томоохон амжилт олоогүй л байв. Тэд МАХН болон төр засгаар хөтөлбөрийнхөө талаар буулт хийлгээгүй байлаа. Шинэчлэгч хувь хүмүүс улс төрийн намууд байгуулсан байсан боловч төр засаг МАХН-аас өөр намыг үл зөвшөөрсөн Үндсэн хуулиа өөрчилдөггүй ээ. Төр засаг үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулдаггүй ээ. 3-р сарын 4-нд хуралдах байсан Улс төрийн товчоо шинэчлэгчдэд жаахан ч гэсэн итгэл найдвар өгсөн юм. Өргөх бичиг өргөн барих, цуглаан жагсаал хийх, Ардын Хурлын гишүүдтэй нээлттэй юмуу хаалттай уулзалт хийх нь хангалтгүй байлаа. Шинэчлэгчдэд зорилгодоо хүрэхэд шинэ тактик, шинэ санаа хэрэгтэй байв.
МоАХ-ны бодож олсон хамгийн хүчтэй арга нь ихэнх монголчуудын мэдэхгүй өлсгөлөн зарлах тактик байлаа. Ямар сурвалжаас ийм арга замыг олж мэдэн сонгоо вэ? Вьетнамын дайныг эсэргүүцсэн Америкийн нэг эрдэмтний Цагаан ордны өмнө зарласан өлсгөлөнгийн талаар мэдэж байсан нь ийм арга замыг сонгоход нөлөөлсөн гэж нэг зохиогч бичжээ. Үнэндээ зарим элит шинэчлэгчид Энэтхэгийн Гандийн өлсгөлөн, Ирландын Бүгд найрамдах армийн хоригдлуудын өлсгөлөн, жил хүрэхгүй хугацааны өмнө болсон Тяньаньмэн дэх хятад оюутнуудын өлсгөлөн зэргийг мэдэж байсан юм. Олон шинэчлэгчид Тяньаньмэний үйл явдлын талаар сонссон байв. Хулангийн хүргэн, сүүлд Их Хурлын гишүүн болсон Эрдэнэбилэг хятадаар уншиж, ярьдаг байсан бөгөөд Тяньаньмэнд болсон жагсаалын талаар илүүтэй мэдэж ярьж ухуулж байлаа. Тиймээс шинэчлэгчдийн цөөн хэдэн хүн л өлсгөлөн хүссэн үр дүндээ дандаа хүрдэггүй болохыг мэдэж байсан.
Гэтэл нэгэнт уламжлалт үндэсний хувцас өмсөхийг хуулиар огтоос зөвшөөрдөггүй байсан төрийн бодлогыг үл хэрэгсэн дээл өмссөн 10 эр 3-р сарын 7-ны лхагва гаригт үдээс хойш 2 цагт өлсгөлөн зарлах үед Сүхбаатарын талбайд агаарын хэм –15°C байлаа. Энэ арван хүнээс Бат-Үүл хамгийн их нэрд гарч байв. Бусад нөхдүүдээс Гонгоржавын Бошигт (сүүлд улс төрийн хөдөлгөөний алдарт тэргүүн болсон), Дамбийн Дорлигжав (сүүлд батлан хамгаалахын сайд болсон), Дамдинсүрэнгийн Энхбаатар (сүүлд Хурлын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга болсон) нар удалгүй бас араас нь нэрд гарсан билээ.
МоАХ-ны зүгээс дэмжлэг авсан өлсөгчид шаардлагаа улам нэмэгдүүлж, МАХН, төрийн байгууллагуудын хуульчлагдсан онцгой эрхийг эсэргүүцсэн юм.
Тэд гадаадынханд болон гадаад худалдааг нээлттэй болгох, Монголын түүх өв уламжлалыг хүндэтгэх зэрэг ардчилсан элит шинэчлэгчдийн нэгэнт яригдсан зорилгыг дэмжсэн төдийгүй эрх баригчид руу шууд довтлон дайрах туйлширсан шаардлага ч тавилаа. Улс төрийн товчоо сонгогдоогүй томилолтын байгууллага учраас хууль ёсны байж чадахгүй гэж тэд эсэргүүцэж байв. Үүнтэй төстэйгээр тэд Ардын Хурлын гишүүд сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй нэр дэвшиж гарч ирсэн тул хууль бус хэмээн эсэргүүцсэн юм. Тэд өөрсдийн үзэл санаагаа тусгасан мэдэгдлийг Улс төрийн товчооны хуралд өргөн барилаа. Улс төрийн товчоо үүнд хариулахдаа сонгогдсон байгууллага болох Ардын Хуралд үндсэн хуулиар бүрэн эрх олгосон гэж хариулж байв. Энэхүү хариуг сонссон өлсгөлөн зарлагчид төр засгийг унатал өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр шийдэцгээв. Өлсгөлөн зарлагчид дээр эхлээд гайхаж, алмайрсан хүмүүс ирж байсан бол хэдэн цагийн дотор талбай дээр өлсөгчдийг дэмжихээр эсвэл тэднийг дэмжин ойролцоо зогсох МоАХ-ны гол элит удирдагчидтай маргаж мэтгэлцэхээр олон хүн ирлээ. Хажуугаар өнгөрч явсан олон хүн өлсгөлөнгийн учир шалтгааныг ойлгохгүй байв.
Хоол хүнс элбэг байхад хоолноос татгалзана гэж юу гэсэн үг вэ? Ихэнх ажиглагчид гэхдээ өлсгөлөнгийн учир холбогдлыг түргэн ойлгосон юм. Зарим хүмүүс өлсөгчдөд талтай байгаагаа харуулахын тулд талбайг тойрч алхаж, зарим нь МоАХ-ны төлөөлөгчидтэй юм ярилцах гэж зогсож байсан бол шөнө болоход жижиг боловч нэлээн олон хүнтэй бүлэг өлсөгчидтэй нэгддэг байв. Үдээс хойш ирэх хүмүүс нэмэгдсээр, орой гэхэд хэдэн мянгад элбэг хүрсэн. Хотыг харанхуй нөмрөх үед өлсөгчид ус, глюкозын хольц уудаг байв. Сүхбаатарын хөшөөний хажууд суусан тэднээс холгүй зогссон Монголын улаан загалмайн нийгэмлэгийн түргэний машиныг хараад л тэд тайвширдаг байсан.
3-р сарын 7-нд Сүхбаатарын талбай нь дэглэмд дургүйцсэн олны үзэл санаагаа илэрхийлэх цорын ганц биш юм гэхэд гол талбар болсон байв. МоАХ-ны зохицуулах хороо өнгөрсөн сарын турш Монголын ард түмэнд өлсгөлөнгийн учир холбогдлыг ойлгуулж, улс даяар жагсаал цуглаан зохион байгуулахад ихээхэн хугацаа, хүчин чармайлт зарцуулсан юм. МоАХ-той өмнө нь хамтран ажиллаж ирсэн Эрдэнэтийн ажилчид өлсөгчдийг дэмжин ажил хаяв. 3-р сарын 7-ны үдээс хойш хэдэн зуун ажилчид Сүхбаатарын талбайд өлсөгчидтэй эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлэн ажил хаяв. Тэдний удирдагч энэ тухай хөөр болон ярьсан нь: “Бид уулын үйлдвэрийг нийтэд нь зогсоосон. Энэ бүхэн үнэхээр болсон гэхэд итгэхээргүй санагдаж байв.” Энэ үед Дархан, Мөрөн зэрэг бусад хотын ажилчид Эрдэнэтийн уурхайчдыг дагаж зохион байгуулалттайажил хаяцгаав. Нийслэлд Монголын Оюутны Холбоо гишүүдээ сургуулийн ажлаа үл хэрэгсэн, өлсөгчдийг байгаа боломжоороо дэмжих хороод байгуулахыг уриаллаа. Монгол дахь цорын ганц ажиллагаатай сүм болох Гандан хийд тэргүүнийхээ татгалзаж байгааг үл хайхран өлсөгчдийг дэмжиж байгаагаа харуулахын тулд лам нараа илгээв.
Энэ үед Улс төрийн товчоо 3-р сарын 7-ны турш хуралдав. Сүхбаатарын талбайдөлсөгчид болон улам бүр өсөн нэмэгдэж байгаа дэмжигчдийг нь тагнаж байсан агентууд үйл явдлын талаар мэдээлж байсан бөгөөд МАХН-д үнэнч гишүүд болон төрийн албан тушаалтнууд нөхцөл байдлын талаар мэдээ өгч байв. Төрийн ордонд хуралдаж байгаа өрөөнөөсөө Улс төрийн товчооны гишүүд талбай дээрхи үймээн шуугианыг харж, сонсож байлаа. Энэхүү өлсгөлөн болон жагсаал цуглаан тэдний эрх мэдэлд онцгой аюул занал учруулж байгааг тэд мэдэж байсан.Хурдан өрнөж байгаа, бараг хяналтгүй үйл явдлын талаар авах хариу арга хэмжээн дээр гишүүд санал хуваагдаж байсан нь байр суурийг нь сулруулж байв. Хатуу чиг шугам баримтлагчид цэргийн хүчээр жагсагчдыг тараахыг уриалж байсан бол аядуу элит хэсэг нь улс орныг эмх замбараагүй байдалд оруулахаас болгоомжилж, хямралыг эвээр шийдэх арга зам эрэлхийлж байв. Чойбалсан, Цэдэнбалын дэглэмийн үед алба хашиж байсан хүмүүсийн олонхи нь өөрсдийнхөө үеийн дарангуйлагч бодлого руу эргэж очихыг хүсч байсан нь гарцаагүй. Чойбалсангийн үед хүнд суртлын аппаратын шатаар дээш мацаж, сангийн сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Улс төрийн товчооны нарийн бичгийн дарга зэрэг янз бүрийн албан тушаал хашиж байсан Дэмчигийн Моломжамц зэрэг хүчтэй удирдагчид хүч хэрэглэхээс сийхгүй байв. Амьд байгаа хатуу чиг шугамыг баримтлагчид Улс төрийн товчоо ба Ардын Хуралд хангалттай тоотой байсан бөгөөд шинэчлэгчдэд тэр даруй буулт хийхэд саад учруулж байв.
Тэр оройн үйл явдлаас харахад эрх баригчид өлсгөлөнгийн эхний өдөр шийдгүй байжээ. Тэд өлсөгчдийн эрүүл мэндэд анхаарч байгаа дүр үзүүлэн, өлсгөлөнг болиулахаар хоёр төлөөлөгчөө явуулжээ. Өлсөгчид бууж өгөхөөс татгалзсан юм. Өлсөгчид бүгдээрээ Засгийн газрыг огцруулах хүсэл эрмэлзэлдээ тууштай автсан байв. Тэд Улс төрийн товчооны хоёр гишүүний хүсэлтэд татгалзсан хариу өгсөн агаад тэдний эргэн тойрон улам олон болох дэмжигчид нөгөө хоёрыг айлгасан бололтой.
Дараагийн өдөр нь аядуу үзэлтэй, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга байсан Дашийн Бямбасүрэн Төрийн ордноос үдээс хойш4 цагийн үед гарч ирэн талбай дээр шинэчлэлийн удирдагчидтай уулзах хүртэл энэхүү мухардал үргэлжилсэн юм. Бямбасүрэнг хэлэлцэгчээр шилсэн нь оновчтой сонголт болжээ. Учир нь Бямбасүрэн нь өлсөгчдийн хоёр гурван гол удирдагчийн нэг Бат-Үүлтэй хамаатан юм. Бямбасүрэн өлсөгчидтэй уулзалт зохион байгуулж, түүнийгээ радио, телевизээр шууд дамжуулж байв. Бямбасүрэнгийн шинэчлэгчидтэй хийсэн яриа хэлэлцээ нь зөвшилцөлд хүрээгүй тул өлсгөлөн үргэлжилжээ. Өлсөгчид Бямбасүрэнтэй хийсэн уулзалтынхаа хариу болгон Улс төрийн товчоонд асар их өөрчлөлт хийх хэрэгцээг тайлбарласан өргөх бичиг барилаа. Тэд хүн амын олонхи нь гучаас доош настай байхад Улс төрийн товчооны гишүүдийн тал орчим хувь нь тэтгэврийн насны хөгшчүүл байгааг дурджээ. Үүний зэрэгцээ Ардын Хурлын 31 гишүүн дор хаяж таван жил сонгуульт албаа хашжээ. Улс төрийн товчоо болон Ардын Хурал тэдний үзэж байгаагаар олон нийтийн төлөөлөл болж чадахгүй байсан.
Энэ үед Сүхбаатарын талбайд цугласан хүмүүсийн тоо маш олон болж өсөв. 3-р сарын 8 бол коммунист Монголын хувьд нэгэн чухал баяр, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр байсан тул улам ч олон хүн талбайд ирэх боломжтой байв. МоАХ-ны элит удирдагчид шиг хүчирхийлэл гаргахгүй байх бодолгүй танхайчууд хулигаанууд жагсагчидтай холилдов. Тэд зөндөө олон такси, автобус барьж, Зөвлөлтийн элчин сайдын яам руу явж, дараа нь төрийн тэргүүн Батмөнхийн албан ёсны өргөө рүү дайрав. Тэд хоёр байшингийн хажуугаар өнгөрөхдөө Зөвлөлтийн эсрэг, МАХН-ын эсрэг үг хашгирцгааж байлаа. Жагсагчид шаргуу улайрсан болохыг эрх баригчид болон тэдний Зөвлөлтийн ивээн тэтгэгчид тодорхой ойлгоцгоосон юм. Гэвч эдгээр үймсэн олон хүн нь МоАХ-г анх байгуулагчид шиг шинэчлэлийн үйл хэрэгт тууштай биш байсан ч шинэчлэлийн хөдөлгөөний чиглэлийг баримталж байгаа дүр үзүүлсэн юм.Эдгээр эмх замбараагүй өдрүүдэд 70 орчим хүн гэмтэж, нэг хүн алагдсан юм.Хүчирхийлэлгүй байх бодлогыг дэмжиж байсан МоАХ жагсагчдыг хянах хяналтаа алдлаа. Элит шинэчлэгчид цугласан олныг хэрхэн хянахаа төлөвлөөөгүй байсан нь тэдний алдаа байсан. Тэд мянга мянган хүмүүсийг ухааруулж хөдөлгөөн үүсгэхийг бодож байсан болохоос эмх замбараагүй байдлыг хүсээгүй юм. Эмх журамгүй байдал үүсгэхэд үүрэг гүйцэтгэсэн зарим сэтгэцийн өвчтэй нөхдүүд болон танхайчууд, архичин монголчууд өлсгөлөнд татагдлаа. Уг нь үр нөлөөтэй хамгаалалтын хүч бий болгосон бол энэ хүчирхийллээс сэргийлж болох байсан юм даа.
Үүнээс үүдэн гарсан үймээн самуун Улс төрийн товчоог буулт хийхэд хүргэж болох байлаа. Үймээн самуун өсөн нэмэгдэж байгааг мэдэж байсан Улс төрийн товчооны гишүүд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатайг ойлгож байв. Жагсагчдын тоог нотлоход үнэхээр хэцүү байсан. Бүдүүн тоймын “хэдэн арван мянга”-аас эхлээд хэтэрхий нарийн тооцоолсон “ерэн мянга” хүртэл янз бүрийн тоо хэлж байв. Эрх баригчдын хувьд жагсагчдын тоо хэд ч байсан хамаагүй, гол нь тэдний тооны хурдан өсөлтөд санаа зовж байв.Цэргүүд цугласан олон руу буудаж тараах тушаалыг НАХЯ-ны сайд биелүүлэхгүй, зарим цэргийн дивиз жагсагчидтай нэгдэж магадгүй гэж айж байсан тул жагсагчдыг тараахаар армийг дуудаж төвдсөнгүй. Монголын удирдагчдыг зөвшилцөж, цаашид бэрхшээл үүсгэхээс зайлсхийхийг ЗХУ-ын зүгээс уриалж байлаа. Зүүн Европ дахь Зөвлөлтийн блокийн дэглэмүүд 1989 онд унасны дараа хатуу чиг шугам баримтлагчид хамгаалалтанд орсон байв. Үүний зэрэгцээ тэд Тяньаньмэн маягийн түрэмгий бодлого хэтэрхий өртөг өндөртэй бөгөөд ийм хүчирхийлэлтэй зөрчилдөөнд ялагдана гэдгээ ойлгож эхэллээ. ЗХУ-аас дэмжлэг байхгүй байсны дээр, аядуу албан тушаалтнууд дотор нь нэлээд байсан, ажилчид ажил хаясан зэргээс болоод хатуу чиг шугамыг баримтлагчид 3-р сарын 9-нд бууж өгсөн юм. Улс төрийн товчоо, МАХН-ын зарим гишүүд бууж өгснийгөө түр зуурынх гэж үзэж байв. Тэд чөлөөт сонгууль хүртэл хүчтэй давуу талтай хэвээр байна гэж итгэж байв. Тэд орон даяар дэмжлэгтэй байсан бөгөөд шинэчлэгчдэд тэдэн шиг улс төрийн сүлжээний давуу тал байгаагүй юм. Энэхүү улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Батмөнх Улс төрийн товчоотойгоо хамт огцрохоо мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг радио телевизээр уншсаны дараа удалгүй өлсөгчид өлсгөлөнгөө зогсоож, МоАХ-ны удирдагчид өлсөгчид болон жагсагчдыг талбайгаас явахыг уриалсан юм. Хамгаалалтын албаныхан болон цагдаа нар танхай жагсагчдыг тарааж, баривчлахаар хотын талбай болон бусад төв байршлууд руу шилжив.
Хагас бүтэн сайн харьцангуй тайван өнгөрсний дараа Ардын Хурал 3-р сарын 12-ны даваа гарагт хуралдав. Улс орны өнцөг булан бүрээс ирсэн 370 депутат Сүхбаатарын талбай руу ирж өлсөгчид Улс төрийн товчоог огцруулснаар дуусгасан иргэний үл дагах ажиллагаа эхэлсэн газрыг өөрсдийн нүдээр үзсэн юм. Үйлдвэрчний эвлэлээс эхлээд, нэгдэл, багш нарын байгууллага хүртэл нийгмийн янз бүрийн бүлгийг төлөөлсөн эдгээр депутатууд нэг намын тогтолцооны талаар заасан Үндсэн хуулийн 82-р зүйлийг эхэлж авч хэлэлцсэн юм. Хурал 82-р зүйлийг хүчингүй болгож, олон намын тогтолцооны эхийг тавьсан билээ. Түүнээс хойш удалгүй коммунизмын үед гарч ирнэ гэж төсөөлж байгаагүй Монголын Ногоон Нам, Монголын Сүсэгтний Холбоо, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Хороо зэрэг байгууллага ардчиллыг дэмжих янз бүрийн санал бүхий илгээлт илгээсэн юм. Ардын Хурал эдгээр саналыг хянан хэлэлцэх зуур элит шинэчлэгчдийн удирдагчид МАХН-ын удирдагчидтай Төрийн ордны ёслолын танхимд уулзаж, цаашид хийх шинэчлэлийн нарийн ширийн зүйлийг ярилцаж байв. Ардын Хурал 3-р сарын 14-нд чуулганаа өндөрлөсөн боловч МАХН, МоАХ-ны хэлэлцээнд оролцогчид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсээр байв. Эдгээр яриа хэлэлцээний явцад МАХН өөрчлөлтийг дэмждэг хүмүүсийн төлөөллийг түлхүү оруулсан шинэ удирдагчдаа сонгон өөрчлөлт хийж эхэлсэн байв. 3-р сарын 15-ндМАХН олон намын шинэ тогтолцоонд өөрийг нь удирдах шинэ залуу Улс төрийн товчоог сонгожээ.
3-р сарын 21-нд Ардын Хурал дахин чууллаа. Эхлээд Батмөнхийн Ардын Хурлын даргын үүрэгт ажлаа өгөх хүсэлтийг хүлээн авч, Эдийн засгийн гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Пунсалмаагийн Очирбатыг шинэ даргаараа сонгов. Хэдхэн өдрийн дотор Ардын Хурал МАХН-аас гадна бусад улс төрийн намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргав. Цугласан депутатууд эдгээр хуулийг батлахын тулд 5-р сарын 10-нд дахин чуулахаар шийдэв.Тэр өдөр тэд цугларч, 7-р сард ард түмнийг бүрэн төлөөлөх Ардын Хурлын чөлөөт сонгууль явуулах шийдвэр гаргалаа. Тэд МАХН-аас бусад бүх нам ямар нэг онцгой давуу тал өгөхгүй байхыг баталгаажуулсан.
Төр засаг буулт хийсэн ч гэсэн шинэчлэгчид сэжиглэсэн хэвээр байв. Тэд МАХН хөрөнгө мөнгөтэй бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр хянадаг тул сонгуулийг дэмжсэн байх гэдэгт санаа зовж байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах ижил бололцоо байхгүй, хөрөнгө мөнгө дутагдалтай зэрэг нь шударга бус нөхцөлийг бүрдүүлж байна гэж бодсон шинэчлэгчид эдгээр хөрөнгийг хянах МАХН-ын хяналтын эсрэг жагсаал цуглаан хийж эхэллээ. 1990 оны 4-р сарын сүүл гэхэд Сүхбаатарын талбай болон бусад газар болсон эдгээр жагсаал цуглаанд хэдэн арван мянган хүн оролцож байв. Жагсагчдад тайван байхыг сануулж байсан боловч заримдаа хүчирхийлэл гардаг байв. Нэг удаа Зориг хүмүүсээр өргүүлж, уурлаж хилэгнэсэн олныг хүчирхийллээс зайлсхийхийг уриалж байв. Түүнтэй хамтран тэмцэгч Бат-Үүл “Зориг уурлаж хилэгнэсэн олныг тайвшруулж, нөхцөл байдлыг тайван замаар зохицуулж чадсан”-д нь биширч байв. Зоригийн сүйхээтэй, аймшиггүй зан чанар нь хүн амьтан гэмтэж, бүр илүү ноцтой үр дагавар гарахаас сэргийлж байсан боловч тэр бүх газар байх боломжгүй байлаа. Цугласан олныг хянаж, хүчирхийллээс зайлсхийх үзэл бодлыг тэдэнд ойлгуулах шинэчлэгчдийн чадвар зарим үед сорилтод орж, алдаа болдог байв. Үүний үр дүнд төр засаг үймээн самууныг дарахын тулд цэргийн хүч дуудахаас өөр аргагүй болов. Шинэчлэгчид иргэний үл дагах арга хэмжээгээр хариу барив. Хөвсгөл аймагт тэд 4-р сарын эхээр төрөөс зөвшөөрөл авалгүй цуглаан зохион байгууллаа. Эрх баригчид тэр даруй цуглаанд оролцсон дөрвөн хүнийг баривчилж, цагдан хорьж байх хугацаандаа тэдэнтэй зүй бусаар харьцав. 4-р сарын 7-нд 13 эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран тэмцэгчдийг нь хууль бусаар цагдан хорьсон гэж үзэн эсэргүүцэж өлсгөлөн зарлалаа. 4-р сарын 30-нд эцэст нь хоёр тал хүчирхийллээс зайлсхийх сонирхлоо илэрхийлж, цуглаан жагсаал хийх эрх чөлөө, сонгуулийн шинэчлэл зэрэг асуудлаар хэлэлцээ хийхээр уулзалдав. 5-р сарын 7-нд тэд хууль ёсны цуглаан жагсаал хийхэд албан ёсны зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнэлт гаргасны дараа өлсгөлөн зогсов. 5-р сарын 10-нд Ардын Хурал 7-р сард олны итгэж байснаар чөлөөт шударга сонгууль явуулахаар амлангуут улс орон даяар цуглаан жагсаал хийхээ больж, хоёр тал ирэх сонгуульд голлон анхаарах болов.
ШИНЭЧЛЭГЧИД БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛГАРАВ
Шинэчлэгчдэд бага сага хөрөнгө мөнгө байсан боловч МАХН эрх мэдлийн хөшүүргийг хянаж байснаас гадна өөр олон давуу талтай байв. МАХН хоёр сарын хугацаанд тодорхой тойргуудын сонгогчдын сэтгэлийг татахын тулд бодлогоо өөрчлөх боломжтой байсан. Жишээ нь МАХН улсын өмчийн орон сууцны халаалтын үнийг бууруулсан. Дараа нь харьцангуй бага цалинтай ажилчдын цалинг нэмэгдүүлж, оюутны тэтгэлгийг нэмж, хөдөө аж ахуйн нэгдлүүдэд эдийн засгийн тусламж үзүүллээ. Шинэчлэгчдийн хувьд МАХН цэрэг, цагдаагийнхныг сонгуулд оролцуулахгүй амлалт өгсөн нь тайвшруулах ганц зүйл болж байв.
Гэхдээ шинэчлэгчид өөрөө өөртөө хамгийн том хохирол учруулсан бөгөөд тэдний хэдэн сарын турш явуулсан үйл ажиллагаа бүр 12-р сарын 10-аас шинэчлэгчдийг нэгдэлтэй байж чадах эсэхэд эргэлзэж байсан төр засгийн албан тушаалтнуудын таамгийг бататгасан юм. Төрийн сонгуулийг чөлөөтэй явуулах, хүний үндсэн эрхийг хамгаалах буулт хийлгэсэн шинэчлэлийн хөдөлгөөн задарч эхлэв. 5-р сарын эх хүртэл шинэчлэгчид өөрсдийнхөө эсэргүүцэж байсан байгууллага, бодлого, хувь хүнд анхаарсан юм. Тэд юуны эсрэг байгаагаа мэдэж байсан боловч улс төрийн эерэг үзэл баримтлалаа тодорхойлоогүй байв.
Тэдний анхны зорилго нь хуучин дэглэмийг устгахад оршиж байсан бөгөөд тэд харьцангуй амархан олсон амжилтаасаа болж гэнэдэцгээжээ. Хурдан “ялалт”-д хүрсэндээ цочирдсон тэдэнд дараагийн шинэ хөтөлбөр бодож боловсруулах цаг бараг олдоогүй юм. Нийт шинэчлэгчид аль ч тохиолдолд ардчилсан социалистуудаас авахуулаад зах зээлийн эдийн засгийн фундаменталистууд хүртэл өргөн хүрээний үзэл бодлыг төлөөлөх болов.
Зах зээлийн эдийн засгийн талынхан ба ардчилсан элит шинэчлэгчид гэсэн хоёр бүлэг коммунизмын дараахь улс төрийн тайзанд голлон гарч ирлээ. Зах зээлийн фундаменталист үзэлтнүүдийн тухайд Ганболдоос бусад нь тухайлбал Энхсайхан, Элбэгдорж, сүүлд энэ бүлэгт нэгдсэн Ринчиннямын Амаржаргал нар элит сурвалжит гаралгүй, Улаанбаатарт саяхан нүүж ирсэн хөдөөнийхөн аж. Тэдний гол зорилго нь зах зээлийн эдийн засгийг дэмжиж, төлөвлөгөөт эдийн засгийн үлдэгдлийг үгүй хийн, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг устгахад оршиж байв. Тэд нийгмийн бодлого, ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын сүлжээ зэргийг доогуурт тавьж байв. Тэд орлогын хуваарилалтын талаар бүр ч бага анхаарч байлаа. Гэтэл нөгөө бүлэг болох ардчилсан шинэчлэгчдийн голлох дээд удирдагчид нь ихэвчлэн хуучин элитүүдийн хүүхдүүд байсан бөгөөд гол төлөв маш өндөр боловсролтой космополитанчууд байв. Зориг, Оюун, Хулан, Мин-жин, Эрдэнэбилэг нарын эцэг эх, ойрын төрөл төрөгсөд нь коммунизмын үед улс төр, гадаад харилцаа, боловсролын салбарт нөлөө бүхий хүмүүс байлаа. Хуучин сурвалжит элитүүдийн үр сад болсон эдгээр шинэчлэгчдийн гол зорилго нь ардчиллыг тэтгэж, авторитар дэглэм болон нэг намын ноёрхолтой, мөн цаашлаад авлигатай тэмцэхийн сацуу коммунист тогтолцооны сайн талыг хадгалж үлдээхийг зорьж байв. Зах зээлийн эдийн засагчид төрийн эрхийг авбал нийгмийн халамжийг хайхрахгүй орхигдуулж, эрүүл мэнд, боловсролын салбарыг унагааж, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийг гааруулна гэж Хулан, Оюун нар айж байв. Зохицуулалт үгүй зах зээлийн эдийн засгийн бодлогоор орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлж болзошгүй гэж тэд маш их санаа зовж байсан юм.
Бүр 2-р сараас шинэчлэлийн хоёр бүлэг хоёулаа улс төрийн нам байгуулж эхэлсэн боловч гол удирдагчдын эв нэгдлийг бусниулаагүй юм. Бат-Үүл Монголын ардчилсан нам, Ганболд МҮДН байгуулсан. МҮДН нь л зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжинэ гэснийг эс тооцвол хоёр намын хоорондох ялгааг олж харахад хэцүү байв. Энэ үед бүүр хожим цоо шинээр байгуулагдсан МСДН өөр зүйлийг санал болгосон. Түүнийг үндэслэн байгуулагч, Нэгдсэн Вант Улсад бараг нэг жил болоод ирсэн Бат-Эрдэнийн Батбаяр (Баабар гэж олонд нэршсэн) ардчилсан шинэчлэгчдийн бүлгийг ерөнхий утгаараа дэмжсэн царай гаргаж байсан боловч нийгмийн хамгааллын тогтолцоог цааш авч үлдэхийг хүсдэггүй байлаа. Шүлэг бичдэг, бас болоогүй түүх сонирхдог санаатай, анхаарлын төвд байх дуртай, олон үгтэй дэмий донгосогч тэрээр МАХН, ЗХУ-ын авторитар дэглэмээс өөрийн социал ардчиллын брэндээ ялгаж харагдуулахын тулд Чингис хааны инээж байгаа хөргийг сонгуулийнхаа зурагт хуудсанд тавьж, Монголын аль хуучирч баларсан эх оронч үзлийг дөвийлгөн үүнээ хуульчлах гэж санаархана.
Урьд нь нэгдмэл байсан шинэчлэлийн хөдөлгөөнд ан цав гарснаас гадна шинэчлэгчид хөдөөгүүр дэмжлэг авах тал дээр бэрхшээлтэй тулгарсан юм. Ихэнх шинэчлэгчид хотоос гаралтай байлаа. Тэдний хүч Улаанбаатар болон үйлдвэрийн хотууд болох Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд төвлөрч байлаа. Тэдэнд хүн амын 35-40 хувийг эзлэх мал маллаж амь зуулгаа залгуулдаг малчдаас дэмжлэг төдийлэн хүчтэй ирээгүй юм. Жишээ нь МоАХ-ны анхдугаар их хурлын төлөөлөгчдийн 53 хувь нь сэхээтэн, 40 хувь нь ажилчин, дөнгөж 7 хувь нь малчид байсан бөгөөд 45 орчим хувь нь дээд боловсролтой байлаа. Энэхүү дутагдал нь нэг талаар МАХН болон төр засгийн эсрэг сөрөг хүчин зохион байгуулах хугацаа бага байсантай холбоотой бөгөөд хот суурин газарт анхаарах нь Монголын уудам нутаг дэвсгэрээр нэг тарж малчдад хүрэх гэж оролдохоос илүү үр дүнтэй, үр нөлөөтэй байв. Гэсэн ч тэдний дутагдлын өөр нэг шалтгаан нь малчдаас нийгмийн байдлын хувьд зайтай байсантай холбоотой юм. Цаашилбал аймгийн засаг дарга бүр МАХН-ыг дэмжиж, малчдыг дагуулж чадаж байв.
Шинэчлэгчдийн улс төрийн гэнэн байдал бэрхшээл дутагдалд нь нэрмээс болж байлаа. Тэдний дунд туршлагатай элит улстөрч арав хүрэхгүй байсан. Түүнчлэн шинэчлэгчид МАХН-ыг ялах кампанит ажил өрнүүлэх зохион байгуулалт байхгүй байв. Бүр ичгүүртэй нь тэд 7-р сард болох Хурлын сонгуульд бүрэн нэр дэвшүүлж чадахгүй байлаа. МАХН Хурлын 430 суудалд 430 нэр дэвшигч дэвшүүлж байсан. Шинэчлэлийн гурван нам нийлээд дөнгөж 346 нэр дэвшигч дэвшүүлсэн тул МАХН-ын 84 гишүүн ямар ч өрсөлдөгчгүй байлаа. Тэд илт сул дорой байсан хэдий ч сөрөг хүчний гол гурван нам хамтарч ажиллаагүй бөгөөд сонгуулийн кампанит ажлын зардлаа ч хамтран гаргаагүй. Тэдний чармайлтад ухаан дутагдаж байв. Ихэнх монголчууд МАХН-д дайсагнаж байгаа тул нэр дэвшигчид нь ялна гэж итгэж байсан.
7-р сарын сонгууль шинэчлэгчдийн урмыг хугалсан билээ. Тэд ийм их сул талаараа өөрөө өөрсдийгөө хорлочихоод ил давамгай ялна гэх найдлагагүй байв. Гэтэл сонгуульд үзүүлсэн амжилт нь бодсоноос ч долоон дор байв. Гарах үр дүн тодорхой байв: МАХН – 357 суудал, МоАН—16 суудал, МҮДН – 6 суудал, МСДН- 4 суудал тус тус авчээ. Тодорхой саналын хуудасны алдаа, тодорхойгүй байдал зэргээс болж нийт суудлын 8 хувь нь хоосон байлаа.
Орчин үеийн Монголын түүхэн дэх анхны чөлөөт сонгуульд МАХН ялалт байгуулав. Шинэ Хурал 1990 оны 9-р сард чуулж, МАХН даргаллаа. Гэвч шинэчлэгчид томоохон өөрчлөлт хийсэн билээ. МАХН-ын өөрчлөлтийг дэмжигчид олон хуучин удирдагчдын халааг авсан билээ. Аядуу үзэлт Пунсалмаагийн Очирбат Ерөнхийлөгч болсон бол Сүхбаатарын талбайн өлсгөлөнг зогсооход тусалсан гэж Дашийн Бямбасүрэн Ерөнхий сайд болсон. Үүний дараа удалгүй Бямбасүрэн шинэчлэлийн хөдөлгөөний нэг удирдагч Ганболдыг шинэ Засгийн газрын тэнхимийн чухал албан тушаал болох тэргүүн шадар сайдын албан тушаалд нэр дэвшүүлж шинэчлэгчдэд таалагдахыг оролдсон билээ.
ӨӨРЧЛӨЛТИЙН ДАРАА
Монголын сурвалжит элит давхаргын хөвгүүд, охид л авторитар тогтолцоог нураахад хүргэсэн хүчирхийлэлгүй хөдөлгөөнийг санаачилсан юм. Их төлөв сэхээтний болон мэргэжилтний анги давхаргаас гаралтай шинэчлэгчид ямар ч цэргийн хүчинг удирдаагүй бөгөөд хүчирхийллийн арга хэрэглэхийг эсэргүүцэж байв. Тийнхүү өөрчлөлтийн хөдөлгөөн нийгмийн давхаргын дээд хэсэгт үүсч нийгмийн пирамидын ёроолд байгаа хүмүүсийг хөдөлгөөндөө татахын тулд аажмаар өргөн олны байгууллага болж хувьсчээ. Эрх баригчид дарангуйлах арга хэмжээ аваагүй нь нэг талаар эсэргүүцэгчид элит давхаргад хамаарч байсантай холбоотой юм. Түүнчлэн коммунист Монголыг бараг далан жилийн турш голлон ивээн тэтгэж, хамгаалж ирсэн ЗХУ хүчирхийллийн арга хэрэглэхийг огтоос зөвшөөрөөгүй юм. 1980-аад оны турш аядуу үзэлтнүүд Монголын төр засгийн албан тушаалуудыг аажмаар эзэлсэн бөгөөд тэд хатуу чиг шугам баримтлагчдын санал болгосон хүчирхийллийн тактикийг эсэргүүцэж байв. Үр дүнд нь мухардалд оржээ. Төрийн хүчний байгууллага, эсэргүүцэгчдийн хооронд хүчирхийлэл гарвал Хятад цэргийн хүчээр оролцож магадгүй гэж айж болгоомжилсон тул эрх баригчид шинэчлэгчдэд дураараа байх бололцоо олгожээ.
Элит шинэчлэгчид төр засгийн шийдвэргүй байдлыг далимдуулж, хүчирхийлэлгүй аргыг үр нөлөөтэй хэрэглэж байв. Тэд эхлээд сэхээтний тусгаар бүлгээс зохион байгуулалтын тодорхой тогтолцоог бий болгож, дараа нь өргөн олны хөдөлгөөн болгон хувьсгаж, илүү тодорхой стратеги бий болгож, ажилчид, залуучууд, шашны удирдагчид зэрэг сэхээтний ба мэргэжилтний анги давхаргын гадна байсан бусад хүмүүстэй холбоо тогтоож, тэднийг хөдөлгөөндөө хамруулахыг эрэлхийлж байв. Тэд эрх баригчдыг хэлэлцээнд оруулахын тулд жагсаал цуглаан, өлсгөлөн, ажил хаях зэрэг хүчирхийллийн бус тактик хэрэглэж байв. Үүний зэрэгцээ тэд цөөн хэдэн лоозонгоор амархан илэрхийлж болох тодорхой, хүртээмжтэй сайтар хөтөлбөр боловсруулсан. Тэд төр засгаар буулт хийлгэж эхлэхдээ коммунизмын үед сөргөөр үзүүлж байсан үндэсний уламжлал (буддизм, Чингис хаан, үндэсний хувцас г.м), Оросын эсрэг хандлага хэмээн хориглогдож байсан эх оронч үзлийг онцолж үзэж байв.
Гэвч шинэчлэгчид хоёр зүйл дээр алдсан юм. Нэг нь тэд санаачлан зохион байгуулсан жагсаал цуглаан, өлсгөлөн дээрээ цугласан олныг удирдан хянах зүй зохистой систем хөгжүүлээгүй. Цугласан олны дунд жижигхэн үймээн дэгдэхэд л цагдаа, хамгаалалтын албаныхантай мөргөлдөхөд хүргэж байсан бөгөөд элит шинэчлэгчид хүчирхийлэлд өдөөн хатгасан үйлдэлд эмзэг байв. Тэдний хоёр дахь сул тал нь төр засгаар хамгийн чухал буулт хийлгэхийн өмнө хүртэл эв нэгдлийг хадгалуулж чадаагүй явдал юм. Тэд улс төрийн хэт олон нам байгуулагдахад хяналт тавьж чадалгүй, улмаар Монголын түүхэн дэх анхны чөлөөт сонгуульд ялагдахад хүрсэн.
МАХН-ын хууччуул хүчтэй хэвээр байсан бөгөөд далан жилийн ноёрхлын түүхэндээ анх удаа эсэргүүцэлтэй тулгарсан нь тэр байв. Хуучин коммунист удирдлагынхан болон тэдний залуу халаа нь энэ үед ардчилсан элит шинэчлэгчид болон цэвэр зах зээлийн эдийн засгийн талынхан гэсэн шинээр гарч ирсэн хоёр талтай хоёулантай нь зөвшилцөлд хүрэх шаардлагатайг ойлгож хүлээн зөвшөөрсөн. Тэд мөн өөрсдийнх нь эрх мэдэл аажмаар хумигдаж байгааг ч мэдэж байв. Гэсэн ч тэд улс төрийн эрх мэдлээ хадгалж, коммунизмын үеийн нэгдэл, улсын үйлдвэр, нийгмийн халамжийн бодлогоо хэвээр үлдээхийг эрэлхийлж байлаа. 1990-ээд оны турш тэд ялах найдваргүй тэмцэл өрнүүлж байв: Тэд хувьчлалаас зайлсхийж чадаагүй бөгөөд төр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөтөлбөртөө зарцуулдаг хөрөнгөө танасан билээ. Гэхдээ 2004 он гэхэд тэд томоохон цөөнх хэвээр үлдсэн бөгөөд ардчилсан шинэчлэгчид болон цэвэр зах зээлийн бодлогын талынхан хоёрын аль алин нь алдаа гаргангуут нь далимдуулахаар зэхээстэй.