Categories
мэдээ цаг-үе

Төсвийн орлого долоон татвараар нэмэгдсэн, харин иргэдийн амьдрал сайжирсан уу

Холбоотой ЗурагМонголчууд “Чингис” бонд гаргаснаар их хэмжээний өрөнд орсон тухай жил гаруй шуугиж байна. Харин энэ шуугианыг түгээсэн Засгийн газар огцорлоо. Засгийн газар огцрох нэг шалтгаан нь сайд нартаа их хэмжээний үнийн дүнтэй концессын гэрээ олгосон хэрэг. Нөгөө хоёр асуудал нь хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, татвар нэмсэн шалтгаан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрохын өмнө УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ” гэж мэдэгдсэн. Их хэмжээний мөнгөтэй болсон тул хүүхдийн мөнгийг төсвийн тодотгол хийлгүйгээр олгосон бололтой юм. Сайд нартаа олгосон тендерийн хувьд түүний Засгийн газар биш өмнөх Засгийн газар шийдсэн аж. Хэрэв түүний хэлсэн үгийг анзаарвал сонгуулийн дараа манай валютын нөөц тэрбум байсан, төсвийн орлогоо эхний зургаан сард 330 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Төсвийн орлог гэдэг нь татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн орлогоос бүрддэг. Тэгвэл эхний ээлжинд өнгөрсөн оны мөн үеийнхээс 330 тэрбум төгрөгийг Засгийн газар бидний халааснаас авсан болж таарна. Мөн татварын албанаас улсын татварын орлого 700 шахам тэрбум төгрөгөөр давж биелсэн тухай мэдээлсэн. Сүүлийн хэдэн жилд төсвийн орлого ингэж ихээр нэмэгдсэн тухай мэдээ гараагүй.

Гэтэл төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр татвар нэмэгддэг хачин тогтолцоо манай улсад үйлчилж эхэлж байна. ОУВС-тай тохирсон гэрээгээр Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Үүнээс гурав нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Тэр нь суудлын автомашины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогод ногдох татвар 170 тэрбум төгрөг, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмсэн. Тэгвэл тамхины онцгой албан татварын бүрдэлт 14.9 тэрбум, 40 гаруй тэрбум төгрөгөөр давж, 438 тэрбум төгрөгт хүрсэн нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдлыг нэг талаар илтгэж буй. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны татвар 416.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Эхний зургаан сард төсөвт гурван их наяд төгрөг төвлөрчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр орлогод тооцогдоно.

Гэтэл 2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүрээс авах хэмжээг нэмэгдүүлснээр 293 тэрбум төгрөг төсөвт орно. Мөн суудлын автомашины онцгой албан татварыг нэмснээр 33.8 тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх нь. Тамхины татвар 20 тэрбумыг босгоно. Иргэдийн хадгаламжинд татвар ноогдуулж 43 тэрбум төгрөгийн орлого олно.

Бас нэг сонирхолтой тоо бол өнгөрсөн оны эцсээр түлшний үнийн татварыг хоёр удаа бууруулсан. Үүнээс болж төсөвт орох орлого 210 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ алдагдлаа нөхөхийн тулд буцаагаад бууруулсан хэмжээгээ нэмнэ. Манай Засгийн газар өмнөх бууруулсан татвараа нэмсэн ч энэ салбараас орох орлого 120 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоо гаргасан аж. Зарим эдийн засагчдын тооцоолсноор Засгийн газар нэмэгдсэн долоон татвараас гурван жилийн турш 500 хүрэхгүй тэрбум төгрөг олно. Жилд 100 гаруйхан тэрбум төгрөг.

Гэтэл Засгийн газрыг огцруулах томоохон шалтгаан болсон концессын гэрээ нь хэдэн төгрөгийн өртөгтэй вэ. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт 2016 оны наймдугаар сарын 17-нд “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байх үүрэг өгчээ. Гэтэл 2016 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Төсөл хэрэгжүүлэх тухай” 180 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарт зургаа, зам тээврийн салбарт дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр жагсаалт гаргасан аж. Тэдгээр төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлж, гүйцэтгэгч нартай 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгажээ. Энэ нь нийтдээ 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил юм.

Зарим мэдээллээс харвал гэрээ нь багагүй хар дагуулна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын “МАК” компанитай шууд гэрээ байгуулсан 78.7 тэрбум төгрөгийн өртөгтэй. “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл” нэртэй төсөл. Энэ нь Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчинд холбох зорилготой. Мэдээж хөдөөгийн хоёр сумыг цахилгаантай холбох ажлыг хэн ч эсэргүүцэхгүй. Гэвч дээрх сумдыг эрчим хүчээр холбох ажлыг 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр барьчихсан гэдэг мэдээ бий. Харин өнөөг хүртэл тодорхойгүй шалтгаанаар сумдыг эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй байна. Энэ төслийн хөрөнгийн эргэн төлөлтийг 2018, 2019 онд хийхээр гэрээнд тусгажээ.

Асуудал үүсгэсэн бас нэг гэрээ бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай хамааралтай аж. “Засагт чандмань майнз” ХХК-тай байгуулсан энэ гэрээ 87 тэрбум төгрөгийн өртөгтэй. “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл. Зам бариад хэзээ ямар ашиг олох, стратегийн ач холбогдлын тухай мэдээлэл байхгүй энэ концессын эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгана.

Мөн УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогтын компани 77 тэрбум төгрөг хүртэнэ. Түүний “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессын гэрээтэй. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Энэ гэрээг Засгийн газрын тогтоолыг зөрчиж 2018 болон 2019 онд эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр байгуулсан байна.

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг мөн л концессоор гүйцэтгэхээр болжээ. Төсөвт өртөг нь 211.3 тэрбум төгрөг. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллана.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тендертэй нэр холбогдох болсон шалтгаан нь тойрогтоо авсан 26 тэрбумын концесс. Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм. Төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг.

Нийт өртөг нь 700 тэрбум гэж яригдаж байгаа төсвөөс гадуурх гэж шуугиан тарьсан концесст доорх төслүүд хамрагдаж байна.

“Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц”-ын төсөл,

“Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэл”-ийн төсөл,

“Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 56.6 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Дархан, Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийн боловсруулах, барих, шилжүүлэх” төсөл,

“Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг”-ийн барилгын ажил багтжээ.

Дээрх баримтуудаас харахад төр мөнгөгүй биш, мөнгөлөг байгаа нь харагдана. Засгийн газар ард иргэдийг бүсээ чангалах тухай уриалдаг. Гэтэл Засгийн газрын орлого ихээр нэмэгдсэн. ОУВС их хэмжээний мөнгө өгч байгаа. Татварыг ихээр нэмсэн. Энэ арга хэмжээг аваад иргэдийн амьдралд наалдсан зүйл алга. Гэтэл хэдхэн сайд нийт иргэдийн гурван жил төлөх нэмэлт татвараас хоёр дахин их мөнгийг концесс нэрээр авсан байх юм. Мөн татварын нэмэгдэл ч удахгүй иргэдийн амьдралд нөлөөлнө. Харамсалтай нь Засгийн газраас эдийн засаг гайхалтай сэргэж байгаа мэдээлсээр… Хэний амьдрал сайжирч хэний амьдрал уруудаж байгааг Долоон буудлын Должин эмээгийнд очилгүйгээр харчих боломж Засгийн газрын мэдээлэлд л байна.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *